Василий Константинович Блюхер
Василий Константинович Блюхер (1890 оны 11-р сарын 19-нд Оросын хаант улсын Ярослав мужийн Барщинка тосгонд төрсөн — 1938 оны 11-р сарын 9-нд Москва хотод нас барсан) 1935 онд ЗХУ-ын анхны 5 маршалын нэг бөгөөд Иргэний дайны баатар, Колчакийн эсрэг дорнод фронтын уралын партизаны армийн командлагч, Врангелийн эсрэг Каховкагийн талд 51-р дивизийн командлагч, Алс дорнодын фронтын командлагч, Хятадын иргэний дайнд генерал Галин нэрээр гоминдааны армийн зөвлөх байсан бөгөөд Хасан нуурын тулалдааны үед Алс дорнодын онцгой армийг командлан оролцсон юм. 1938 оны 11-р сард түүнийг И.Сталины Их хэлмэгдүүлэлтийн үед хилсээр хэрэгт холбогдуулан цаазалсан байна.
Намтар
засварлах1914 оны 8-р сард дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээр тэрээр Москвад цэргийн албанд татагдав. Блюхерийг 1-р батальоны 4-р ротад томилсон өдөр Кострома дэглэм Краковоос зүүн өмнөд хэсэгт байрлах байлдааны шугамын хоёрдугаар ээлжинд байв.
1915 оны 4-р сарын 20-нд (5-р сарын 3) Москвад шархадсаны улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд 1916 оны 3-р сард Блюхерийг цэргийн гол эмнэлгийн эмнэлгийн комиссоос нэгдүгээр зэрэглэлийн тэтгэвэрээр цэргээс халсан байна.
1916 оны 4-р сараас тэрээр Казань хотод боржингийн цехэд ажиллаж, дараа нь Сормовскийн усан онгоцны үйлдвэрт (Нижний Новгород) түр ажилд орж, дараа нь Казань руу нүүж Остерманы механик үйлдвэрт ажиллаж эхэлсэн. 1916 оны 6-р сард тэрээр Оросын социал-демократ ажилчны намд /РСДРП/-д элссэн байна.
Блюхер Оросын Хоёрдугаар сарын хувьсгалыг Саратов мужийн Петровск хотод угтаж, газрын тосны үйлдвэрт механикчаар ажиллаж байсан. 1917 оны 5-р сард Блюхер Самара руу нүүж, Валериан Куйбышевтэй танилцсан байна. Түүнийг 102-р нөөцийн ангид илгээж, цэргийн ангийн хорооны болон хотын цэргүүдийн депутатуудын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Октябрийн хувьсгалын үеэр Блюхер 102-р нөөцийн ангийн Самарагийн цэргийн хувьсгалт хорооны гишүүн байв. Самара хотод Зөвлөлт засгийн эрх тогтоосны дараа тэрээр Самара гарнизоны комиссарын туслах, хувьсгалт журмын мужийн харуулын дарга болжээ.
Тэрээр Оросын Иргэний дайны идэвхитэй оролцогч байсан.
Улаан тугийн одонгийн анхны №1 одонгоор шагнагдсан бөгөөд энэхүү одонгоор 4 удаа шагнагдсан байна.
Монголд
засварлах1921 оны 6-р сарын 27-нд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Цэргийн зөвлөлийн дарга, Ардын хувьсгалт армийн ерөнхий командлагч, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын цэргийн яамны сайдаар томилогдсон. М.И.Губельман, В.И.Буров нар Цэргийн зөвлөлийн гишүүн болжээ. Тэрээр Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Ардын хувьсгалт армийн шинэчлэн зохион байгуулж, сахилга батыг бэхжүүлж, Волочаевскийн бэхэлсэн бүсийг авч ялалт байгуулсан байна. 1921 оны 7-р сарын 1-нд Ардын хувьсгалт армийн хүчийг 198 мянган хүн гэж тогтоожээ. Бодит байдал дээр армийн ангиудад ердөө 76 мянга байсан. Бүгд найрамдах улсад байнгын арми төдийгүй одоо байгаа армиа хадгалах санхүүгийн болон бусад боломж байгаагүй ажээ.
1921 оны зуны сүүлчээр В.Блюхерийн өмнө тулгамдаж буй нэн тэргүүний зорилтуудын нэг нь Барон Унгер фон Штернбергийн цэргүүдтэй тэмцэх явдал байв. Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Ардын арми, Зөвлөлт Оросын Улаан армийн хамтын хүчин чармайлтаар Унгерны зарим хэсэг Монгол руу ухрахаас өөр аргагүйд хүрсэн. Монголын түр засгийн газрын хүсэлтээр Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын цэргүүд Монголын хилийг давж, Монгол Ардын хувьсгалт армийн хамт Өргөө хотыг эзэлсэн байна.
Хятадад
засварлах1924 оны намар Зөвлөлтийн удирдлага Василий Блюхерийг Сунь Ятсений цэргийн ахлах зөвлөхөөр Хятад руу илгээжээ.
Блюхер 1924 оны 10-р сарын сүүлээр Хятадын Гуанжоу боомтод генерал (Зян-жун) нууц нэртэй З.В.Галин (түүний охин Зинаида, хүү Всеволод, эхнэр Галина нарын нэрнээс гаралтай) нэрэн дор Зөвлөлтийн Воровскийн байлдааны хөлөг онгоцоор ирсэн байна. Усан онгоцон дээр тэрээр Сунь Ятсентэй цэргийн зөвлөхүүдийн нэн тэргүүний зорилтуудыг тодорхойлон ярилцсан байна. Хятадын армийг Зөвлөлтийн зэвсгээр хангах нь Блюхерийн хамгийн тэргүүний асуудлын нэг болжээ. Сунь Ятсений засгийн газар богино хугацаанд 40 мянган винтов, 42 сая орчим сум, 48 их буу, 12 уулын буу, 10 мянга гаруй гар гранат, 230 пулемёт, 18 тэсрэх бөмбөг, 3 нисэх онгоц болон бусад зэвсгийн хэрэгслийг хүлээн авчээ.
Хятадад Блюхер их өвддөг байсан юм. Түүнийг дэлхийн нэгдүгээр дайны үед авсан шарх, Хятадад авсан арьсны өвчин ороож байв. 1925 оны зун гэхэд өвчнөөс түүний эрүүл мэнд бүрэн суларчээ. 1925 оны 7-р сарын 23-нд Блюхер эмчлүүлэхээр ЗХУ руу явсан байна. 1926 оны 5-р сарын дундуур Блюхер Хятад дахь цэргийн ахлах зөвлөхөөр ажлаа дахин үргэлжлүүлэв. 1926 оны 6-р сарын 23-нд болсон Цэргийн зөвлөлийн дараагийн хурлаар Гоминданы генералууд Блюхерийн хойд экспедицийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг санал болгож, Зянши руу нэн даруй нүүдэллэхээ больжээ. Шинэ төлөвлөгөөнд кампанит ажлын эхний шатны гол ажил бол Ву Пейфүгийн армид цохилт өгөх явдал байв. Цэргийн ажиллагааны энэ үе шатны эцсийн зорилго бол Ухань хотыг эзлэх явдал юм. Кампанит ажил эхлэхээс өмнө Хятадын хувьсгалт армийн нийт цэргүүдийн тоо бараг 100 мянган хүн хүрсэн байна. Энэ хүчээр "Зян-жүн Галин" Жили бүлэглэлийн 270 мянган сайн зэвсэглэсэн, бэлтгэгдсэн цэргийг бут ниргэхийг зорьжээ. Довтолгоо 1926 оны 10-р сард эхэлж Хятадын хувьсгалт армийн корпус Жужоу, Лилин хоёр руу дайрч, удалгүй тэднийг олзолжээ. Бараг өдөр тутмын тулалдааны үр дүнд тэд Дэнсичао өртөөг авч, дараа нь Чаншаг авав. 8-р сарын 30-ны шөнө Хятадын арми ангиуд фронтын бүх салбар дахь дайсны байрлал руу довтолж, дайсны хамгаалалтын шугамыг сэтлэн нэвтэрчээ. Өглөө нь тэд Ханьян, Ханкоу хоёрыг эзлэж авав. 1926 оны 10-р сарын эхээр дийлдэшгүй Вучанг бууж өгөв. Ханкоу, Ханьян, Вучан хотуудыг эзлэн авснаар Хөх мөрний сав газрын эдийн засаг, улс төрийн хамгийн чухал төв болох Ухань хотын хувь заяа шийдэгдэв.
Хойд экспедицийн хоёр дахь шат 1926 оны 10-р сарын сүүлээр эхэлсэн. Үүнийг "Блюхер-Галины" боловсруулсан төлөвлөгөөг Зянсигийн гурав дахь ажиллагаа гэж нэрлэжээ. Наньчаны ажиллагааны үеэр Хятадын хувьсгалт армийн корпус Дин-Махуйлин дүүрэг, Жюжян, Тужян хотууд болон Наньчан төмөр замын уулзвар руу дайрчээ. Зяншигийн цэргүүд 11-р сарын эхний арав хоногт бүрэн ялагдсан. 40 мянга орчим цэрэг олзлогдож, олон тооны винтов, пулемёт, хэдэн арван их буу болон бусад зэвсгийг олзолжээ. Зянши мужийг чөлөөлсний дараа Хятадын хувьсгалт арми Аньхуй мужид нэвтэрч, 11-р сарын сүүлч гэхэд түүний нийслэл Анчин хотыг эзэлжээ. Сун Чуанфан цэргийнхээ үлдэгдлийн хамт Шанхай, Наньжин руу ухарчээ.
1927 оны 2-р сард Галин-Блюхер бүх ажилтнуудынхаа хамт Ханкоугаас Наньчан руу нүүжээ. 1927 оны 3-р сарын 22-нд Хятадын хувьсгалт армийн цэргүүд Шанхай, Наньжин хотыг эзлэв.
1927 оны 8-р сарын 11-нд Блюхер шинэ гэр бүлийнхээ хамт Москва руу явж тэр даруй эмч нарын үзлэгт ороход түүнд экзем, хүнд хэлбэрийн сэтгэлийн өвчин, хямрал зэрэг онош тавьжээ. Блюхер эмнэлэгт хэвтэхийг зөвшөөрөөгүй бөгөөд Кавказын эрдэст усанд, ялангуяа Железноводск хотод амрахаар болжээ.
1928—1929 онд түүнийг Украины цэргийн тойргийн командлагч Ион Якирын туслахаар томилжээ.
Тэрээр 1929 оны 8-р сарын 6-нд Алс Дорнодын тусгай армийн командлагчаар томилогдов.
1935 онд ЗХУ-ын маршал цол хүртсэн.
1936 оны намраас ЗСБНХУ-ын Дотоод явдлын Ардын Комиссарын газарт Василий Блюхерын тухай "хуйвалдаанд оролцсон тухай төлөөлөгчийн мэдээлэл" авч эхэлсэн бөгөөд энэ нь Блюхер Алс Дорнодыг ЗХУ-аас тусгаарлахыг эрэлхийлсэн гэсэн мэдэээлэл ирж байжээ.
1938 оны 7-р сарын 29-нд Хасан нуурт байлдааны ажиллагаа эхэлж, Г.М.Штерн цэргүүдийн командлалыг авчээ. В.К.Блюхер Хасан нуур орчмын Позиет хотод ирж, 1938 оны 8-р сарын 2-нд цэргүүдийн командлалыг хүлээн авав. Командлал авсны дараа тэрээр 40-р явган цэргийн дивизэд улсын хилийн шугамыг зөрчихгүйгээр Японы цэргүүд рүү довтлох тушаал өгчээ. Алдаа гаргасны үр дүнд Зөвлөлтийн цэргүүд их хэмжээний хохирол амсаж, 8-р сарын 10 гэхэд л амжилтанд хүрч чадсан. Цэргийн ерөнхий зөвлөл (К. Е. Ворошилов, С. М. Будённый, В. М. Молотов, И. В. Сталин болон бусад) Хасан нуур "Алс Дорнодын фронтын нөхцөл байдалд асар их дутагдал" гаргасан гэж тэмдэглэж байв. Блюхерийг бусад алдаанаас гадна "фронтыг ард түмний дайснуудаас цэвэрлэх ажлыг бодитоор хэрэгжүүлж чадаагүй эсхүл хүсээгүй" гэж буруутгав.
Шинэ томилгоо хүлээж байхдаа Москвад гэр бүлийн хамт зочид буудалд амьдарч байхдаа Блюхер Батлан хамгаалахын Ардын комиссариатыг байнгын амьдрах орон сууцаар хангаж өгөх асуудлыг тавьжээ. 1938 оны 9-р сарын 24-нд Блюхерийн гэр бүлд Төрийн байшинд орон сууц олгожээ.
Баричилгаа, үхэл
засварлах1938 оны 9-р сарын 28-нд Блюхер болон түүний гэр бүлийнхэн Сочи руу Бочаров Ручей сувилалд амарч, эмчлүүлэхээр явав. Энэ үеэр Климент Ворошиловын зуслангийн байшинд амьдардаг байсан.
1938 оны 10-р сарын 22-ны өглөө Ворошиловын зуслангийн байшинд Блюхерыг (1938 оны 10-р сарын 19-ний өдрийн 1901 тоот баривчлах ордер, ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссар Ежов гарын үсэг зурсан), түүний эхнэр Глафира Лукинична, Блюхерын дүү Павел нарыг хамт баривчилжээ. 1938 оны 11-р сарын 9-ний орой 22:50 цагт Василий Константинович Блюхер гэнэт нас барсан гэж дүгнэлтэд тэмдэглэж үлдээжээ.
1938 оны 11-р сарын 11-нд яллагдагч нас барсны улмаас Блюхерийн эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгов.
1939 оны 3-р сарын 10-нд түүний ЗХУ-ын маршал цолыг арын огноогоор хураан авч, "Японы төлөө тагнуул хийсэн" хэргээр цаазаар авах ял оноосон байна.
Цагаатгал
засварлах1955 оны 9-р сард В.К.Блюхер тэргүүтэй Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Цэргийн зөвлөлийн гишүүн асан Моисей Губельман домогт маршалыг үндэслэлгүй хэлмэгдүүлсэн гэж үзэн Блюхерийн хэргийг шалгахыг ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Хянан шалгах хороонд өргөдөл гаргасан байна. Үүнтэй ижил өргөдлийг ЗХУ-ын Авто тээврийн болон авто замын яамны орлогч сайд, армийн генерал Андрей Хрулёв гаргасан байна. Үүний дагуу 1956 оны 3-р сарын 9-нд шийдвэр гарч түүнийг болон гэр бүлийн гишүүдийг цагаатгасан байна.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Welikanow: Blücher