Жамбын Норовсамбуу
Жамбын Норовсамбуу (1943 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн- 2022 оны 5-р сарын 22-нд нас барсан)- Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, 1990-1992 онд Улсын Бага Хурлын болон 1992-2000 онд УИХ-ын гишүүн.
Намтар
засварлахЦаст буурал Сутайн өвөр бэлээр үеийн үед нутаглаж явсан Жамба хэмээх хүмүүний таван хүүхдийн дундах нь болж төрсөн. Балчир бага насаа эцгийн голомтод өнгөрөөж, сумын Дарви сумын бага сургууль, Ховд аймгийн арван жилийн I дунд сургууль төгссөн.
1965 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр, 1980 онд ЗХУ-ын Москва хотын Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна.
Ж.Норовсамбуу ажлын гараагаа 1965-1970 онд Дорнод аймгийн Баянчандмань суманд малын их эмчээр эхлүүлж, 1970-1975 онд Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, 1975-1978 онд Хэнтий аймгийн “Онон”сангийн аж ахуйн даргаар ажиллаж, залуу халуун насныхаа 13 жилийг Монголын дорнод бүс нутгийн хөгжлийн төлөө зориулжээ. Улмаар 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн үр тарианы сангийн аж ахуйн дарга, 1984-1986 онд Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1986-1992 он Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1992 оны I-VII сард Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2008 онд Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан байна.
Тэрээр ухамсарт амьдралаа Монгол Улс, Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан туршлагатайтай улстөрч, монгол төрийн тулхтай түшээ байв. Ж.Норовсамбуу залуу насны эрч хүч, эрдэм боловсролоо улс орны МАА, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт зориулж, Сэлэнгэ аймагт 1986-1992 онд ажиллах хугацаандаа улсын түүхэнд хамгийн их буюу 323.300 тонн ургац хураан авч байсан дурдах амжилт, дуурсах алдартай сайн удирдагч, манлайлагч байсан.
Тэрбээр улс төр, намын бодлогыг тусад нь салгах үзэл баримтлалыг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын Парламенaтын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан анхны парламентын гишүүн байв. 1992 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт МАХН-аас нэр дэвшиж, парламентын түүхэнд хамгийн өндөр хувь (83.5%)-иар сонгогдож байсан юм.
Шагнал
засварлахТүүний ажил хөдөлмөр, төр түмний төлөөх хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан, Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, Ардын хувьсгалын ойн медалиуд болон “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус хоёр удаа, мөн Сүхбаатарын одонгоор шагнуулж байжээ.