Их суваг (Хятад)
Их суваг (ханз: 京杭大运河; Пиньинь: Jīng-Háng Dà Yùnhé) нь 1276-1293 онд Хубилай сэцэн хааны зарлигаар Дайду хотыг өмнөд Хятадын Ханжоу хоттой суваг татан холбосон, дэлхийн хамгийн урт усан суваг юм.
Түүх
засварлахУг сувгийг эртний Хятадын Хавар-Намрын үе, Сүй, Тан улсын үед хоорондоо холбогдоогүй хийгдсэн хэд хэдэн хуучин сувгийг сэргээж, шинэ газрыг малтан холбож, усаар дүүргэснээр байгуулсан. Их сувгийн өмнө талын зарим сувгийн хамгийн эртнийх нь НТӨ 5-р зуунд У, Юэ вант улсын үед холбогддог бол, Сүй улсын Янди хааны үе НТ 609 онд Жяннань мужийг тухайн улсын нийслэл Луоян хот, Луоян хотоос Бохай тэнгистэй холбох суваг малтан холбож байсан нь Тан улсын үед ашиглагдаж байсан. Сүй, Тан улсын энэхүү сувгийг төрийн мэдлийн амуу будаа тээвэрлэх, Кугурёгийн эсрэг дайнд цэрэг зэвсэг тээвэрлэх, хувийн худалдаачид бараа зөөх зэрэгт ашиглаж байсан.
587-609 онд Сүй улсын их сувгийн ажил бүрэн дуусч, Жяннань мужийн Янжоу хотоос баруун хойнох Луоян хоттой холбосныг Тонжи суваг (уламж: 通濟渠, хялб: 通济渠, Tōngjì Qú), Янжоу хотоос Ханжоу хот хүртэлх сувгийг Жяннань суваг, харин Луоян хотоос зүүн хойш Бохай тэнгист хүрсэн сувгийг Ёнжи суваг (уламж: 永濟渠, хялб: 永济渠, Yǒngjì Qú) гэдэг байсан. Тонжи суваг, Ёнжи суваг нь Сүй, Тан улсын үед хоорондоо хэзээ ч холбогдож байгаагүй. Тан улсын хөгжил цэцэглэлтэд Сүй улсын үед хийгдсэн усан суваг нь тус хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байсан.
Юань Улсын үе
засварлахИх Монгол Улсын Хубилай хааны зарлигаар 1280-аад оноос Дайду хотын хүнс, худалдааны хомсдол шийдэхийн тулд өмнөд Хятадын Жяннань нутгаас усан суваг татахаар шийдэж, эртний Тан, Сүн улсын үед ашиглаж байгаад хаягдсан сувгийг сэргээхдээ, Ёнжи суваг, Тонжи сувгийг Шаньдун муж дагуух газраар хэд хэдэн суваг татаж холбох ажил эхлүүлсэн. Энэхүү байгууламж нь одоогийн Хэбэй, Шаньдун, Жянсү, Жөжян мужуудын нутгаар дамжихдаа, Хатан гол, Хайхэ, Хуайхэ, Чанжян, Чяньтанжян зэрэг таван голыг дамжин урсдаг, нийт урт 1790 км. Их сувгийг байгуулахдаа 1281-1283 онд Жижоу голын суваг, 1289 оны 1 сараас 6 сарын хооронд Хүйтун голын суваг, 1291-1292 онд Тунхуй голын усан сувгийг тус тус малтан тэдгээрийг хооронд нь холбосон. Энэ сувгийг байгуулснаар нийслэл хот руу илгээх амуу будаа, давсны тээвэр, худалдаа арилжаа, цэрэг зэвсэг, энгийн иргэдийг тээвэрлэх зэргийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байсан.
Мин, Чин улсын үе
засварлахМин улсын Юнлэ хаан нийслэл хотоо Нанжингаас Бээжин рүү шилжүүлэхтэй холбоотойгоор, 1411-1415 оны хооронд тус сувгийг 165,000 хүний хүчээр зассанаар жил бүр 4 сая дань (428 сая литр) будааг өмнөдөөс Бээжин рүү тээвэрлэх болсон. Улмаар Манжийн Чин улс уламжлан ашиглаж, жил бүр 8000 гаруй завь, онгоцоор 4-6 сая дань (240,000-360,000 тн) будаа тээвэрлэж байгаад 1850-иад оноос Хятадын Тайпингийн бослогоос болж эвдэрч гэмтэх, мөн далайн шинэ тээвэр нэвтэрч, Бээжин-Ханжоугийн төмөр зам, Тяньжин-Пукоугийн төмөр зам тавигдсан зэргээс болж, их сувгаар дамжих тээврийн хувь хэмжээ буурчээ.
2008 онд ЮНЕСКО-гоос соёлын өвийн жагсаалтад Их сувгийн нэг хэсэг Жөжяны Зүүн сувгийг, 2014 онд Бээжин-Ханжоугийн Их сувгийг тус тус нэмсэн.