Дэгээхүүгийн Сүрьяа
Дэгээхүүгийн Сүрьяа (1918-1992) Монголын зохиолч, түүхч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
Намтар
засварлахД.Сүрьяа 1918 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошууны баруун урд, Хантайшир нурууны өвөрт Шинэ усны голын Хамхагтын өвөлжөөнд, малчин ард Дэгээхүүгийн 9 дэх, ихэр хоёр хүүгийн нэг болон төржээ. 1929 онд Хантайширын нурууны арын хүрээний тэнхим буюу шинэ засгийн анхны сургуульд элсэн суралцаж төгсөөд, улмаар 1934-1936 онд Улиастайн дунд сургуульд, 1936-1939 онд Улаанбаатар хотноо багшийн сургуулийг төгсгөөд 1939-1940 онд үлгэр жишээ дунд сургуульд багш, 1940 онд гэгээрлийн яаманд байцаагч, 1940-1942 оныг хүртэл Эвлэлийн төв хороонд сургууль пионерийн хэлтсийн эрхлэгч, Эвлэлийн төв хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Тэрээр 1942 онд сайн дураар цэргийн албанд орж, Монголын Нисэх хүчний нисэх курсийг дүүргээд, 1943-1945 онд ЗХУ-ын Чкаловын нэрэмжит нисэхийн дунд сургуулийг Борисоглебск хотноо сурч төгсөөд эх орондоо ирж, Нисэх хүчинд 1945-1951 оныг хүртэл нисгэгч, улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад нисэх хүчний албанаас чөлөөлөгдөн, 1951 онд багшийн дээд сургуульд элсэн түүхийн багш мэргэжлээр суралцаж 1954 онд төгссөн байна. Тэрээр 1951 онд Улсын багшийн Их Сургуулийн анхны хонхыг цохиж байжээ.
1954-1980 он хүртэл Дундговь аймагт Гэгээрлийн хэлтсийн дарга, Говь-Алтай аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, Говь-Алтай аймгийн 2-р нарийн бичгийн дарга, Түмэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн дарга, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуульд түүх, нийгэм судлал, хэл уран зохиолын багш, Говь-Алтай аймгийн Гуулингийн Услалтын системийн барилга угсралтын конторын даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарчээ.
Д.Сүрьяа нь өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амьдарч байгаад 1992 онд насан өөд болжээ.
Зохиол бүтээл
засварлахТэрээр 1936 онд Багшийн сургуулийн уран зохиолын дугуйлан, Эвлэлийн төв хорооны дэргэдэх залуу зохиолчдын дугуйланд суралцан, Ардын багш академич Дондогийн Цэвэгмидээр уран зохиолын онол арга зүйн үндсийг заалгаж байжээ. 1937 оноос "Миний нутаг", "Өвөл" шүлгүүд, "Очирбат" найраглал зэрэг шүлэг зохиолыг бичиж, 1940 онд Зохиолчдын эвлэлийн гишүүн болж зохиол бүтээл туурвихын зэрэгцээ, 1941-1942 онд анхны шог сэтгүүл "Хурц дөл" сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж, энэ сэтгүүлээс "Тоншуул" сэтгүүл төрөн гарчээ. Мөн 1950-иад оноос ардын аман зохиолын чиглэлээр аман яриа, хошин үлгэрийг судлан цуглуулж, түүврийг эмхэтгэн бэлтгэж, Говь-Алтай аймгийн "Алтайн хөгжил" сонины үйлдвэрт "Далан худалч бэлэн Сэнгэ" (1969 он), "Бадарчин Баадайн инээдэмт паян" (1970 он) хошин яриа үлгэрийн түүврүүдийг хэвлүүлжээ. Мөн монгол ардын туульс Гэсэр, Жангарыг судлан, орчин цагийн монгол хэлний шүлгийн хэлбэрээр, өсвөр үе хүүхдийн зохиол болгон бэлтгэсэн байна. Хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөн үүсэж байсан үеийн амьдралыг харуулсан "Гэрэл", "Шуурга" туужууд, "Шинэ одны гэрэл" дурдатгалууд, "Галууны дэгдээхэй" хүүхдийн зохиолын түүвэр, "Нэгэн зургийн учир", "Тэрэгчин" туужууд, "Говийн сайхан Гоогормаа", "Худгийн Дэмбээ", "Онгоц газардав" өгүүллэгүүд зэрэг олон зохиол бүтээл туурвижээ.
Мөн Эзэн Чингис хааны талаар судлаачдад асуудал дэвшүүлсэн "Чингисийн гурвалжин" (1989 он), "Чингис хааны хар цагааны дэнс" (1991 он) нийтлэлүүдийг бичжээ.
Шагнал, сонгуульт ажил
засварлах1992 онд Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал хүртсэн. Мөн "Бид ялав" медаль, "Байлдааны медаль", Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиуд, "Алтангадас" одонгоор шагнагдаж байсан. Д.Сүрьяа 1974 онд "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн" цол хүртсэн байна.
Улс нийгэмдээ тасралтгүй 46 жил ажиллахдаа Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны гишүүн, МАХН-ын 16 дугаар их хурлын төлөөлөгч, Ардын их хурлын депутат, Говь-Алтай аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүнээр 3 удаа, аймгийн АДХ-ын депутатаар 4 удаа тус тус сонгогдож байжээ.