Жэк Ма
Ма Юн (хятад. хялбар 马云, пиньинь Mǎ Yún; 1964 оны 9-р сарын 10-нд төрсөн) илүү Жэк Ма нэрээр алдартай болсон "Alibaba Group" -ийг үүсгэн байгуулсан хятадын ажил хэрэгч хүн. Forbes сэтгүүлийн нүүрэн хуудсанд зураг нь хэвлэгдэн гарсан их газрын хятадын анхны бизнесмен. 2022 онд түүний хөрөнгийг 23,4 тэрбумаар үнэлж байсан байна.
Намтар
засварлахЖэк Ма БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод хөгжимчдийн гэр бүлд төрсөн байна. Тэрээр бага наснаасаа англи хэл сонирхож эхэлсэн бөгөөд хэлээ сайжруулахын тулд хот дотор гадаад жуулчдад үнэгүй хөтөч хийдэг байсан гэдэг.
Жэк Ма Их сургуульд элсэх шалгалтанд гурван удаа унасан байна. Тэрээр 1988 онд Ханжоу хотын Багшийн их сургуулийг англи хэлний ангийг бакалавр зэрэгтэй төгсөөд Ханжоугийн электрон үйлдвэрлэлийн дээд сургуульд англи хэл, олон улсын худалдааны багшаар ажиллаж, сард 12-15 долларын цалин авдаг байжээ. 1990-ээд оны эхээр тэрээр удаан хугацааны турш ажил олж чадахгүй байсан бөгөөд "KFC" түргэн хоолны газар ч менежерийн туслах ч болж чадахгүй байсан" гэж дурссан байна.
1995 онд тэрээр АНУ-ын Сиэтл хот руу худалдааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орчуулагчаар явсан бөгөөд тэнд түүнд Дэлхийн цахим сүлжээг үзүүлж танилцуулсан байна. Yahoo!-ийн хайлтаар Хятадын талаар шаардлагатай мэдээлэл бараг байхгүй байгааг харжээ. Өмнө нь компьютерийн талаар огт мэдэхгүй байсан Ма өөрийн интернет компанийг нээхээр шийдэж, эхнэр, найзынхаа тусламжтайгаар шаардлагатай хоёр мянган долларын анхны хөрөнгийг цуглуулжээ. Ма вэб сайтын компанийг "Хятадын шар хуудас" гэж нэрлэсэн байна. Түүний санхүүгийн нөхцөл байдал маш хүнд байсан тул тус компанийн оффис Магийн гэрт байрладаг байв. Гурван жилийн дараа тус компанийн орлого 5 сая юань (800 орчим мянган доллар) болж өссөн байна.
Тэрээр 1998-1999 онд БНХАУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны нэгж болох Хятадын олон улсын цахим худалдааны төвийг удирдаж байжээ. 1999 онд тэрээр төрийн албыг орхиж, 17 найзынхаа хамтаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн худалдааны платформ болох зорилготой "Alibaba Group"-г үүсгэн байгуулсан түүхтэй. Компанийг байгуулахад 60 мянган доллар зарцуулсан бөгөөд компанийхаа нэрийг аль ч хэлээр дуудахад хялбар болон эрдэнэсийн үлгэртэй санаа нэг тул ийм нэр сонгосон байна.
1999 оны 10-р сараас 2000 оны 1-р сарын хооронд "Алибаба" нийт 25 сая долларын венчур капиталын хөрөнгө оруулалт авсан ч алдагдал хүлээсээр байв. Тус компани Хятадын экспортлогчдод АНУ-д үйлчлүүлэгч олоход нь туслах системийг боловсруулсны дараа байдал өөрчлөгдсөн юм. 2002 онд тус компанийн ашиг эхлээд нэг доллар байсан бөгөөд түүнээс хойш өндөр хурдацтай өсч эхэлсэн байна.
2003-2005 оны хооронд тэрээр Taobao (eBay-ийн хятад хувилбар), Alipay болон Ali Mama компаниудыг үүсгэн байгуулжээ. Taobao-гийн гайхалтай амжилт (2006 онд eBay ашиггүй болж Хятад дахь салбараа хаахаас өөр аргагүй болсон) ба үүний дараа Таобаогийн хувьцаа өссөний дараа eBay компани Ма-д бизнесээ худалдаж авахыг санал болгосон боловч тэрээр татгалзсан байна. Үүний оронд Жэк Ма Yahoo-г үндэслэгч Жерри Янгын дэмжлэг авч 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт авчээ. 2012 оны 11-р сард Алибабагийн орлого 1 их наяд юаниас давсан байна.
2013 онд тэрээр компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиод 2020 оны 9-р сар хүртэл ТУЗ-ийн даргаар ажилласан байна.
2014 оны 9-р сард Алибаба Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар бэлтгэж байгаа тухай мэдээлсэн. Компанийн албан ёсны хэвлэлд мэдээлснээр 1 тэрбум доллар босгохоор төлөвлөж байсан боловч бодит хөрөнгө оруулалт эдгээр хүлээлтээс хол давж Алибаба 25 тэрбум доллар босгож, түүхэн дэх хамгийн амжилттай IPO болсон юм.
2020 оны 10-р сард Жэк Ма БНХАУ-ын санхүүгийн системийг эрс шүүмжилж, түүнийг шинэчлэх шаардлагтай гэж мэдэгдсэн. Тэрбумтны энэ үйлдэл Хятадын эрх баригчдад таалагдаагүй тул Алибаба групптэй зөрчилдөөн үүссэн байна.
Хүрсэн амжилтууд
засварлах- Хятадын төв телевизийн "Оны шилдэг бизнесийн удирдагч"-ын эхний аравт багтсан (2004);
- Fortune сэтгүүлийн "Азийн хамгийн хүчирхэг 25 бизнесмен"-д багтсан (2005);
- Businessweek сэтгүүлийн "Оны шилдэг бизнесмэн" (2007);
- Barron's (2008)-ийн дагуу "Дэлхийн шилдэг 30 гүйцэтгэх захирал"-д багтсан;
- Time сэтгүүлийн "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ийн нэгээр нэрлэгдсэн (2009, 2014);
- Businessweek сэтгүүлээс гаргасан "Хятадын хамгийн хүчирхэг хүмүүс"-ийн жагсаалтад багтсан (2009);
- Forbes China сэтгүүлээс гаргасан "Хятадын хамгийн хүндэт 10 бизнес эрхлэгч"-ийн нэгээр нэрлэгдсэн (2009);
- 2010 онд Форбес Ази сэтгүүлээс ядууст болон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалсан "Азийн буяны баатар" цолыг хүртсэн;
- Шинжлэх ухааны хүндэт доктор (Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, 2013);
- Тэрээр Forbes сэтгүүлээс гаргасан "дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн" жагсаалтын 30-д бичигдсэн (2014).