Дмитрий Шостакович

Дмитрий Дмитриевич Шостакович (1906 оны 9-р сарын 25-нд , Санкт-Петербург хотод төрсөн- 1975 оны 8-р сарын 9-нд Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, багш, хөгжим, олон нийтийн зүтгэлтэн юм. ЗХУ-ын Ардын жүжигчин (1954), ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1966). Лениний шагналтан (1958), Сталины таван удаагийн шагналтан (1941, 1942, 1946, 1950, 1952), ЗХУ-ын Төрийн шагналmgy (1968), М.И.Глинкийн нэрэмжит ЗХОУ-ын Төрийн шагнал (1974) -ын эзэн. ЗХУ-ын 20-р зууны шилдэг хөгжмийн зохиолчдын нэг, 15 симфони, 15 дөрвөл, 6 концерт, 3 дуурь, 3 балет, камерын олон бүтээл, кинонд зориулсан хөгжим, театрын бүтээл зохиосон байна. 1957-1974 онд - ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга.

Дмитрий Шостакович (1906-1975)

1960 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн. Тэрээр 20 настайдаа Анхны симфони жүжгээ олон нийтэд толилуулснаар дэлхийд алдартай хөгжмийн зохиолч болсон. Шостаковичийн хувийн амьдрал, намтар нь гүн гүнзгий дотоод зөрчилдөөнөөр ялгагдана.

Дмитрий Шостакович Санкт-Петербург хотод төрсөн. Дмитрий Болеславович Шостакович, София Васильевна Шостакович нарын гэр бүлд болсон энэ үйл явдал 1906 оны 9-р сарын 25-нд болсон. Гэр бүл нь хөгжимд маш дур сонирхолтой байсан. Ирээдүйн хөгжмийн зохиолчийн эх авъяаслаг төгөлдөр хуурч байсан бөгөөд төгөлдөр хуурын хичээл заадаг байжээ. Инженерийн мэргэжилтэй ч Дмитрийгийн эцэг зүгээр л хөгжимд дуртай байсан бөгөөд өөрөө бага зэрэг дуулдаг байсан байна. 9 настайдаа 1915 онд хувийн хөгжмийн сургуульд орсон байна.

13 настайдаа буюу 1919 онд тэрээр Петроградын консерваторид хөгжмийн зохиол, төгөлдөр хуурын ангид элсэн орсон. Залуу Дмитрий бүх цаг хугацаа, хүч чадлаа хөгжмийн хичээлд зориулжээ. Хүммүс түүнийг онцгой бэлэг авьяастай гэж хэлдэг байсан. Тэр зүгээр нэг хөгжим зохиодоггүй, харин сонсогчдыг түүнд шимтэж, дууг нь мэдрүүлдэг байжээ. Ялангуяа Консерваторийн захирал А.К.Глазунов түүнийг их биширдэг байсан бөгөөд эцэг нь гэнэт 1922 онд нас барсны дараа Шостаковичид тэтгэлэг хөөцөлдөж олж өгч байжээ. Гэсэн хэдий ч гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байсан тул 15 настай хөгжмийн зохиолч кинонд /дуугуй кино гардаг байсан/ хөгжмөөр "дуу оруулагчаар" ажилласан байна. Энэ ажлын гайхалтай гол зүйл бол шууд /импровизац/ киноны үйл явдалд таарсан ая тоглох байв. 1922-1925 онд тэрээр гурван кино театр сольж ажилласан бөгөөд энэ нь үнэлж баршгүй туршлага түүнд үүрд суулгаж өгчээ.

Дмитрий Шостакович 18 настайдаа буюу 1924 онд анхны симфонио зохиож, 1926 онд Ленинградын том тайзнаа тоглож үзүүлжээ. Хэдэн жилийн дараа Америк, Германы концертын танхимд мөн тоглосон байна. Энэ нь түүнд гайхалтай амжилт авчирчээ. Гэсэн хэдий ч консерваторийн дараа Шостакович ирээдүйн мэргэжлээ хөгжмийн зохиолч уу эсвэл төгөлдөр хуур дээр хүний хөгжмийн тоглох уу гэдгээ шийдэж чадахгүй байжээ. Иймээс хэсэг хугацаанд тэр нэгийг нөгөөтэй нь хослуулахыг оролдсон. 1930-аад он хүртэл бие даасан тоглолтоо хийж Бах, Лист, Шопен, Прокофьев, Чайковский нарыг урын сандаа оруулдаг байжээ. Мөн 1927 онд Варшав хотот болсон Фредерик Шопены нэрэмжит олон улсын тэмцээнд өөрийн зохиолоо тоглож зөвхөн хүндэт диплом авсан байна. 1939 оноос Шостакович Ленинградын Консерваторийн профессор болсон.

Аугаа эх орны дайны эхний жилүүдэд бүслэгдсэн Ленинградад үлдсэн Шостакович алдарт "7-р симфони" дээр ажиллаж эхлээд бүтээлээ 1942 оны 3-р сарын 29-нд Москвагийн Холбооны ордны баганат Танхимд тоглосон байна. Энэ бүтээлийнхээ төлөө хөгжмийн зохиолч И.Сталины шагнал хүртэж байжээ.

1943 онд хөгжмийн зохиолч Москва руу нүүж, 1948 он хүртэл Москвагийн Консерваторид багшилжээ. Үүний дотор Р.С.Бунин, А.Д.Гаджиев, Г.Г.Галинин, О.А.Евлахов, К.А.Караев, Г.В.Свиридов, Б.И.Тищенко, К.С.Хачатурян, Б.А.Чайковский нар түүний шавь нар байжээ.

Дмитрий Шостакович бол хөзөрөөр мөрийтэй их тоглодог хүн байсан гэдэг. Тэрээр залуудаа нэг удаа их хэмжээний мөнгө хожиж хоршооллын байр худалдаж авсан гэж тэр өөрөө ярьж байсан.

Агуу хөгжмийн зохиолч нас барахаасаа өмнө олон жил өвчтэй байсан. Эмч нар үнэн зөв онош тавьж чадаагүй. Хожим нь уушигны хавдар байсан нь тогтоогдсон. Дмитрий Шостакович 1975 оны 8-р сарын 9-нд Москва хотод таалал төгссөн байна.