Жумбын Мягмарсүрэн

Жумбын Мягмарсүрэн нь Монгол Улсын гавьяат багш цолтой, сурган хүмүүжүүлэгч хүн.

Тэрээр 1951 онд Булган аймгийн Тэшиг сумын төвд төрсөн. 1963 онд Хутаг-Өндөр сумын 7 жилийн дунд сургуулийн долдугаар анги төгсөж, 14 насандаа өөрийн төрөлх сургуулиасаа бага ангийн багшийн гараагаа эхлэн өнөөдрийг хүртэл боловсролын байгууллагад багш, хичээлийн эрхлэгч, захирлын ажлыг хийж яваа.

Жумбын Мягмарсүрэн нь 1974 онд Багшийн сургууль, 1984 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус төгсөж, 2005 онд Бельгид төвтэй Олон Улсын Боловсролын Менежментийн хүндэт доктор цол хүртсэн, мэргэжлийн “Зөвлөх” зэрэглэлтэй багш юм.

Багш Ж.Мягмарсүрэн 1964-1968 онуудад Булган аймгийн Хутаг-Өндөр суманд бага ангийн багшаар ажиллаж байх хугацаандаа 3 жил зуны амралтаараа Булган аймгийн хойд талын 5 суманд (Хутаг-Өндөр, Хантай, Уньт, Хужирт, Тэшиг) ажиллаж, бичиг үсгийн анхан шатны мэдлэггүй 20-45 насны нийт 300 гаруй хүнийг бичиг үсэгт тайлж уншуулж сургаснаар хөдөөгийн ард иргэдэд соёлын үрийг тарьсан гэж тухайн үеийн удирдлагуудад сайшаагдсан.

1968 онд 4 жил даасан анги нь Гэгээрлийн Яамны болон удаа дараагийн жилүүдийн үзлэг шалгалтуудаар дундгүй шалгагдаж, Монгол улсын анхны "Ангиа дундгүй сургасан багш", 1970 онд Хариу мэдээллийн картыг санаачлан багш нарын сургалтад тэргүүн туршлагыг нь нэвтрүүлсэн ба хөдөлмөрийн залуу аварга багш Тэргүүн туршлагын гэрчилгээгээр шагнуулж Улаанбаатар хотын Багшийн сургуульд сурах эрхийн бичгийг Гэгээрлийн яамны сайд Ишцэрэнгээс гардаж авч байсан.

Ж.Мягмарсүрэн нь 1971, 1975, 1977, 1981, 1989 онуудад Монгол Улсын заах аргын аварга багшаар 5 удаа, 1971, 1975, 1977 , 1981, 1989, 2004 онуудад Улаанбаатар хотын аварга багшаар 6 удаа тус тус шалгарч, бага ангийн болон гадаад хэлний агуулга арга зүйг боловсронгүй болгоход голлон анхаарч ажиллан амжилт гаргаж байсан төдийгүй англи хэлний болон бага ангийн багш нарт зориулан заах аргын зөвлөмжүүд гаргаж заах аргад нь тус хандив болж ирсэн.

Ж.Мягмарсүрэн нь 1993 онд анхны хувийн хэвшлийн ерөнхий боловсролын англи хэлний сургалттай “Хобби” сургуулийг, 1999 онд ерөнхий боловсролын сургалттай Англи хэлний “Кингс Кидс” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж ирлээ.

Ж.Мягмарсүрэн нь 1966-2002 онуудад зуны амралтаараа Булганы “Жаргалант”, Сөгнөгөрийн “Цагаан нуга” Улаанбаатар хотын “Нарс”, БХЯ-ны “Шонхор”, Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” зуслангуудад Пионерийн ахлах удирдагчаар 30 жил ажилласан. Ажиллах хугацаандаа 2001 оноос сагсан бөмбөг, англи хэлний зуны сургалтыг Монголд анх удаа хүүхдийн зуслангуудад санаачлан эхлүүлсэн нь өнөөгийн зуслангуудын суурь сургалт нь болон хэрэгжиж байна.

Ж.Мягмарсүрэн нь 1995-2002 оны зуны амралтуудаар БХЯ-ны Шонхор дахь 072-р ангийн бүх цэрэг, офицер нарт монгол бичгийн 108 цагийн хичээлийг зааж сургасан нь боловсролын салбарт төдийгүй БХЯ-д оруулсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа гэж тухайн үед үнэлэгдэж байлаа.

1998-2002 онуудад Монголын Үндэсний Телевизээр Монголд анх удаа англи хэлний хичээлийг хүүхдэд, хүүхдээр заалгах сургалтыг санаачлан, өөрийн охин Цэнддоогийн Хулангаар заалгаж, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд зайны сургалтаар 5 жил дараалан нийт 520 цагийн хичээлийг өөрөө удирдан Монголынхоо хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хэл англи хэлийг сурах идэвхийг өрнүүлсэн. Үүгээрээ Монгол телевизийн шилдэг нэвтрүүлгийн болон Оны шилдэг шагналыг авч байсан.

2007 онд БСШУЯамнаас зарласан 5-р ангийн математикийн сурах бичгийн номын уралдаанд тооны ном нь шалгарч, 5-р ангид үзэх эрхтэй сурах бичиг болсон.

Шагналууд

засварлах
  • 1969 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Тэргүүний Пионерийн удирдагч” цол тэмдэг
  • 1969 онд Засгийн газрын “Жуух” бичиг
  • 1973 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 1989 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Тэргүүний сэхээтэн” алтан медаль
  • 1993 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан
  • 2001 онд МЭХ-ны “Оны Тэргүүний сэхээтэн эмэгтэй” цол тэмдэг
  • 2004 онд 2003 оны “Оны шилдэг захирал” цол өргөмжлөл
  • 2004 онд Тэргүүний ажил хэрэгч сэхээтэн эмэгтэй
  • 2004 онд Монгол улсын гавьяат багш
  • 2005 онд Белгид төвтэй Боловсролын Олон Улсын Академийн “Хүндэт доктор”
  • 2006 онд УБ хотын “Хүндэт” тэмдэг болон Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн медаль
  • 2009 онд Хувийн хэвшлийн сургуулийн “Оны” шилдэг захирал
  • 2012 онд Хувийн хэвшлийн Холбооны дээд шагнал “Ачтан багш” цол тэмдэг
  • 2015 онд Булган аймгийн “Хүндэт Иргэн” цол тэмэг