Жамьянгийн Бунтар
Жамьянгийн Бунтар (Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт “Хажидын хаяа” гэдэг газар 1928 оны 3-р сарын 19-нд төрсөн- 1997 оны 7-р сарын 1-нд нас барсан) нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, кино найруулагч.
Жамьянгийн Бунтар | |
---|---|
Төрсөн | 1928 оны 3 сарын 19 Монгол улс, Говь-Алтай, Бигэр сум, Хажидын Хаяа |
Нас барсан | July 1, 1997 Улсын 2-р эмнэлэг | (69 насалсан)
Үндэстэн | Монгол |
Төгссөн сургууль | БХКУДС |
Ажил | кино найруулагч, зохиолч |
Эхнэр (нөхөр) | Жамцын Лхамсүрэн Пүрэвийн Долгорсүрэн |
Хүүхэд | Гарьд |
Намтар
засварлахЖ. Бунтар 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт “Хажидын хаяа” гэдэг газар төрсөн.
- 1938-1943 онд бага сургууль
- 1947-1950 онд Намын шинэ хүчний дээд сургууль
- 1959-1963 онд 3ХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд сургуулийг уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэжээ.
- 1945 оноос Говь-Алтай аймагт бага сургуулийн багш, аймгийн гэгээрлийн хэлтэст байцаагч,
- 1950 оноос МАХН-ын Төв Хороонд зааварлагч,
- 1952 оноос М3НН-т лектор, хэлтсийн эрхлэгч,
- 1955 оноос орлогч дарга, нарийн бичгийн дарга,
- 1963 оноос Монгол кино үйлдвэрт редактор, найруулагч, үйлдвэрийн дарга, ерөнхий найруулагчаар тус тус ажилласан.[1]
Гурван үеийн намтар
засварлахI.Өвгүүдийн талаар – Миний эцгийн эх Дашбал гэгч хүн байсан бөгөөд тэр хүн ядуугийн учир миний эцгийг нутгийн эмэгтэй Норжин гэгчид үрчлүүлжээ. Дашбал нь голдуу айлд зарцлагдах зэргээр амьдарч байжээ.
Норжин нь мал тарианы талаар ажиллаж амьдарч байгаад намайг гарахаас өмнө нас барсан юм гэнэ билээ. Эмэг эх Дашбэл 1956 онд нас барсан. Өвгүүдийн талаар өөр мэдэх, сонссон зүйлгүй.
II.Эцэг эхийн талаар – Миний эцэг Жамъян малчин эмэгтэй Дашбалын анхдугаар хүү болж 1908 онд төржээ. Эхийнхээ гар дээр өсөж байгаад нутгийн малчин эмэгтэй Норжинд үрчлэгджээ. Тэгээд Норжингийнхаа гар дээр өсөж мал маллах, тариа тарих зэрэг ажил хийж яваад 20 насандаа нутгийн эмэгтэй Цэвэлийн Янжмаатай гэр бүл болжээ. Ингэж толгой дааж амьдрах замд ороод мөн л мал маллах, тариа тарих ойр зуурын дарх хийх зэргээр амьдарч ирсэн байна. Миний эцэг эхийн амьдарч ирсэн зам нь тэр л үеийн жирийн малчны нэгэн хэвийн амьдрал байлаа.
Миний эцэг мяндаг тушаалгүй, хийдэд суудаггүй лам байгаад 1922 онд сайн дураараа хар болжээ. Миний эцэг 1943 оноос 1949 он хүртэл бага сумын мал эмнэлэгийн санитар, багийн худалдааны агент зэрэг ажил хийж байсан. Түүнд гавьяа, шийтгэл аль аль нь байхгүй. Цэргийн алба хааж байгаагүй. Одоо нийслэл хотод ажилгүй, миний дүү нарын хамт амьдарч байдаг. Миний эх Янжмаа 1947 онд өвчнөөр нас барсан. Ойрын хамаатнаас авга ах Дэмбэрэл, нагац эгч Намсрайжав нар Говь-Алтай аймгийн Бигэр суманд нэгдлийн малчин бөгөөд тус бүр гэр бүлтэй.
III.Миний өөрийн түүх – Би 1928 оны 3 сарын 19-нд одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт Хажидын хаяа гэдэг газар Жамъянгийн гэр бүлийн анхдугаар хүү болж төржээ. 10 нас хүртэл эцэг эхийн гар дээр өсөж байгаад 1938 онд тус суманд байгуулагдсан ардын сайн дурын бага сургуульд суралцаж байгаад дараа жил нь мөн аймгийн Чандмань сум дахь бага сургуульд шилжин суралцаж 1943 онд уул сургуулиа төгсгөж ирээд Улаанбаатарт багшийн сургуульд ирж суралцсан боловч өвчний учир хоёрдугаар ангиасаа гарч хөдөө нутагт акттай байгаад 1945 оны 7 сараас 1947 оны 6 сар хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын бага сургуульд багш хичээлийн эрхлэгч хавсарч хийж байгаад 6-р сараас 8-р сар хүртэл томилолтоор аймгийн гэгээрлийн хэлтэст байцаагчийн ажил хийсэн. Тэгээд намар нь намын шинэ дээд хүчний сургуульд орон 1950 онд төгссөн. 1950 оны 7 сараас 1951 оны 3 сар хүртэл намын төв хорооны үйлдвэр тээврийн хэлтэст зааварлагч, 1951 оны 3 сараас 1952 оны 8 сар хүртэл мөн газрын редколлект хянагч, 1952 оны 8 сараас 1955 оны 2 сар хүртэл Монгол – Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэгт лектор, зааварлагч, хэлтсийн эрхлэгч зэрэг ажлыг томилолтоор хийж байсан. 1955 оны 2 сараас 1959 оны 2 сар хүртэл Монгол – Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, орлогч даргын ажлыг сонгуулиар хийж явсан. 1959 оны 2 сараас 8 сар хүртэл кино-үйлдвэрт баримтат киноны редактораар ажиллаж байсан. Тэгээд Москвад киноны дээд сургуульд орж суралцсан. 1956-1957 онуудад соёлын төлөөлөгчөөр, соёлын хэлэлцээр хийхээр 2 удаа Зөвлөлт улсад явсан.
Би багшийн сургуульд байхдаа 1944 оны 3 сард МХЗЭ-д, Намын шинэ хүчний дээд сургуульд байхдаа 1948 оны 10 сарын 25-нд МАХН-д элссэн. 1955 онд эвлэлээс нас хэтэрч гарсан. Мөн 1948 онд үйлдвэрчний эвлэлийн гишүүн, цэрэгт явж байгаагүй. Нам, ард түмэнд харш ямар нэгэн хэрэгт оролцож байгаагүй.
Эцэг эхээс долуулаа төрснөөс нэг нь нас барж, одоо дүү Цэрэндулам Улаанбаатарт бага эмч, Ичинхорлоо Говь-Алтайд бага эмч хийдэг. Дүү Ядамдоржийгоо ээжийг нас бармагц айлд үрчлүүлсэн бөгөөд одоо Архустайн сургуулийн комбинатад багшилдаг. Дүү Намжил мөн энд хүүхдийн сүрьегийн больницад сувилагч хийдэг.
Өөрийн ам бүл 7. 1954 онд Улаанбаатрын харьяат Цамцын Лхамсүрэнтэй гэр бүл болсон. Одоо 5 хүүхэдтэй. Эхнэр Анагаах Ухааны дээд сургуульд деканы нарийн бичгийн дарга, 3 хүүхэд сургуульд, 1 хүүхэл яслид, хамгийн том нь цэрэгт, Солонго гэртээ байдаг.
Би өөрөө сургуулийн зуны амралтаар кино үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд 1961-62 онд ар гэрийн гачигдлаар сургуулиас чөлөө авч найруулагчаар ажиллалаа. 1965 онд кино үйлдвэрийн даргаар томилогдож 1968 оны 9 сар хүртэл ажиллаад одоо мэргэжлийнхээ ажил болох кино найруулагчаа хийж байна. 1967 онд Зөвлөлт улстай хамтарч хийсэн “Төгсгөл” киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Түүхээ үнэн зөв бичсэн Ж.Бунтар. 1968 оны 11 сарын 19.
Бүтээлүүд
засварлахУран сайхны кино
засварлах- Элбэг дээл - 1960 он - зохиол
- Төгсгөл - 1967 он
- Далайд дусал нэмэр - 1970 он
- Нар хиртсэн жил - 1974 он
- Эх бүрдийн домог - 1975 он
- Давааны цаана даваа - 1977 он
- Үүрийн цолмон - 1979 он
- Гэрлэж амжаагүй явна - 1981 он
- Гарьд магнай - 1983 он
- Газарчин - 1983 он
- Галын урсгал - 1985 он
- Ирж яваа цаг - 1986 он
- Тод магнай - 1990 он
- Булингар - 1992 он
- Халаасны өрөө - 1994 он
- Цэц магнай - 1995 он
Баримтат кино
засварлах- 1971 он Д.Сүхбаатар
- 1972 он Өнөөдрийн Төв аймаг
- 1972 он Ардын эрхт монгол улс
- 1979 он Хувьсгалт Афганистаны анхны баяр. Найруулагч – Ж.Бунтар, Ц.Наваан
- 1980 он Афганистан
- 1984 он Залуу Монгол
Найруулсан орчуулгын кино
засварлах- 1964 – Хүний төлөө
- 1970 – 042 хаана байна
- 1976- Тэд эх ороныхоо төлөө тулалдсан юм. 2-р анги
- 1977 – Бидний үүрэг хариуцлага
- 1978 – Сүүн цагаан сэтгэл
- 1978 – Чилийг нөмөрсөн шөнө
- 1978 – Кадкиныг бүгдээрээ мэднэ
- 1978 – Домогийн удиртгал
- 1979 – Дороос ирсэн дохио
- 1980 – Тавь дахь улирал
- 1980 – Сибирийн дууль 2-р анги
- 1980- Туршин нисэгч 1 , 2-р анги
- 1981- Хүн ба далай, 1982- Эргүүл
- 1982 – Хайр булаам бүсгүй
- 1983 – Хувираагүй сэтгэл
- 1983 – Дунд л сурвал боллоо
- 1983 –Женекийн танго
- 1984 – Анна Павловна 1,2 –р анги
- 1984 – Байлдагчийн сэтгэл
- 1984 – Серапим ба бусад хүмүүс
- 1985 – Аврал 1,2-р анги
- 1985 – Сингапур хүрэх багийхан
- 1986 – Хайрын дуудлага
- 1986- Түгшүүрт өглөө
- 1987 – Одессын баатарууд 2-р анги
- 1990 – Эртний уулсын домог
- 1990 – Алдагдсан тэвчээр
- 1991 –Царайлаг эр
- 1991- Зуурдын учрал
Дууны Шүлэг
засварлах- 1962 - Хөхөө гэрлэх дөхлөө
- 1968 - Нийслэл хүү
- 1977 - Дэгдээхэй нас
- 1981 - Гэрлэж амжаагүй явна
Дурсамж
засварлах“Нар хиртсэн жил” киноны зураглаач УГЗ , Төрийн шагналт , Зураглаач Луузаншаравын Шаравдорж дурсахдаа:
“ Ж.Бунтар гуай зураглаачийн шинэлэг санааг их дэмжиж зөвшөөрдөг. Уран сайхны кино бол бүх эвлүүлэг, зураг авалтын төлөвлөгөө бүгд бэлэн болж байж сая зургандаа гардаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нөхцөл байдалд тааруулан төлөвлөгөөний дагуу биш зураг бас авах тохиолдол их бий. Нар хиртсэн жил киноны тухайд Чулуун хүүгийн нэг план бий. Тэрийг орой авах ёстой байсан боловч надад олон төрлийн гэрэл байхгүй учраас цаад байгалийг гэрэлтүүлэж чадахгүй . Тэгэхээр зэрэг нар буугаад тэнгэрийн хаяа улайгаад ирхэд плёнкондоо тааруулаад авъя гэхэд Бунтар гуай ойлгож түүнд тааруулаж жүжигчнээ тавьж өгч байх жишээтэй. Ер нь найруулагч нар зураглаачийн ажлыг сайн ойлгож хамтарч ажиллавал зохиол номоор, кино бүтэмжтэй болдог.”
Кино найруулагч МУАЖ Гомбожавын Жигжидсүрэн дурсахдаа:
Энийг л нэг үзэгчдэд , ирээдүйд хэрэгтэй юм болов уу гэсэн бодол тээж явдаг. Нар хиртсэн жил бол ахуйгаараа тоглохоос гадна монгол үг хэллэгийн онцлогийг их сайхан харуулж хийж чадсан кино.
Урлаг судлаач , сэтгүүлч Дэмчигдоржийн Мягмарсүрэн дурсахдаа:
Их нийтэч зантай, тэгсэн мөртлөө өндөр шаардлага тавьдаг. Жүжигчдээ болон хамтран оролцож байгаа хүмүүсээ нэг зорилго санаанд нэгтгэж чаддаг.
МУГЖ Нацагдоржийн Батцэцэг дурсахдаа:
Би Газарчин кинон дээр морь малтай их харьцаж тоглодог. Тэр үед Ж.Бунтар найруулагч жүжигчинд тавих анхаарал, уран бүтээлийн баг доторх эв нэгдэл, хүмүүсийн ажиллах орчин нөхцөл, ойлголцох байдал маш их анхаардаг байсан. Жүжигчдийг хөгшин залуу гэж голдоггүй, бүгдийг ойлгомтой тайлбарлаж өгдөг.
СТА жүжигчин Бямбажавын Базаррагчаа дурсахдаа:
Миний жүжигчин болох замд нэлээн том түлхэц өгсөн. Би Ж.Бунтар найруулагчтай хоёр кинон дээр ажиллаж байхад цаг үеийн байдлыг их мэдэрдэг, жүжигчидтэй их нийтэч, гэхдээ зургийн талбай дээр өндөр шаардлага тавьдаг. Нэг их уурлаад байдаггүй, хэлсэн, гаргасан, тавьсан бүтээл нь гайхамшигтай болдог.
“Гарьд магнай МУСК”-ны Удвал буюу О.Уранчимэг:
Анх пробонд орход ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай “Аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ? Чи хаана өссөн, морь унаж чадах уу? Дээл өмсдөг үү” гээд энгийн зүйлүүд асууж байсан . Тэгээд л тэнцээд явахад Ж.Бунтар найруулагч “жаран ес”-тэй давхиж ирээд аав ээж хоёрт батламж өгөөд намайг авч явсныг мартдаггүй. Ерөнхий найруулагчийн гэргий П.Долгорсүрэн эгч намайг дэргэдээ авсан. Үндсэндээ би ерөнхий найруулагчийн гэрт хуваарилагдсан. Ижий ааваас минь батламжилж авсан учир намайг дэргэдээ авсан байх. Түүнээс эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн гэр тусдаа байна.
-Та хоёрын хоорондын харилцаа хөндий байна, бие биеэ хайр сэтгэлийн харцаар харахгүй байна, харц тулгарахгүй байна, чиний амны хайрцаг буруу уншигдаад байна, үгээ дутуу хэлж байна гээд зураг авалтыг цөөнгүй удаа зогсоож байсан. Ямар сайндаа Бунтар гуай уурлаад намайг буцаах дээрээ тулдаг юм. “Чи тоглож чадахгүй нь, буц” гэхэд нь миний санаа амарсан гэж жигтэйхэн. “Тэгье, би гэртээ буцъя, ямар сайн юм” гэж бодлоо. Тэгтэл “Харин чи Соёлын яамны энэ кинонд зарцуулсан нэг сая төгрөгийг төлнө дөө” гэдэг юм. Тэр үеийн сая төгрөг гэдэг чинь санаанд багтамгүй их мөнгө биз дээ. Тэр их мөнгийг төлөөд яаж буцах билээ. Соёлын яамны зөвлөлөөр миний дүр батлагдахад С.Удвал гуай, Э.Оюун гуай хоёр намайг ихэд дэмжсэн юм билээ. Бунтар гуай надад уурласан ч чамд сайн тал их байна гэсэн. Анагаахын оюутан гэдэг аливаад маш хариуцлагатай ханддаг, алдаагаа засах тэсвэр тэвчээр, сэтгэл зүйтэй гэдгийг дуулгасан юм.
-Ж.Бунтар гуай “Гарьд магнай”-н дараа хийсэн нэг кинондоо тоглооч гэж хэлж байсан. Тэр нь “Ирж яваа цаг” кино байсан санагдана. Сүүлд мань хүн бас хэлдэг байсан. Би чамайг түүхэн кинонд тоглуулна, дарьганга эмэгтэй гэж ямар байдгийг чамаар үзүүлнэ гэнэ. Харамсалтай нь тэр киногоо хийж чадаагүй байх. Надад Багшийн дээдийн киноны ангийн хуваарь өгч болох юм гэж хэлж байсан. Жүжигчин Н.Батцэцэг Их сургуулийн орос хэлний ангийн оюутан байхдаа “Эх бүрдийн домог”-т тоглоод дараа нь кино драмын ангид орсон. Ийм замаар чи явах уу гэхэд нь би зөвшөөрөөгүй.
УГЗ Зураач П.Цогзол:
1958 онд П.Цогзол Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн гуравдугаар курст сурч байхад шинэхэн оюутан Бунтар нэгдүгээр дамжаанд сурахаар ирж байсан. Өөрөөр хэлбэл бид хоёр нэг тогоонд чанагдсан “боорцгууд”. Хожим хамтарч “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” киног хийхдээ ёстой л гар нийлж ажилласан.Найруулагч Ж.Бунтар гуайн тухай ярихад хамтран ажиллаж байсан нөхөд нь “ноён нуруутай, чадалтай, хамт ажиллаж байгаа нөхдийнхөө төлөө бүхнээ зориулдаг, ямар ч асуудалд голтой ханддаг” гэсэн нэг л дурсамж ярих юм билээ. Мэргэжлийнх нь тухайд “Кино хийх бүрдээ ахиж байсан. Зарим хүмүүс нэг л байрандаа байгаад байдаг бол Бунтар мэргэжлийн жолоогоо чанга атгаж явсан хүн шүү. Ажлыг яаж ийгээд аргалах, халтуурдах гэдэггүй үнэн сэтгэлээс ханддаг. Мэргэжилдээ сэтгэлээсээ дурласан хүн. Дээр нь өндөр боловсролтой. Кино үйлдвэрийнхэн Бунтарыг Бунтарчук гэдэг байсан юм. Оросын нэрт найруулагч С.Бондарчук, Ж.Бунтар хоёр нэг багшийн шавь нар юм шүү дээ.
Гавьяа Шагнал
засварлах- Алтан гадас одон
- Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль
- Соёлын тэргүүний ажилтан
- 1990 онд БНМАУ¬ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол[1]
Дэлгэрэнгүй сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 "Жамьянгийн Бунтар". Татаж авсан: 2018 оны 3 сарын 31.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)