Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-4

Эрчим хүчний үндсэн 3 эх үүсвэр
Эрчим хүчний үндсэн 3 эх үүсвэр

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давлагаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлнэ. 2006 оны байдлаар Дэлхийн нийт эрчим хүчний 18%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан байна. Үүний 13%-ийг уламжлалт түлш болох модноос, 3%-ийг уснаас (Дэлхийн цахилгаан эрчим хүчний 15%), 1.3%-ийг нарны эрчим хүчнээс, үлдэх 0.8% орчмыг нь газрын гүний дулаан, салхи, нар, далайн эрчим хүчийг ашиглан гарган авч байна.

Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд 80 тэрбумаас 2006 онд 100 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Салхины эрчим хүчний ашиглалт жилд 30%-иар нэмэгдэж, түүнээс гарган авч буй эрчим хүч 100 ГВт (GW) боллоо. Салхины эрчим хүчийг Европийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байна. Нарны эрчим хүчий үйлдвэрлэл 2006 оны байдлаар 2,000 MВт-с давж гарсан ба Герман ба Испанид хамгийн түгээмэл ашиглагддаг байна. Харин нарны дулааны станцыг АНУ ба Испанид өргөнөөр ашиглаж байгаа ба хамгийн том нь АНУ-ын Калифорнийн Можави цөл дэх станц юм. Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт болно. Дэлхийн хамгийн том газрын гүний дулааны станц нь 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм. Бразил нь чихрийн нишингээс гарган авсан этанолийг хамгийн ихээр хэрэглэж байгаа орон бөгөөд тус орны автобензины 18%-ийг этанол түлш хангадаг байна. (бүрэн эхээр унших)