Гурвансайханы нуруу
Гурвансайханы нуруу | ||
---|---|---|
Айлын баруун талаар (монгол гэрийн үүд өмнө зүгт хардгаас үндэслэв) Гурвансайханы нуруу | ||
Ноён оргил | Зүүнсайхан уул (2825 м) | |
Газар орон | Өмнөговь аймаг (Монгол Улс) | |
Салбар | Алтайн нуруу — Монгол Алтайн нуруу —— Говь Алтайн нуруу | |
| ||
Солбицол | 43° 38′ У, 103° 46′ З | |
Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар дахь элсэн манхан |
Гурвансайханы нуруу нь Монгол Улсын өмнөд хэсэгт Өмнөговь аймгийн нутагт оршдог нуруу.
Үлгэр домог, түүх шашдирт нэрээ мөнхөлсөн говийн сайхан хангай Гурван сайхны[1] сүрлэг уулс алсаас цэнхэртэн дүнхийнэ. Баруун, дунд, зүүн сайхан [2]хэмээн нэрлэгдэх 100 гаруй км урт, Говийн Алтайн нуруу[3]ны үргэлжлэл энэ сайхан хангай үржил шимтэй хөрстэй, ургамлын бүрхэвч нягт, ус булаг олон ёстой л ан амьтан, араатан жигүүртэн, хүн, малын идээшсэн сайхан нутаг.
Баруун сайханы уулс нь Баяндалай, Булган сумын нутгийн заагт оршог, бусад хоёр уулаасаа намхавтар, үнэмлэхүй өндөр нь далайн түвшнээс дээш 2511 метр, хамгийн урт нуруу юм.
Дунд сайханы уулс Баяндалай, Ханхонгор сумын нутагт орших бөгөөд 40 км урт, далайн түвшнээс дээш 2809 метр, хамгийн өндөр цэг Эрдэнэцогт 2824 метр юм. Энэ уулын оргил дээрээс аймгийн бүх нутгийн гуравны нэгийг эзлэх 10 сумын нутаг дэвсгэрийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг Их, бага Богд, Дэлгэрхангай зэрэг 200-300 км алслагдсан уул нурууд харагдана.
Зүүн сайханы уулс Баяндалай[4], Хүрмэн[5], Ханхонгор[6] сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 2800 метр, оргил нь болох Шант уул 2946 метр байдаг. Энд Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэрт зэрэг аянчин жуулчны сонирхлыг татсан үзэсгэлэнт байгальтай газрууд олонтой. Шант уулыг Өгэдэй хааны үеэс тахиж ирсэн эртний тахилгат уул юм.
Гурван сайхан[7] уулын сарьдаг өндөр оргилуудын 80-90 градус эгц цавчим хад асга тун сүрлэг. Энэ уулын бараг бүх жалга цэнгэг устай горхитой, эдгээрийн дотроос Баруун сайханы Гэгээд, Дунд сайханы Хавцгайт, Зүүн сайханы Дүнгэнээгийн задгай хичнээн гантай байсан ч ширгэдэггүй тул хүн, мал амьтаны ундаа болж мяралзана.
Ёл, Мухар шивэртийн мөс жилийн дөрвөн улиралд хайлахгүй байх нь сонин. Дунд сайханд Ямаат, Энгэр бүлээний дотрын өвчинд тустай хүйтэн рашаан байдаг.
Энэхүү үзэсгэлэнт нутгийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны зарлигаар байгалийн үзэсгэлэнт нутгийн хэв төрхийг хамгаалах зорилгоор “Дархан цаазат газар” болгож, 1999 оноос 4100 шоо дөрвөлжин километр талбай бүхний хэсгийг улсын хамгаалалтад авсан байна.
Зүүн сайханы уулыг зүсэн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу хавчил үүсгэсэн Ёлын амны дархан цаазтай газрын хил нь Улиастайн сайрын хавцлаас Ёлын сайрыг хөндлөн гарч Дэвсэг толгой, Дуслуур, Оюутын хөтөл, Хошуу овоо, Зааны овоог дайран Ёлын дуудлага, Индэрт, Дунд голын сайр, Мандал голын сайрын уулзварыг дайрч эхний цэг Улиастайн сайрын хавцал хүрч нийтдээ 6198 га талбайг эзэлнэ. Эхэн, төв хэсэгтээ 200 метр өндөр цавчим элгэн хадан ханатай, уулын тагт орсон борооны ус хавцалын эгц хадан дээрээс сацран буух дөрвөн хүрхрээ үүсгэн өвөл нь хөлдөөд цан хүүрэг савсуулсан байх нь үзэсгэлэнтэй.
Гурван сайхан уул нь ургамлын бүрхэвч нягт, үржил шимтэй хөрстэй, арцан ой жилийн дөрвөн улиралд торгоны дугуй хээ шиг ногоорон харагдах нь сайхан. Баруун сайхан модлог ургамлаар, Дунд сайхан бэлчээрийн ургамлаар, Зүүн сайхан эмийн ургамалаар илүүтэй. Улиас, далан хальс, тошлог, нохойн хушуу, бургас, элдэв төрлийн бут, тэсгэ, эмийн ургамал болох алтан үндэс, сэржмядаг, юмдүүжин, газрын хаг, ганга өвс, дэгд, бамбай, бивлэн, уулын сонгино, бэлчээрийн ургамал арвинтай.
Гурван сайхан ууланд ан амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтан элбэг. Энд аргаль, янгир, чоно, үнэг, мануул, суусар, өмхий хүрэн, туулай, ёл, бүргэд, тас, хойлог, ятуу, хэрээ, турлиах, хэдэн төрлийн болжмор, хулгана, зурам, бозлог хаа сайгүй тохиолдоно.
Баруун сайхан ууланд 2015 оноос хэдэн буга авчирч нутагшуулсан нв үр төлөө өгч эхэлсэн.
Эрт дээр үед говь нутагт заан, хирс, буга зэрэг амьтад байсныг гэрчлэх хадны зураг олон газар байхаас гадна Зүүнсайханы уулнаас бугын чулуужсан эвэр олдсон нь бас нэгэн баримт болн
Гурван сайхан уулын [8]тухай домгийг говийн ард түмэн эртнээс ярилцаж ирсэн түүхтэй. Энэхүү домгийг Өмнөгвь аймгийн төв номын сан[9], тус аймгийн Хөгжимт жүжгийн театр[10], Музей[11], Алтан говь телевиз[12] хамтран 2020 онд видео хэлбэрт оруулан олон нийтэд түгээжээ[13]. Мөн энэхүү домог нь Говийн арван домог номд багтсан бөгөөд энэхүү ном төв номын санд ганц хувьтай байсныг нь нийтэд зориулсан үнэгүй цахим номын сан болох mongolmedleg.org сайтад байршуулан уншигч олондоо нээлттэй болгосон юм[14].
Газар зүй
засварлахГурвансайханы нуруу нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Булган зэрэг сумдын нутгийг хамарсан нуруу юм. Энэхүү нуруу нь нэрэндээ орсон «гурван» нуруунаас бүрдэнэ. Эдгээрийг Баруунсайхан-, Дундсайхан-, Зүүнсайханы нуруу гэх бөгөөд хамгийн өндөр цэг нь Дундсайханы нуруун дахь Зүүнсайхан уул юм. Уулсын дундаж өндөр далайн түвшнээс дээш 2200-2600 метр өндөр.[15]
Уулс
засварлах- Зүүнсайхан уул (2825 м)
- Нэмэгт уул (2768 м)
- Хатан Сэврэй уул (2631 м)
- Тост уул (2517 м)
- Ноён Богд уул (2397 м)
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Өмнөговь аймгийн түүх: Дөтгөөр дэвтэр.- 2018.- 14-20х. https://umnugovi.lib4u.net/
- ↑ https://www.montsame.mn/mn/read/250763
- ↑ http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=15
- ↑ http://www.touristinfocenter.mn/cate1_more.aspx?ItemID=15
- ↑ "Archive copy". Archived from the original on 2019-03-06. Татаж авсан: 2022-10-22.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-10-22. Татаж авсан: 2022-10-22.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2022-10-22. Татаж авсан: 2022-10-22.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://tourism.omnogovi.gov.mn/news/2039[permanent dead link]
- ↑ https://www.facebook.com/umnugobi.nomiinsan
- ↑ https://www.facebook.com/mngovTeatr/
- ↑ https://www.facebook.com/profile.php?id=100057096774735
- ↑ https://www.facebook.com/altangovi15/
- ↑ https://www.facebook.com/watch/?v=3129991850390099
- ↑ "Archive copy". Archived from the original on 2022-10-22. Татаж авсан: 2022-10-22.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Өмнөговь аймгийн нутгийн танилцуулга[permanent dead link]