Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орших театр юм.
Түүх
засварлах1950 оны 12-р сарын 30-ны өдөр тус театрын барилга ашиглалтад орж Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй.
МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 05-р сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор “Улсын Дуурь, Бүжгийн Театр”-ыг байгуулахаар шийдвэрлэж, 05-р сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ.
1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б.Смирнов “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С.Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн.
1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.
Тус театр байгуулагдсанаасаа хойш дэлхийн сонгодог болон үндэсний 58 дуурь, 58 бүжгэн жүжгийг тайзнаа тавьж, олон сая үзэгчдэд сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлжээ.
Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилууд болсон Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Бизе, П.И.Чайковский, В.А.Моцарт, Л.Минкус, И.Штраус, Г.Доницетти болон гадаадын бусад хөгжмийн зохиолчид, мөн өөрийн орны хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амьдруулсан.
Одоо УДБЭТ өөрийн тайзнаа жилд 100 гаруй тоглолт тоглож байгаа бөгөөд үүнээс 50 орчим дуурийн тоглолт, мөн тооны балетын тоглолт, 20 орчим концерт тоглож дэлхийн олон орны нэр хүндтэй театрууд, дуучид, удирдаач болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.
УДБЭТ нь нийслэл хотын төв талбайд оршдог бөгөөд партер, бэльэтаж гэсэн 2 давхартай, нийт 500 суудалтай бөгөөд жилдээ 50 гаруй мянган үзэгчдэд үйлчилдэг.
УДБЭТ нь 2017 онд гоцлол дуучид, найрал дуучид, балетын бие бүрэлдэхүүн, симфони найрал хөгжмийн нийт 200 орчим уран бүтээлч, захиргаа, санхүү, үйлдвэр тайзны болон маркетингийн албаны 80 гаруй ажилтнаас бүрдсэн, нийт 280 гаруй ажилтантай.