Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-30

2002 оны олимпын хоккейн тэмцээний хэсгийн тоглолтод Австри, Латвийн багууд өрсөлдөж байгаа нь.
2002 оны олимпын хоккейн тэмцээний хэсгийн тоглолтод Австри, Латвийн багууд өрсөлдөж байгаа нь.

Олимпын хоккейн тэмцээн нь Олимпын наадмын тавцанд 1920 онд гарч иржээ. Анх 1920 оны зуны олимпын хөтөлбөрт багтсан бол 1924 оноос Өвлийн олимпын наадмын бүрэн эрхт гишүүн болсон байна. Олимпын наадам нь саяхан болтол сонирхогчид л оролцох эрхтэй тэмцээн байсан тул Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг буюу NHL болон бусад мэргэжлийн лигийн тоглогчид оролцох боломжгүй байв. Эхний 30 жилийн хугацаанд 7 олимпын 6-д нь Канадын баг алтан медаль хүртсэн бөгөөд Чехословак, Швед, АНУ-ын багууд хүчтэй өрсөлдөж байлаа.

ЗХУ-ын баг 1956 оноос олимпод оролцож эхэлмэгц Канадаас давуу байр суурийг нь булаан авч, оролцсон 9 олимпоосоо 6 алтан медаль хүртсэн билээ. Канадын ихэнх шилдэг хоккейчид нь мэргэжлийн тамирчид байсан тул Канадын Сонирхогчдын Хоккейн Холбоо мэргэжлийн тамирчдын олимпод оролцуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Урт удаан хугацааны мэтгэлцээний үр дүнд Олон Улсын Олимпын Хороо 1988 оны олимпын дараа болсон чуулганаараа мэргэжлийн тамирчдыг олимпод оролцуулахыг зөвшөөрсөн байна. Гэвч олимпын тоглолт NHL-ийн улирлын дундуур явагддаг тул өөрийн лигийн тамирчдаа оролцуулахыг зөвшөөрөхгүй л байв.

1992 оны 7 сард ОУОХ эмэгтэйчүүдийн хоккейн спортыг олимпын их гэр бүлд багтаасан бөгөөд эмэгтэйчүүд 1998 оноос олимпын медалийн төлөө өрсөлдөж эхэлжээ. Энэ хугацаанд АНУ, Канадын багуудын аль ялсан нь алтан медаль хүртдэг уламжлал тогтоод байна.

1998 оны олимпын өмнө NHL тоглогчдоо олимпын наадмын шигшээ тоглолтуудад оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан боловч Топ-6 (Канад, Чех, Финлянд, АНУ, ОХУ, Швед) багт ашигтай шийдвэр болсон гэдэг шалтгаанаар 2006 оны олимпын өмнө өөрчлөгдөж, мэргэжлийн тамирчид хэсгийн тоглолтоос эхлэн оролцох болж, багууд хэсэгтээ 5 тоглолт хийх болсон байна. (бүрэн эхээр унших)