Версаль (франц. Château de Versailles) — Парис хотоос 20 км зайнд орших Францын хаадын цэцэрлэгт цогцолбор ордон юм. Орчин үед дэлхийн алдартай аялал жуулчлалын төв болоод байна. Энэхүү цогцолборыг 1623 онд францын алдарт архитекторууд, барималчид барьж эхлүүлээд XIV Луи хааны шийдвэрээр 1661 онд Хааны албан ёсны ордон болжээ.

Версаль буюу Версалийн ордон
Версалийн ордоны дотоод байдал


1682-1789 он хүртэл Францын хувьсгалаас өмнө Версаль нь Хаадын албан ёсны ордон байв. 1801 онд олон нийтэд нээлттэй музейн болоод 1830 оноос хойш Версалийн уран архитектурын цогцолбор бүхэлдээ музей болж өргөжсөн байна. 1837 онд энд Францын түүхийн музей хааны ордонд нээгдсэн. 1979 онд Версалийн ордон болон түүний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн оруулсан байна.

Цэцэрлэгт ордны цогцолбор нь хэд хэдэн «жижиг» орднуудаас бүрдэж нэгэн бүхэл цогцолбор болдог ажээ.

Версалийн цогцолборын барилгын ажлыг архитекторч Луи Лево, Жюль Хардуин-Монсарт нар удирдаж байсан бөгөөд тэд XIII Луи хааны хуучин "ан агнуурын байр"-ыг өргөжүүлээд зогсохгүй Францын барокко сонгодог хэв маягаар чимэглэжээ. Хааны шинэ өргөө 1682 онд албан ёсоор нээгдсэн боловч барилгын ажил үүгээр дууссангүй. Байнга болж байсан дайны улмаас ордон барих ажлыг дөрвөн үе шаттайгаар явуулж, тус бүр нь цогцолборын шинэ хэсгийг "барьжээ".

Эхний шатанд ордон, цэцэрлэгт хүрээлэнг өргөтгөсөн - одоо хаан олон тооны зочинтой (600 хүртэл хүн) хүлээн авалт хийх боломжтой болсон. Хоёр дахь шатанд "ан агнуурын газар" гэж нэрлэгддэг төв хэсгийг бүрэн сэргээн засварлах ажлыг багтаасан. Энэ үед ордны хойд жигүүрийг хааны орон сууц, өмнөд жигүүрийг хатны өрөө болгон өөрчилсөн байна.

Гурав дахь шат нь хамгийн алдартай танхим болох террас дээр тоноглогдсон "Толин тусгал" галлерейг барьж эхэлсэн. Энэ нь хана хэрэм, асар том цонх, толь зэргийг багтаасан барокко загварын нарийн чимэглэлээрээ алдартай. Үүний зэрэгцээ хүлэмжтэй хоёр хэсэгт нэмэлт зочны өрөөнүүд босгосон. Сүүлийн шатанд тав дахь сүм хийд баригдаж, цогцолбор барьж дуусчээ.

Ордон барихтай зэрэгцэн Андре Ленотр цэцэрлэгт хүрээлэнгүүдийн зураг төслийг боловсруулсан байна.

XIV Луи хаан нас барсны дараа ордны барилгын ажлыг XV Луи хаан үргэлжлүүлж, цогцолборын зохион байгуулалтад хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулсан. Энэ үеэр Элчин сайд нарын шатыг буулгаж, хааны охидод зориулсан цэлгэр том орон сууц барьсан байна. Хатагтай Помпадурын шаардлагаар Францын хаан мөн Пети Трианоныг барьжээ. XV Луи амьдралынхаа сүүлийн жилүүдийг фасадыг сэргээн засварлахад зориулжээ - төслийг дуусгахад хэдэн арван жил зарцуулсан байна.

Цогцолборын цар хүрээ нь маш гайхалтай - зөвхөн ордны байрны талбай нь 67 мянган хавтгай дөрвөлжин метр юм. Дотор нь 25 мянга гаруй цонх, 67 шат, 372 хөшөө суурилуулжээ. Версалийн цэцэрлэгт хүрээлэнд 1400 орчим усан оргилуур багтдаг байна.