Булат Окуджава
Булат Шалвович Окуджава (1924 оны 5-р сарын 9-нд ЗХУ-ын Москва хотод төрж, 1997 оны 6-р сарын 12-нд Парисаас холгүй Кламар хотод нас барсан) - Зөвлөлтийн болон Оросын яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолч, өөрийн зохиосон дуугаа дуулдаг дуучин. 1991 оны ЗХУ-ын Төрийн шагналтан. ЗХУ-ын зохиолчдын Холбооны гишүүн (1962 оноос) бөгөөд 1956-1990 онуудад ЗХУ-ын Коммунист намын гишүүн байсан. ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч.
Б.Окуджава эстрадын болон зохиолын 200 орчим дуу зохиосон. 1960-1980-аад оны ЗХУ-ын үеийн "зохиолын дууны" нэгэн томоохон төлөөлөгч юм.
Намтар
засварлахБулат Окуджава 1924 оны 5-р сарын 9-нд Москва хотод Тифлис (Тбилиси) хотоос Коммунист академид суралцахаар ирсэн большевикуудын гэр бүлд төржээ. Эцэг Шалва Степанович Окуджава, намын зүтгэлтэн; эх Ашкен Степановна Налбандян, армян үндэстэн.
Булат хүүг төрсний дараа эцэг нь Кавказ руу Гүржийн дивизийн комиссараар томилогдож, эх нь Москвад ЗХУ-ын Коммунист намын аппаратад ажиллахаар үлдэж, тэрээр эцгээ дагаж Тифлис хотод очоод орос дунд сургуульд сурахаар болжээ. Сүүлд эцэг нь албан тушаал ахиж Тифлис хотын намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. Лаврений Бериятай тааламжгүй харьцаатай болсон эцэг нь Серго Орджоникидзед хандаж Орос руу намын ажилд томилж өгөхийг хүссэн байна. Улмаар Урал руу Нижний Тагил хот дахь вагоны үйлдвэрийн намын дарга болжээ. Удалгүй гэр бүл нийлж, Булат хүү Нижний Тагилын №32-р дунд сургуульд шилжин сурсан байна.
1937 оны эхээр түүний эцгийг "Уралвагонстрой" дахь троцкистуудын хэрэгт холбогдуулан баривчилж 1937 оны 8-р сарын 4-нд буудан хороожээ. Эцгийн талынх нь хоёр авга ах нар мөн Троцкийг дэмжигч гэж буудуулсан байна.
Эцгийг нь баривчилсны дараахан буюу 1937 оны 2-р сард түүний эх, эмээ нар Булатыг аваад Москва руу нүүжээ. Окуджавагийн эхийг удалгүй 1938 онд Москвад баривчилж Карлаг руу цөлсөн бөгөөд 1947 онд тэндээсээ эргэж иржээ. Эцгийн нь дүү Ольга Окуджава 1941 онд Орёл хотын орчим мөн хороогдсон байна.
1940 онд тэрээр Тбилис хот руу хамаатнуудаа бараадаж очоод сурч байгаад үйлдвэрт ажилд оржээ.
ЗХУ-ын Эх орны дайнд 1942 оны 4-р сард өргөдөл гаргаж сайн дураараа бүртгүүлж Ар Кавказын фронтод байлдаж «Кавказын хамгаалатын төлөө», «Германыг ялсны төлөө» медалиудаар шагнагдаж байсан.
Цэрэгээс халагдаад тэрээр Тбилисид буцаж ирж 1944 оны 6-р сарын 20-нд дунд боловсролын гэрчилгээгээ авсан. 1945 онд Тбилисийн их сургуулийн филологийн факультетэд элсэн ороод 1950 онд диплом авч Калуга мужийн нэгэн тосгонд гурван жил хагас дунд сургуулийн багшаар ажиллажээ.
1956 онд ЗХУКН-ын алдарт ХХ-р Их хурлаар эцэг эхийг нь цагаатгасаны дараа тэрээр ЗХУКН-д элссэн байна. 1959 онд Москва руу шилжин ирж өөрийн дуунуудаа дуулж алдартай болж эхэлсэн байна. 1956-1967 онуудад түүний: «На Тверском бульваре», «Песенка о Лёньке Королёве», «Песенка о голубом шарике», «Сентиментальный марш», «Песенка о полночном троллейбусе», «Не бродяги, не пропойцы», «Московский муравей», «Песенка о комсомольской богине» зэрэг алдартай дуунууд төрсөн юм.
1961 онд ЗХУ-д Окуджавагийн зохиолын дууны анхны албан ёсны үдэшлэг Харьков хотод болж байжээ. 1962 онд тэрээр "Гинжин урвал" /орос. Цепная реакция/ кинонд анх дэлгэцнээ гарч, "Шөнө дундын троллейбус" /орос. Полночный троллейбус/ дуугаа дуулжээ.
1970 онд Булат Окуджавагийн "Бидэнд нэг ялалт хэрэгтэй" /орос. Нам нужна одна победа/ дууг алдарт "Белорусский гал тэрэгний буудал" /Белорусский вокзал/ уран сайхны кинон дуулдаг юм.
1980-аад оны дундуур ЗХУ-д "Өөрчлөн байгуулалт" эхэлснээр Булат Окуджава улс орны улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, идэвхтэй ардчилсан байр суурийг баримталж байсан.
1990 онд тэрээр АНУ-д зүрхний мэс засал хийлгэсэн бөгөөд сүүлд 1997 оны 6-р сарын 12-нд Парис хот орчмын Кламар дахь цэргийн эмнэлэгт 74 насандаа таалал төгссөн байна.