Бараа, валют, үнэт цаас, дериватив болон бусад зах зээлийн хэрэгслүүдийн арилжааг зохион байгуулдаг газрыг Бирж гэнэ. 

Худалдаа арилжаа нь стандарт /үндсэн/ гэрээгээр эсвэл багцаар (лот)  хийгддэг бөгөөд тэдгээрийн хэмжээг биржийн тухай эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулдаг. Бирж нь 1. Хөрөнгийн, 2. Барааны, 3. Валютын, 4. Фьючерсын, 5. Хөдөлмөрийн болон 6. Бооцооны гэж хуваагддаг байна.

Анх XII-XV зууны үеэс Бирж үүссэн гэж үздэг. Венеци, Генуя, Флоренц, Шампань, Брюгге, Лондон хотод үнэт цаасны үзэсгэлэн худалдаанаас эхэлсэн түүхтэй.  Брюгге (Баруун Фландр) -д гурван арьсан цүнх (түрийвч) дүрсэлсэн хуучин Ван Дер Бурсагийн гэр бүлийн байшин  байсан талбай дээр валютын арилжаа явагдаж байжээ. Улмаар энэхүү арилжаа эрхэлдэг хүмүүс, зуучлагч, үнэт цаасны брокерууд тодорхой нэг цагт нэг газар цугларч үнэт цаас, бараа бүтээгдэхүүнийхээ гүйлгээ хийж байсан газраа Бирж гэдэг болжээ.

Тэрхүү талбай дээрх худалдаачдын уулзалтыг "түрийвч" гэсэн утгатай "Борса" гэж нэрлэжээ. 1406 онд орчин үеийн Бельгийн нутаг дэвсгэр дээр анхны бирж байгуулагдсан юм. Энэ хугацаанд Брюгге хотод үнэт цаасны арилжаа маш их ач холбогдолтой байв. Тэнд худалдаачид гадаадын үнэт цаас худалдаж авч, худалдааны талаар мэдээлэл солилцдог байжээ. Брюгге хотод “вексель” буюу зээлийн бичиг арилжаалдаг байсан байна. Гадаадын янз бүрийн орны валютын үнэт цаасны ханшийг Брюгге хотын хөрөнгийн бирж дээр тогтоодог байжээ.

Интэрнет бий болж Цахим систем нэвтэрэхээс өмнө арилжаан оролцогч талууд гүйлгээг урьдчилан амаар хэлэлцэж биржийн арилжааны нэгдсэн нэг Танхимд тохиролцдог байсан. Өнөө үед арилжаа нь ихэвчлэн төрөлжсөн тусгай програмуудыг ашиглан цахим хэлбэрээр дэлхийн аль өнцөгөөс явагддаг тул олонхи биржүүд арилжааны танхимууд ашиглахаа больсон бөгөөд танхимаа уламжлал болгон ёслолын хэлбэрээр үлдээжээ.  

Брокерууд хувийнхаа болон өөрийн үйлчлүүлэгчдийн ашиг сонирхлын дагуу биржийн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах захиалгаа арилжааны системд байршуулдаг. Улмаар тэрхүү захиалгыг бусад худалдаачдын хариу захиалга сонирхолд нийцсэн тохиолдолд урьдчилсан тохиролцоо хийж арилжаа явагддаг байна.

Бирж нь гүйцэтгэсэн гүйлгээний бүртгэлийг хөтөлж, төлбөр тооцоог (клиринг) хэрэгжүүлж, зохион байгуулж, баталгаажуулж, төлбөрийн харилцан үйлчлэх механизмаар хангаж өгдөг.

Биржүүд хийсэн гүйлгээ бүрээс шимтгэл авдаг бөгөөд энэ нь тэдний орлогын гол эх үүсвэр болдог. Мөн гишүүнчлэлийн хураамж, арилжаа хийхэд нэвтрэх төлбөр, хувьцааны мэдээллийн борлуулалт зэрэг Биржийн орлогын эх үүсвэр байж болдог байна.

XVI зуунд Антверпен, Лион хотод эхний хоёр бирж нээгдээд удалгүй хаагдсан. Эдгээр бирж дээр арилжаа нь зөвхөн вексель төдийгүй Засгийн газрын зээлийн бичгийн арилжаалдаг байжээ. Мөн албан ёсны ханшийг тогтоож байжээ. Засгийн газрын үнэт цаасны анхны үйл ажиллагаа Антверпен дэх хөрөнгийн бирж дээр хийгдэж эхэлсэн түүхтэй. Энд гадаад өрийн үүрэг худалдан авах, худалдах ажлыг зохион байгуулсан байна. XVII зуунд дэлхийн хамгийн ахмад Амстердамын хөрөнгийн бирж байгуулагдаж маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь нэгэн зэрэг барааны болон хөрөнгийн бирж болж байв. Амстердам тэр үед Европт үр тариа, кофе, чинжүү борлуулах гол түүхий эдийн зах байсан юм. Амстердам дахь хөрөнгийн бирж дээр Засгийн газрын бонд, Их Британи, Голландын Зүүн Энэтхэг, Баруун Энэтхэгийн арилжааны компаниудын хувьцааг үнэт цаасаар арилжаалж байжээ.

1801 онд Лондонгийн хөрөнгийн бирж (LSE) албан ёсоор байгуулагдсан гэх боловч 1571 оноос Хааны санхүүгийн зөвлөх Томас Грешем хувийнхаа мөнгөөр "Эзэн хааны бирж" байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлэж байжээ. Чухам энд л "бух" ба "баавгай" гэсэн ойлголтууд анх хөрөнгийн бирж дээр гарч ирсэн. Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE) нь 1792 оны 5 дугаар сарын 17-нд байгуулагдсан. Комиссын хэмжээг тогтоох тухай 24 брокерийн тохиролцсоноор түүний ажил эхэлж байжээ. Токиогийн хөрөнгийн бирж нь 1878 онд байгуулагдсан.

Лондонгийн хөрөнгийн бирж 1750-аад оноос хойш чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ үеэр Вена, Берлин, Парист хөрөнгийн биржүүд ажиллаж эхэлсэн байна.

1817 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дүрмийг баталж, нэрийг нь албан ёсоор "Хөрөнгийн бирж" гэж нэрлэсэн байна. XIX зууны хоёрдугаар хагаст биржүүдийн үйл ажиллагаа бүрэн утгаараа идэвхжиж эхэлсэн юм.

Монголд 1991 оны 1 дүгээр сараас Хөрөнгийн бирж үүд хаалгаа нээсэн бөгөөд 2013 оноос Хөдөө аж ахуйн бирж мөн үйл ажиллагаа явуулж эхлээд байна.