Милдред Элла "Бэйб" Дидриксон Захариас (Англи: Mildred Ella "Babe" Didrikson Zaharias, 1911 оны 6 сарын 26 - 1956 оны 9 сарын 27) нь Лотти Додтой хамтдаа, дэлхийн хамгийн олон талын авъяастай эмэгтэй тамирчин хэмээгдэж Гиннессийн номд бичигдсэн, Америкийн Нэгдсэн Улсын тамирчин юм. Тэрээр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гольфын спортоор өндөр амжилт үзүүлж, эмэгтэйчүүдийн спортыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн билээ.

Бэйб Захариас

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Милдред Элла "Бэйб" Дидриксон Захариас
Төрсөн огноо 1911 оны 6 сарын 26
Төрсөн газар Техас муж улс, Порт Артур
Нас барсан огноо 1956 оны 9 сарын 27
Нас барсан газар Техас муж улс, Галвестон
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1932 Эмэгтэй 80м халхалттай гүйлт
Алт Лос-Анжелес 1932 Эмэгтэй жад шидэлт
Мөнгө Лос-Анжелес 1932 Эмэгтэй өндрийн харайлт

Милдред Элла Дидриксен 1911 онд Норвеги гаралтай Оле, Ханна нарын 7 хүүхдийн 6 дахь нь болон мэндэлжээ. Тэр хожим нэрийнхээ дуудлагыг Дидриксон болгож өөрчилсөн аж. Хүүхэд байхдаа нэг удаа бэйсбол тоглоод 5 хөүм-ран хийсэнд хүүхдүүд алдарт бэйсболч Бэйб Рутын нэрээр Бэйб хэмээн хочлох болжээ.

Тэрээр 4 настайдаа шилжин суурьшсан Бьюмонт хотдоо ахлах сургууль дүүргэсэн бөгөөд их сургууль, коллежид элсээгүй юм. Бэйб аман хуур тоглож, дуулан Меркури Рекордс студид хэд хэдэн дуу бичүүлсэн. Аль хэдийн нэр алдартай болсон Бэйб 1938 оны 12 сарын 23-нд Сент Луйс хотноо мэргэжлийн бөх буюу нохой зодоонч Жорж Захариастай гэрлэжээ.

Бэйб Захариас сагсан бөмбөгөөр Бүх Америкийн багт нэрлэгддэг шилдэг тамирчин байсан. Түүнчлэн 1932 оны Лос-Анжелесын олимпын сонгон шалгаруулалтад нэг өдөр 5 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байсан түүхтэй. Тэр үеийн дүрэм ёсоор эмэгтэй тамирчид 3-аас олон төрлөөр олимпод өрсөлдөх боломжгүй байсан учир Бэйб 80 метрийн халхалттай гүйлт, жад шидэлт, өндрийн харайлтыг сонгон оролцсон байна. Оролцсон 3 төрөлдөө бараг л түрүүлэх шахсан. Өндрийн харайлтад Жин Шайлитай тэнцэж, нэмэлт харайлт гүйцэтгэхэд шүүгчид Бэйбийн харайлтыг тооцолгүй, Жин Шайлиг түрүүлсэн болгон зарласан юм. Нөгөө 2 төрөлд торолгүй түрүүлж алтан медаль хүртжээ. Олимпын дараа Шайли Захариас хоёр алт, мөнгөн медалиа голоор нь хувааж авцгаасан гэдэг.

1935 оноос гольфоор хичээллэж эхлэн, улам их амжилтад хүрэв. Тэр ч бүү хэл эрчүүдтэй өрсөлдөж байсан. 17 тэмцээн дараалан түрүүлсэн амжилтыг нь хэн ч эвдэж чадаагүй байна. Захариас нийт 82 тэмцээнд түрүүлжээ.

 
Бэйб Дидриксон Захариасын Музей

Харамсалтай нь 1953 онд бүдүүн гэдэсний хорт хавдар туссан болох нь илэрч, мэс засал хийлгэсэн байна. 1954 онд спортдоо эргэн ирсэн ч 1955 онд хавдар нь дахин илэрчээ. Тэрээр гольфоо тоглон, тэмцээнүүдэд түрүүлсээр байсан бөгөөд 1956 онд Галвестон хотын эмнэлэгт нас нөгчжээ. Захариас нөхрийн хамт хорт хавдрын эмнэлгүүдийг дэмжих Бэйб Захариасын санг байгуулсан юм. Түүний музей Бьюмонт хотод байдаг.

Спортс Иллюстрэйтэд сэтгүүл түүнийг бүх цаг үеийн аугаа эмэгтэй тамирчдын жагсаалтад Жэки Жойнер-Керсигийн дараа 2-рт нэрлэсэн. Тэрээр мөн Гольфын алдрын танхимд багтжээ.