Башлуугийн Жамсранжав
Башлуугийн Жамсранжав (1884 оны 10 сарын 8-нд Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн- 1965 оны 4 сарын 7-нд Нью-Йорк хотод нас барсан) - Монголын шашин болон төрийн зүтгэлтэн. Монголын тусгаар тогтнолын зүтгэлтэн, шашны мяндагтан, хутагт. Таван настайдаа Диловын хувилгаанаар тодорч, шашны боловсрол эзэмшсэн.
Намтар
засварлахГарал
засварлахДилов хутагт Жамсранжав өөрийн намтраа дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээжээ. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-нд эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян-Айраг уулын өвөрт Онхот овгийн Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж тэрбээр намтартаа дурдсан байдаг. Эцгийнхээ "Башлуу" хэмээх нэрийн учрыг хутагт тайлахдаа нанхиадаар “па-ши-луу” буюу “наян зуу” гэсэн үг хэмээжээ.
Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай нутгалдаг байжээ. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Хэрүга Дэмчэг бурханы хувилгаан Диловын тавдугаар хойд дүрээр тодруулжээ. Энэ үеэс төвөд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ. Нэг шогол 36 үгтэй. Долоон насандаа тэрээр төвөд номоо монгол руу орчуулж. 12-тойдоо төвөдөөс монгол руу, монголоос төвөд рүү судар чөлөөтэй орчуулах болжээ.
Тэрээр долоон настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад үсгийн нэрийн хуудастаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.
Идэр нас
засварлахДилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ: Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байсан ажээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай зохиосон байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрбээр Баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.
1916 онд өмнө хязгаары, 1919 онд Тагна, Урианхайг тохинуулахад Хатанбаатарын цэргийн ламаар тус тус Дээрхийн Гэгээний зарлигаар морилж байсан байна. Дилов хутагт Жамсранжав баруун хязгаарыг тохинуулахад түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1923 онд Улиастайн сайдаар ажиллаж байлаа.
Түүнийг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Төвөдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Энэ цуурхал харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж, эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болсон нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно.
Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, хутагтын эх оронч-тагнуулчийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна.
1938 оноос эхлэн Дилов хутагт тагнуулын байгууллагаас үндсэндээ холбоогоо таслан хөндийрч, Хятадын гүн тийш амьдран суух болжээ. 1939 онд тэрээр Чунцин хотод суурьшсан бөгөөд мөн онд Япончуудын баруун сөнөдийн нутаг Бүтэмжийн говьд 1932 онд дүрвэн гарч нутаглаж байсан Ганжуурваа хувилгааны 100 өрх айл, Дархан бээлийн хошуугаар нутаглаж байсан Очирдарь хувилгааны 80 гаруй өрх айл нарыг цуглуулан 1941 /1939 гэж зарим эх сурвалжид/ онд "Дилавын хошуу"-г байгуулж даргаар нь Намсрайг, дараа нь Очирдор хувилгаан, Ганжуурваа хувилгаан нар ажиллаж байна.
Тэрээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж, төр, шашны үйлсэд оройлон зүтгэж байжээ.
Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.
Цагаачлан одсон амьдралын сүүлийн жилүүд
засварлахӨмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши /6 жил зөвлөх/, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой 1930 онд Бээжинд танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар 1949 оны 3 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хоёр монгол тусдахын хамт морилж, Балтимор хот дахь "Жон Хопкинс"-ийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд зөвлөх багшлаар ажиллаж АНУ дахь монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг.
1951 онд Вашингтоны их сургуулийн Алс Дорнодын тэнхмийн профессор Николас Поппе -гийн урилгаар Дилав Хутагт очиж, уулзалт яриа хийсэн байна. Тэр уулзалтад Паул Кирхофф нарын багш нар, өдгөө Висконсины Их Сургуульд багшилж буй Роберт Миллер нарын докторын оюутнууд идэвхтэй оролцож, олон асуулт тавьж байсан ажээ.
Хожим 1952 оны 11-р сарын 23-ны өдөр Нью-Жерси мужид цагаач халимагууд буддын сүм байгуулан нээхэд тэрээр хамба буюу ширээт ламаар залагдсан байна.
1960 онд Дилов хутагт “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ.
1964 онд Дилав хутагт бие нь чилээрхэж өөрийн ойр дотнын хэдэн хүнээ татаж авъя гэж АНУ-ын Засгийн газарт хандаж Дилав хутагтын өөрийнх нь шавь Жамбалдорж, Да лам Намжилдорж, Очир дарь хувилгаан, хутагтын отгон шавь лам Лувсанхайдав нарт урилга хүргүүлж АНУ-д очжээ. Бас хутагтын дагуул, бараа бологч гээд нэлээд хэдэн хүн очсон байсан.
Дилов хутагт Жасранжав 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотод 82 насандаа насан эцэслэжээ.
Тэрээр “Ар Монголын улс төрийн дуртгал” ном бичиж үлдээсэн нь Монголын түүхийн чухал баримт, судалгааны хэрэглэгдэхүүн болж байна.
Дурсгал
засварлах2014 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Нью-Йорк хотноо Монгол Соёлын Өвийн Сан, Монгол нийгэмлэгтэй хамтран Дилов хутагтын ойг тэмдэглэх хүрээнд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулсан.
2019 оны 12 дугаар сард Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаа Улиастай хотод болсон. Дилов хутагтын чандар буюу адистид их шүтээнийг Завхан аймгийн алдартны музейн Хутагтын танхимын төв гүнгэрваад хүндэтгэлтэйгээр залсан байна.
“Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг дилав хутагт Жамсранжав болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь нутаг тэмцэж явсан нэр, алдар гавьяа нь бүдгэрсэн бусад эх орончиддоо зориулан уламжлал болгон тэмдэглэж байна.
Эдүгээ Дилов хутагтын хойд дүр Халимаг улсад тодорсон бөгөөд Дилов хутагтын 14-р дүр Данзанламид юм. Тэрбээр улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхийн төлөө буян номоо зориулж явна.