Баянбаатарын Очирбат
Баянбаатарын Очирбат (төрөхдөө Дамдины Чулуундорж, 1920 оны 2-р сарын 7-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд /тэр үеийн Богд хаан уул аймаг/ төрсөн- 2015 онд Улаанбаатар хотод нас барсан)- БНМАУ-ын Дотоод яамны болон Гадаад явдлын яамны орлогч сайд, Элчин сайд байсан төрийн зүтгэлтэн.
Намтар
засварлахДамины Чулуундорж 1920 оны хавар өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын /Эрдэнэ сум/ нутагт малчин эцэг Дүүрэнгийн Дамдин, эх Дашдулам нарын гурав дахь хүү болж төрсөн (Том ах Д.Нацаг, ах Дамдины Ням). Эх Дашдулам 1923 онд төрөхийн хүндрэлээс болж нас барсан тул амьдралын эрхээр 1924 онд 5 настайдаа нутгийн ард үр хүүхэдгүй Тунсагийн Баянбаатар, тайж угсааны Дугарын охин Дашцэрэн нарынд үрчлэгджээ. Түүнийг сургуульд орохоос өмнө 6 настайд нь өргөж авсан эцэг Баянбаатар номтой хүн болгоно гээд худам монгол бичиг, дөрвөн аргын тоо зааж өгчээ.
Улмаар 1928 онд Т.Баянбаатарынх Улаанбаатар хотод шилжин нүүж ирэхэд Б.Очирбат хотын үлгэр жишээ бага, дунд сургуулиудад суралцаж байгаад 15 насандаа буюу 1935 оны 11-р сард сургуулиа орхиж Хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, үсэг хянагч, засагчийн ажил хийсэн.
1938 оны 8-р сарын 15-наас Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны илгээлт, Намын Төв хорооны 20-р тогтоолоор шийдвэрээр Дотоод яаманд Эсэргүүцэн тагнах хэлтсийн 3-р тасагт бэлтгэл төлөөлөгчөөр томилогдон орсон байна.
1938-1950 онд Дотоод яаманд сурах ажилтан, жинхэнэ туслах төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга, орлогч сайд хүртэл ажилсан.
1940 оны 7-р сард Дотоод яамны Улс төрийн газарт хэлтсийн дарга болсон.
Энэ үед Монгол Улсын орчин цагийн Гадаад тагнуулын албыг үүсгэн байгуулахад шууд гар бие оролцсон хүний нэг ажээ.
1943 онд МАХН-д гишүүнээр элссэн. 1946-1949 онд Москва хотноо ЗХУ-ын НАХЯ-ны дунд сургуульд суралцсан.
1949 оны 2-р сард ДЯЯ-ны Аюулаас хамгаалах газрын орлогч дарга, мөн оны 4-р сараас Гадаад тагнуулын газрын дарга бөгөөд ДЯЯ-ны орлогч сайд болж хурандаа цол хүртсэн.
1950 оны 10-р сард МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 276 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажилласан.
1952-1953 онд УБДС дээр Марксизм-ленинизмын их сугууль нээгдэхэд орж суралцсан.
1953 оны 6-р сард Их Хурлын тэргүүлэгчдийн зарилгаар БНМАУ-аас БНХАУ-д суух хоёр дахь Элчин сайдаар томилогдон БНХАУ-ын дарга Мао Зэдунд итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ (Энэ үед Монголын ЭСЯ-нд зөвлөхөөр Д.Цэрэндорж, 1-р нарийн бичгийн даргаар Ринчинсоном, 3-р нарийн бичгийн даргаар Ө.Гүрсэд нар ажиллаж байсан).
Энэ хугацаандаа Бүгд найрамдах Вьетнам Улсын Ерөнхийлөгч Хо Ши Минд мөн Итгэмжлэх жуух бичиг гардуулж БНМАУ-аас БНВУ-д суух анхны Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан.
Мөн 1956 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтооход гар бие оролцож мөн оны 1 дүгээр сард Энэтхэг улсад суух анхны Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Р.Прасадад Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан. Монгол Энэтхэгийн харилцааны суурийг тавьж, улмаар Монгол Улсыг НҮБ-д элсэхэд Энэтхэгийн дэмжлэгийг авахад гар бие оролцож ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
1957 оны 5-р сард эх орондоо ирээд Гадаад явдлын яамны орлогч сайдаар ажиллаж байгаад 1958 оны 8-р сараас -1960 оны 4-р сард Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад, 1960 оны -1962 оны 7-р сар хүртэл Гвиней Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан.
1962-1976 онд Хэвлэлийн хэрэг эрхлэх хорооны Материал хангамжийн баазын дарга, Аж үйлдвэрийн материал техник хангамжийн Ерөнхий газрын орлогч дарга, 1976 оноос Материал техникийн улсын хорооны газрын Харуул хамгаалалтын албаны даргын үүрэг гүйцэтгэж байгаад 1986 онд өндөр насны тэтгэвэртээ суусан.
Гавьяа
засварлах1945 оны Эх орны чөлөөлөх дайнд өөрийн биеэр оролцож Өвөр Монголын нутгаар дамжин Жанчхүүгийн даваа хүрч байсан ахмад дайчин байсан юм.
1942 онд Т.Цэндсүрэнтэй гэрлэсэн.
Б.Очирбат 2015 онд Улаанбаатар хотноо 95 насандаа өнгөрсөн байна.
Шагнал, цол, сонгуульт ажил
засварлахБНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 12, 13 дугаар Их хурлаас Төв хорооны гишүүнээр сонгогдож байсан бөгөөд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломатын дээд цолтой.
Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж тусгаар тогтнолыг бүрдүүлж гадаад харилцааг хөгжүүлэхэд 52 жил тасралтгүй идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг Монгол Улсын Төр, засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтан гадас одон, байлдааны гавьяаны медалиар хоёр удаа шагнасан. Б.Очирбат мөн ЗХУ-ын Улаан таван хошуу одон /Красная звезда/, ойн медалиудаар шагнагдаж байжээ.