Василий Шукшин
Василий Шукшин (орос. Василий Макарович Шукшин, 1929 оны 7-р сарын 25-нд ЗХУ-ын Алтайн хязгаарын Бийский дүүргийн Сростки тосгонд төрсөн -1974 оны 10-р сарын 2-нд ЗХУ-ын Волгорад мужийн Клетская тосгонд нас барсан) -зөвлөлтийн алдартай кино найруулагч, кино жүжигчин, кино зохиолч; Зөвлөлт Оросын Соёлын гавьяат зүтгэлтэн (1969), Лениний шагналтан (1976 -нөхөн олгосон), ЗХУ-ын Төрийн шагнал (1971), 1955 оноос ЗХУ-ын Коммунист намын гишүүн.
Намтар
засварлахВасилий Шукшин 1929 оны 7-р сарын 25-нд ЗХУ-ын Алтайн хязгаарын Сростки тосгонд тариачны гэр бүлд төржээ. Эцэг Макар Леонтьевич Шукшин (1912-1933) орос гаралтай, "Коммунизмын дөл" хамтралд ажиллаж байсан, "хамтралын эсрэг хуйвалдааны" хэргээр бусад оролцогчдын хамт эрх баригчид баривчилж буудан хороожээ. Сүүлд 1956 онд цагаатгасан байна. Эцгийн талын өвөг эцэг Шукшин Леонтий Павлович (1882-1960) гэж тариачин байжээ. Эх Мария Сергеевна (Попова; хоёр дахь гэрлэлтдээ - Куксина, 1909-1979) гэр бүлээ асран халамжилж байжээ. Эмэгтэй дүү - Наталья Макаровна Шукшина (1931-2005). Эцгийгээ баривчлагдсанаас хойш паспорт авах хүртлээ Шукшин эхийнхээ Попов гэдэг овогтой байжээ.
1943 онд Шукшин төрлөх Сростки тосгоны долоон жилийн дунд сургуулийг төгсөж, Бийск хотын автомашины техникумд элсэн орсон. Тэнд хоёр жил хагас сурсан ч сургуулиа төгсөөгүй орхисон байна. Харин 1945 онд Сростки тосгонд хамтралын /Колхоз/ фермд ороод удалгүй 1946 онд төрөлх тосгоноо орхижээ. 1947-1949 онд Шукшин "Союзпроммеханизация" трестийн Калуга дахь турбины үйлдвэр, Владимир дахь тракторын үйлдвэрт механикчаар ажиллаж байсан байна.
В.Шукшин 1949 онд цэргийн албанд татагдаад 1950 он хүртэл Ленинград мужийн Ломоносов хотын Сургалтын отрядын бүрэлдэхүүнд цэргийн радио оператороор алба хааж байжээ. 1950 оны 7-р сараас 1952 оны 12-р сар хүртэл Севастополь дахь Хар тэнгисийн флотын 3-р тэнгисийн радио отрядад ахлах усан цэрэг болж алба хааж байжээ. Жүжиглэх авьяас нь Тэнгисийн цэргийн флотоос эхэлсэн (Шукшин цэргийн ангийн клубын дэргэдэх драмын дугуйлангийн ажилд оролцож, сүүлийн жилдээ түүний удирдагч байсан) ба Шукшины уран зохиол бичэх үйл ажиллагаа - тэнд анх түүх бичихийг оролдсон бөгөөд тэр хамт олондоо уншиж өгдөг байжээ. 1952 оны 12-р сарын 17-нд тэрээр ходоодны шархны улмаас флотоос халагдаж, Сростки тосгондоо буцаж ирсэн ажээ. Төрлөх тосгондоо Василий Макарович эчнээгээр шалгалт өгч тосгоны залуучуудын сургуулийн Орос хэлний багш болжээ. Нэг хэсэг захиралын ажлыг хүртэл хийсэн байна.
1954 онд В.Шукшин Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургульд (ВГИК) элсэхээр Москва орох болжээ. Нийслэл орохын тулд эх нь ганц үнээгээ заржээ. Эхлээд Шукшин кино зохиолын тэнхимд өргөдөл гаргасан боловч дараа нь найруулагчийн ангид орж сураад 1960 онд төгссөн (Михаил Ромм-ийн анги). ВГИК-д сурч байхдаа Ромын зөвлөснөөр Шукшин нийслэлийн хэвлэлд бичсэн өгүүллэгүүдээ илгээж эхэлсэн байна.
1958 онд ВГИК-д суралцаж байхдаа Василий Шукшин Марлен Хуциевын "Хоёр Федор" /Два Фёдора/ кинонд анхныхаа гол дүрд тоглосон байна. Тэрээр "Тэд Лебяжигаас мэдээлж байна" хэмээх дипломын ажилдаа кино зохиолч, найруулагч, гол дүрд тоглосон. Жүжигчний уран бүтээлийн зам нэлээд амжилттай явж байсан тул Шукшин томоохон найруулагчдын саналаар дутадгүй байжээ.
Тэрээр 1964 онд 35 насандаа “Хөдөөний хүмүүс” хэмээх анхныхаа номоо хэвлэсэн төдийгүй “Тийм нэгэн залуу” киноны зохиолыг бичин өөрөө найруулж уран бүтээлчийн хувьд нэр хүнд олсон байна.
Үүнээс арван жилийн дараа тэрээр өөрийнхөө хамгийн алдартай “Улаан бүрэлзгэнэ” (орос. Калина красная) киног бүтээн эх орондоо төдийгүй олон улсад хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн юм. Гэвч залуугаасаа архи ихээр ууж байсны улмаас ходоодны шархлаа нь ужгирч, 1974 оны 10-р сард ЗХУ даяар хайрлан хүндэлдэг уран бүтээлч “Тэд эх орныхоо төлөө тулалдсан” (орос. Они сражались за Родину) киноны зураг авалтын үеэр "Дунай" усан онгоц дээр 45 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Түүний олон арван өгүүлэгүүд монгол хэл рүү орчуулагдсан юм.