Галсан Гомбоев буюу Гомбын Галсан (1822-1863) -Оросын буриадын монголч эрдэмтэн, ардын уран зохиол цуглуулагч, орчуулагч.

Буриад гаралтай тэрээр 1822 онд Буриадын Өвөрбайгалийн хязгаарын Сэлэнгэ нутагт төрсөн (орчин үеийн уран зохиолд 1818 он гэж тэмдэглэсэн байдаг). Эцэг нь Атагановын казак цэргийн ангийн 5-р зуутын ахлагч байжээ. 1829 оноос Буддын шашны лам нартай дацанд суралцаж, 1834 онд Гэцул ламын зэрэг хүртжээ. 1834 онд Хамба ламын бичгийн хүнээр томилогдсон байна. Дацанд Төвд, Монгол хэл, Төвд анагаах ухааны үндсийг судалж байжээ.

1841 ондо Галсан Никитуевын оронд Казань хотын 1-р Гимназид сурсан байна. 1842 оны 6-р сарын 5-нд түүнийг Казань хотын 1-р гимназийн сурагчдын ахлагчаар томилсон байна. Гомбоев орос хэлийг маш хурдан сурсан бөгөөд 1842 оноос хойш их сургуулийн урилгаар монголч эрдэмтэн О.М.Ковалевскийн удирдлаган дор Казанийн их сургуулийн Дорно дахины факультетийн монгол хэлний тэнхимд монгол хэлний багшаар (төрөлх хэлээр) ажиллаж байжээ.

1844 оны 10-р сарын 31-нд тэрээр Казань хотын гимназид шударга журам, хичээл зүтгэлийн төлөө Анненская туузан дээрх алтан медалиар шагнагджээ. 1847 онд Халимаг руу аялал хийсэн. 1850 онд түүнийг Казанийн шашны академид урьж, сонсогч нарт монгол хэл заалгасан байна.

1850-1851 онд Казанийн шашны академийн Буддын шашны тэнхимийн эрхлэгч А.А.Бобровниковтой хамтран Монгол-Халимагийн уншигчдад зориулж сургалтын материал цуглуулжээ. 1856 онд Дорно дахины факультетийн хамт Санкт-Петербургт нүүжээ.

Гомбоев монголын уран зохиолын эрдмийн ажлаараа дорно судлаачдын дунд нэр хүндтэй болсон байна. Тэрээр Оросын Эзэн хааны Археологийн нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд уг нийгэмлэгийн хэвлэд эрдмийн ажлууд нь хэвлэгдэж байжээ. Жишээ нь тус нийгэмлэгийн "Тэмдэглэлүүд" /Записки/ (XIII боть) хэвлэлд 1857 онд «Примечания о древних монгольских обычаях и суевериях, описанных у Плано-Карпини» хэвлэгдэж сүүлд энэ ажил герман хэл рүү орчуулж: «Aus den Melanges Asiatiques», гарч байжээ.

Галсан Гомбоевын нэгэн чухал ажил бол "Алтан Товч" (1858 онд хэвлэгдсэн) монгол шастирыг өөрийн тайлбар тэмдэглэлийн хамт орчуулсан явдал юм. Ю.И.Шмидтийн мэдэж байсан эдгээр монгол шастируудыг өмнө Оросын шашны төлөөлөгчийн газрын гишүүд Бээжингээс авчирсан байсан ажээ.

Галсан Гомбоев мөн халимаг хэлнээс "Шиддиту-кур" өгүүллэг орчуулсан, мөн XVII зууны эхээр амьдарч байсан Зүүнгарын нэрт ламын намтар "Зая-Бандит"-ыг орчуулсан байна. Энэ ажлынхаа төлөө Гомбоевыг Эзэн хааны Археологийн нийгэмлэгийн гишүүн болжээ.

1859 оноос хойш Гомбоев Санкт-Петербургийн их сургуульд багшаар ажиллаж, Эзэн хааны Археологийн нийгэмлэгийн зүүн салбарын сурвалжлагч гишүүнээр сонгогджээ. Гомбоев мөн сурган хүмүүжүүлэх төрөл бүрийн зохиолуудыг монгол, халимаг хэл рүү орчуулсан.

Тэрээр 1863 оны 6-р сарын 11-нд Лахте тосгонд (Санкт-Петербургийн ойролцоо) нас барж, Финландын Гэгээн Мариа сүмийн оршуулгын газарт оршуулжээ.

Галсан Гомбоев 1847 оны орчим Казань хотод хувийн үлгэр жишээгээрээ залуу Лев Толстойн анхаарлыг дорно дахины судлал, буддизм буюу муу муухайг хүчирхийллээр эсэргүүцэхгүй байх чиглэл рүү хандуулсан байх. Лев Толстой П.И.Бирюковт Казанийн их сургуулийн эмнэлэгт “буриад лам”тай уулзсан тухайгаа ярьж байжээ.