Инанч Билгэ хан

(Инанча билгэ хан-с чиглүүлэгдэв)

Инанч Билгэ хан (ханз: 亦難赤汗; пиньинь: Yìnánchì Hàn) бол 12-р зууны сүүл үеийн Найман аймгийг захирч байсан хан цолтон юм. Түүний нэрийг Судрын чуулганд Энят хан, Инанч Билгэ Буку хан[1] гэсэн байдаг. Таян хан, Буюруг хан нарын эцэг.

Тэр бол Найман аймгийн Гүчүгүт овгийн хүн. Тэрээр ах Наркыш Таянгийн хамтаар Киргиз аймгийг довтлон ялж, олз ашиг ихээр цуглуулсан ч, түүнийгээ хуваахдаа муудалцан ахтайгаа дайтаж, Найман аймаг хоёр хуваагдаж байжээ. Найманы ханлиг нь зүүн талаар Хэрэйдийн ханлигтай хиллэж байсан тул үе үе байлдаж байв. 1196 онд Хэрэйдийн Тоорил хан өөрийн дүү Эрх Харыг алахаар зэхсэнд зугтаж, Найманы Инанч ханд очив. Хариуд нь Инанч Билгэ хан Эрх Харыг өмгөөлөн, цэрэг удирдуулан Хэрэйд рүү илгээхэд, Тоорил хан зайлан зугтаж, 2 жил илүү хугацаанд Хар Кидан, Тангуд, Уйгураар хэрэн тэнэж байгаад Монголд ирж, Тэмүүжин ханы тусламжтайгаар Найманыг ялж, Хэрэйд улсаа буцаан авчээ. Энэ явдлын дараа Инанч Билгэ хаан өөд болсон бололтой. Түүний ууган хөвгүүн Байбуха (Тайбуха) бага хатан Гүрбэсүг нь өөрийн хатан болгон Таян хан цолтойгоор өвөр Найман улсыг, Буюрук дүү нь ар Найман улсыг захирч эзэн сууж, Найман аймаг хоёр хуваагдсан.

  1. Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Дэд боть. т.100