Галина Вишневская

Галина Вишневская (орос. Гали́на Па́вловна Вишне́вская, төрөхдөө -Иванова; 1926 оны 10-р сарын 25-нд Ленинград хотод төрсөн —2012 оны 12-р сарын 11-нд Москвад нас барсан) — зөвлөлтийн болон оросын дуурийн сопрано хоолойтой жүжигчин, театрын найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин.

Галина Вишневская

Тэрээр 1926 оны 10-р сарын 25-нд Ленинград хотод Павел Андреевич Иванов (1904-1958), Зинаида Антоновна Иванова (1906-1950) нарын гэр бүлд төрсөн.

Эцэг нь дайны өмнө хэлмэгдэж өнгөрсөн. Тэрээр Ленинградын бүслэлтээс амьд гарч, арван зургаан настайдаа агаарын довтолгооноос хамгаалах ангиудад алба хааж байжээ. Үүний зэрэгцээ тэрээр концертод оролцсон: жааз найрал хөгжимтэй хамт хөлөг онгоц, Кронштадтын цайз, хонгилд дуулж байсан ажээ.

1943-1944 онд Ленинград дахь Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Насанд хүрэгчдийн хөгжмийн сургуульд зургаан сар И.С.Дид-Зурабовын гоцлол дууны ангид сурсан.

 

Төрөлхийн дуу хоолойтой тэрээр 1944 онд Ленинградын Бүсийн Оперетта театрын найрал дуунд элсэж, дараа нь бие даасан толголтоо эхлүүлсэн байна. Тэрээр Новгородын филармонийн анхны гоцлол дуучдын нэг байв. 1947 оноос хойш тэрээр Ленинградын Филармонид ажилласан. Г.Вишневская 1951 оноос хойш Ленинградад В.Н.Гаринагаас дууны хичээл авч, эстрадын дуучны тоглолтоор сонгодог дууны ангиудыг ээлжлэн хичээллүүлж байжээ.

Тэрээр 1955 онд хожмын алдартай виолончельчин Мстислав Леопольдович Ростроповичтэй танилцаад 4 хоногийн дараа гурав дахь удаагаа гэрлэсэн байна. Мстислав Ростропович эхлээд төгөлдөр хуурч, дараа нь удирдаачаар түүнтэй хамт хамгийн нэр хүндтэй дуурийн тайзуудад тоглосон байна.

1955 оноос хойш тэрээр Польш, Чехословак, Зүүн Герман, Финлянд, Их Британи, Итали, Франц, Бельги, АНУ, Канад, Югослав, Австри, Япон, Австрали, Шинэ Зеланд гэх мэт гадаадад аялан тоглолт хийсэн байна.

Тэрээр Ковент-Гарден (Лондон), Метрополитен Опера (Нью-Йорк), Парисын үндэсний дуурь, Ла Скала (Милан), Венагийн улсын дуурь, Баварийн улсын дуурь, Сан Францискогийн дуурь зэрэг театруудад тоглосон юм.

1966 онд тэрээр Москвагийн Консерваторийг оройгоор төгсөж, тэр жилдээ Дмитрий Шостаковичийн "Катерина Измайлова" дуурийн кинонд (найруулагч М.Г.Шапиро) гол дүрд тоглосон.

1970 оны 10-р сард тэд зөвлөлтийн тэрс үзэлтэн Александр Солженицыныг дэмжсэн нээлттэй захидал бичжээ. Үүний хариуд эрх баригчид дуучны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихыг бүрмөсөн хасаж, уран бүтээлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьжээ. Гэсэн хэдий ч дуучин Большой театрт үргэлжлүүлэн тоглож, гадаадад амжилттай аялан тоглож, 1971 онд Лениний одонгоор шагнагдаж байжээ. 1974 оны 3-р сард тэрээр нөхрийн хамт зөвлөлтийн удирдагч Леонид Брежневт хандан гадаадад аялах зөвшөөрөл хүсч нааштай хариу аваад тэр жилдээ нөхөр хүүхэдтэйгээ гадаад руу явсан. Гадаадад байхдаа 1978 оны 3-р сард Г.Вишневская, М.Ростропович нарыг "ЗХУ-ын иргэний нэрийг гутаасан үйлдлийн төлөө" ЗХУ-ын иргэншил болон авч байсан төрийн шагналыг хураасан байна.

Тэд нар АНУ, Францад амьдарч байсан. Дуучин дэлхийн томоохон театруудад тоглож, найруулагчаар нь дуурийн тоглолт хийсэн. Г.Вишневскаягийн сүүлийн салах тоглолт 1982 оны 10-р сард Парисын Гранд дуурийн театрт (П. И. Чайковскийн "Евгений Онегин" дуурь, М. Ростропович удирдсан) тоголсоны дараа нь мэргэжлийн тайзаа орхиж, багшлах болсон. Тэрээр концертын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бичлэг хийж, мастер ангиудыг явуулсан байна.

2011 оны 10-р сарын 24-нд Г.Вишневская “Галина. Амьдралын түүх” номыг түүний 85 насны ойд зориулан гаргасан.

Тэрээр 2012 оны 12-р сарын 11-нд 86 насандаа Москвад таалал төгсөн байна. Түүнийг Новодевичий оршуулгын газарт нөхөр Мстислав Ростропович дэргэд оршулжээ.