Брокер
Брокер (англи. broker — зуучлагч) - худалдагч ба худалдан авагч (хувьцааны, барааны, валютын бирж дээр), даатгагч ба даатгуулагч (даатгалын брокер) бөгөөд усан болон нисэх онгоцны эзэн ба түрээслэгч нарын хооронд зуучлалын үүргийг гүйцэтгэдэг хуулийн этгээд юм. Брокер нь гүйлгээний нийт дүнгээс шимтгэл хэлбэрээр эсвэл тогтмол хэмжээгээр урамшуулал авдаг байна. Брокерын үйл ажиллагаа нь итгэмжлэлийн гэрээ, зуучлалын гэрээнд суурилдаг юм. Хөрөнгийн брокер, даатгалын брокер, ачаа тээврийн брокер зэрэг олон төрлийн брокерууд байдаг.
Брокерын үйл ажиллагаа эрхлэхэд холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг журамтай. Тухайлбал Монгол Улсад Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Банкны тухай хуулиар брокерын үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд эдгээр хуулиудын дагуу бүртгээд тусгай зөвшөөрөл олгодог байна.
Брокерын төрлүүд
засварлахБиржийн брокер
Биржийн брокер нь тусгай зөвшөөрөлтэй, биржид бүртгэлтэй гишүүн байх ёстой. Үнэт цаасны зах зээлд брокер гэдэг нь харилцагчийн нэрийн өмнөөс болон түүний зардлаар, эсхүл өөрийн нэрийн өмнөөс үнэт цаастай гүйлгээ хийх эрхтэй арилжааны төлөөлөгч, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч бөгөөд үйлчлүүлэгчтэй хийсэн итгэмжлэлийн гэрээний үндсэн дээр үйлчлүүлгээний хөлсөө авдаг хуулийн этгээд юм. Биржийн брокер нь янз бүрийн төрлийн үйл ажиллагааны мэргэжилтнүүд, дилерүүдээр дамжуулан шууд бусаар гүйлгээ хийх боломжтой. Үйлчлүүлэгч нь брокерт барааны тоо хэмжээ, хүргэх хугацаа, үнэ гэх мэт гүйлгээг хийх зааварчилгааг өгдөг. Брокер нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс хийсэн бүх гүйлгээний тайланг гаргаж өгөх шаардлагатай. Ихэнх тохиолдолд хөрөнгийн бирж дээрх гүйлгээг брокерийн байгууллагуудаар дамжуулан хийдэг. Хөрөнгийн бирж дээрх үйл ажиллагааны хувьд брокерийн дансыг ашигладаг бөгөөд үйлчлүүлэгчээс үнэт цаас худалдаж авахад зориулж хуваарилсан мөнгө, түүнчлэн хүлээн авсан орлого хадгалагддаг. Мөн брокер нь үйлчлүүлэгчид үнэт цаасаар барьцаалан брокерийн зээл олгож болно.
Брокерын үйлчилгээнд үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа ордог байна. Ийм үйлчилгээ үзүүлэхийн тулд зах зээлд оролцох брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрөл буюу лиценз хэрэгтэй. Брокер нь үйлчлүүлэгчдээ тодорхой үнэт цаасны талаар зөвлөгөө өгч, худалдан авах/зарах талаар зөвлөмж өгдөг. Үүний тулд брокерууд зах зээлд дүн шинжилгээ хийдэг (үнэт цаас, түүхий эдийн зах зээл, валютын зах зээл) тодорхой хөрөнгийн үнийн хандлагыг тодорхойлж, урьдчилан таамаглах (Хараат бус дүн шинжилгээ) зэрэг ажил хийдэг юм.
Даатгалын брокер
Даатгалын брокер буюу зуучлагч гэдэг нь үйлчлүүлэгчдийнхээ (даатгалд хамрагдах шаардлагатай эсвэл нэхэмжлэл гаргах эрх бүхий даатгагч этгээд) ашиг сонирхлын үүднээс өөрийн нэрийн өмнөөс даатгал, давхар даатгалын чиглэлээр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг даатгалын зах зээлийн бие даасан этгээд юм. Даатгалын брокер нь үйлчлүүлэгчийн даатгалын оновчтой нөхцлийг бүрдүүлдэг тохирох компани (компаниудын бүлэг) хайж өгдөг байна. Даатгал авах тохиолдолд брокер үйлчлүүлэгчид нөхөн төлбөр авахад нь тусалдаг. Мөн даатгалын брокер нь үйлчлүүлэгчийн даатгалын шимтгэлийг төлүүлэх үүрэгтэй.
Бизнесийн брокер
Бизнесийн брокер гэдэг нь хуулийн болон хувь хүн, бэлэн байгаа бизнесийг худалдагч, худалдан авагч хоёрын хооронд зуучилж аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх, худалдан авах/зарах үйлчилгээ эрхэлдэг төлөөлөгч юм. Бизнесийн брокер нь хоёр талын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, гүйлгээ хийх сонирхлын төлөө ажилладаг хүн.
Гаалийн брокер
Гаалийн брокер буюу зуучлагч (гаалийн төлөөлөгч) нь гаалийн байгууллагад бичиг баримт бүрдүүлэхдээ үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлдөг хуулийн этгээд буюу хувь хүн юм. Мөн үүнээс гадна экспорт-импортын үйл ажиллагаанд олон төрлийн логистикийн буюу тээвэрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.