Идэр сум нь Завхан аймгийн 24 сумын нэг нь юм. Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш, Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу сумдтай хиллэн, Хангайн нурууны баруун хэсгийн араар уулын царам өндөрлөг газар, Идэрийн голын эхэн биед оршино.

Идэр сум
ᠢᠳᠡᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Сумын төвЗуунмод
Газар нутаг
  Нийт3,800 км2 (1,500 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,530
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалDwc

Сумын төв нь Зуунмод (48°13′13″N 97°22′40″E), аймгийн төв Улиастайгаас 78 км, Отгонтэнгэр уулаас 65 км, Улаанбаатар хотоос 920 км зайтай оршино.

Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай гэсэн дөрвөн баг, 800 гаруй өрх, 3 мянга орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай. Гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй. Тус нутгийн уугуул олон өрх айл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улиастай зэрэг төв суурин газарт тархан суурьшсан байдгаас нэлээд нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг.

Газар зүй

засварлах

Хөрш сумууд

засварлах
Тэлмэн сум
Яруу сум   Тосонцэнгэл
Алдархаан сум/Улиастай хот Отгон сум

Идэр сум нь 3,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нутгийн 14,5%-ийг ой мод эзэлдэг. Дунджаар далайн түвшнээс 2000-3000 м өндөр өргөгдсөн уулын болон ойт хээрийн бүсэд багтдаг.

Тус сум нь нутгийн өмнөд хэсгээрээ Хангай нуруу, түүний салбар Тарвагатайн нурууны өндөр уул нурууд, тэдгээрээс эх авсан Идэр, Тэгш, Туна, Жаргалант, Загастайн голын дагуу хөндий тал үргэлжилсэн үзэсгэлэнт сайхан нутагтай. Тус сумын Ямаат, Жаргалант, Туна, Идэр зэрэг голуудын эхэн хэсгийн нийт 164,5 мянган га газар Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газарт багтдаг.

Цаг агаар

засварлах

Эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хамгийн дулаан нь +32°С хэм, хүйтэн нь -52°С хэм хүрдэг. Зун нь богино, өвөл нь урт. 6 болон 8-р сард гэнэтийн цочир хүйтрэл болох нь бий. Жилийн ихэнх хугацаанд баруун хойноосоо салхилдаг. Жилд дунджаар 216 мм тунадас буудгийн ихэнх нь 7, 8, 9-р сард унана.

Амьтан ургамлын аймаг

засварлах

Энэхүү нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Ойд Сибирийн шинж голлодог. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, нохойн хошуу, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг эмийн ургамал, ботуул, борог, агь, ерхөг, хялгана, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой, гишүүнэ, чонын хэл зэрэг жимс, жимсгэнэ ургана.

Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хадран зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.

Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Тарвагатайн хяр, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Тэмээн сэрвэн, Билүүт, Жаргалантын уулс болон Тунын нуруу, Баруун, зүүн, дунд эхний уулс буюу гурван эх, Гурван ногоон, Гурван номт, Уран мандаа, Манхан, Мануустай, Нэрст хавтгай, Гүнгэрваа, Манханы сугын Зүрх, Бургасны энгэр, Хавхааст, Овооны энгэр, Хавчиг, Цул, Хөх чулуун даваа, Цагаан чулуут, Хөх чулуут, Босгын шар нуруу зэрэг уулс, Ембүү толгой, Намын адаг толгой, Талын толгой, Шургахын улаан үзүүр, Мандал толгой, Хар нүдэн зэрэг толгод, Төмөртий, Цоорт, Загастай, Шургах, Номхон зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн Унцны рашаан, Өвөрбулаг, Ар булаг, Шургахын Баян булаг, Хөв хар ус, Тунын хар ус, Номтын сайр, Хавчиг зэрэг 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.

Сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэлх зай нь 70-90км орчим байдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өлзийт өндөр уул (Тунын Гялгар) 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868м.

Мөнхүү энэ нутаг нь Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг [Идэр гол]]ын эх нутаг учраас Идэр хэмээн нэрийдсэн байна. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй бөгөөд алдарт Загастайн даваа нь тус сумын нутагт байдаг.

Завхан аймгийн Идэр сумыг 1931 онд Монгол улсын засаг захиргааны шинэчилсэн хуваарийн дагуу Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошууны Чандмань сум, Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэр цэцэрлэг сум хоёрыг нэгтгэж одоогийн сумын төв байрлаж байгаа Дайргатын буланд төвтэйгээр Завхан аймагт харъяалуулан байгуулжээ.

Идэр сумын одоогийн эдэлбэр газар нутагт анх засаг захиргааны бие даасан нэгж бий болсон нь 1807 онд байгуулагдсан Хамба хутагтын шавь юм.

1807 онд Манж Чин улсын Сайшаалт ерөөлт хааны зарлигаар Хамба хутагтад тамга олгон Сайн ноён хан аймгийн Далай (чойнхор) вангийн хошуу буюу Халхын умар замын дундад дахь зүүн этгээд (одоогийн Архангайн Тариат, Цахир, Хөвсгөлийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр зэрэг хэд хэдэн сум), тус хошуунаас 1739 онд салж гарсан Баатар бэйлийн хошуу (Бирваа бэйс) буюу Халхын умар замын баруун этгээдийн адгийн хошуу (одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сум)-аас нутаг таслан өгч шавь захируулжээ. Хамбын шавь нь Идэрийн голын эхэн биед баруун ба баруун урд талаараа Сайн ноён хан аймгийн Улиастайн цэргийн хүрээний газартай, хойд, баруун хойд талаараа Засагт хан аймгийн Цогтой гүний хошуу, зүүн хойд, зүүн талаараа Сайн ноён хан аймгийн Баатар бэйл (Бирваа бэйс)-ийн хошуу, зүүн урд талаараа Далай (чойнхор) вангийн хошуутай зах нийлж байжээ.

1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын таг, дээд Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.

Хамба номун хан хутагтын шавь 1807 оноос 116 жил, Ялгуусан хутагтын шавь 1867 оноос 56 жил оршин тогтноод Ардын засаг 1923 онд хуучин төрийн байгуулалтын бүтцийг эвдсэнээр Хамба хутагтын шавьд Чандмань сум, Ялгуусан хутагтын шавьд Идэр Цэцэрлэг сум тус тус үүсч, тус 2 сум 1931 онд нэгдсэнээр Идэр нутгийн одоогийн эдэлбэр газрыг хамарсан засаг захиргааны нэгж дахин бий болжээ.

Энэ сумаас домогт Ялгуусан ба Хамба гэгээн хутагтууд төрөн гарсан байна.

Мөн Улсын арслан "урт гарт" хэмээх Лхагва, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Маамын Намбар, улсын заан "хулгар" хэмээх Вандангийн Дэндэв, улсын заан ах дүү Насангийн Вандан, Батбаяр, аймгийн хурц арслан Адиадаа хэмээх Дамдинсүрэн, Довчинбуугийн Дэлгэр, аймгийн арслан Данзангийн Батжаргал, н.Авирмэд, н.Лувсанпунцаг, П.Ганзориг, аймгийн заан З.Санжаа, П.Энхбаяр, аймгийн нэмэх начин О.Батжаргал нарын хүчит бөхчүүд төрөн гарсан билээ.