Дамдины Ням
Дамдины Ням /1916-1996/ Монгол Улсын орчин цагийн анхны дипломатуудын нэг. Киноны хэрэг эрхлэх газрын анхны дарга.
Намтар
засварлах1916 оны 4 дүгээр сарын 1-нд (хаврын дунд сарын шинийн нэгэнд төрснөө баримт бичигт аргын тооллоор ингэж тэмдэглүүлсэн бололтой) одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын /тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан Чин Вангийн хошуу/ нутагт Д.Дамдины дунд хүү болон "Гүн галуутай" хэмээх газар төржээ. (Ах Тувааны Нацаг, дүү Баянбаатарын Очирбат).
Эцэг Дамдин нь Түшээт хаан аймгийн Данхан Чин Вангийн хошууны Гүн Галуутай нутагт 1880 онд малчин ард Дүүрэнгийн хүү болж төрөөд хувийн мал аж ахуй эрхэлж амьдарч байгаад 1927 онд нас барсан.
Д.Ням бага насаа мал дээр өнгөрөөж, Богд Хан уулын хошууны тамгын дэргэдэх тэнхимийн сургуульд сурч байсан. Эх нь түүний дүү Б.Очирбатыг төрүүлээд 1924 онд нас барсан байна.
Боловсрол
засварлах1928 онд Богд хаан уулын аймаг, Богд хаан уулын хошууны Тамган дээр байгуулагдсан Танхимын сургуульд орж, бичиг үсэг суралцан төгсөж улмаар 1931 онд Улаанбаатар хотод нүүж ирээд хотын 1 дүгээр дунд сургуульд орж 2 жил суралцаж төгссөн байсан.
1933 онд Хөдөө аж ахуйн техникумд шилжин, 1 жил суралцсаны дараа уг сургуулиас гарч ажил хийж амьдрах болсон юм. Тэрээр үндэсний монгол бичгээр цэвэр алдаагүй бичдэг байсан тул 1932 оны хавар /тэр үед сургуулийн сурагчдыг хөдөө орон нутагт соёлын довтолгооны багшаар томилжээ, латин үсэг заалгаж байснаар Төв аймгийн Угтаал суманд очиж латин үсгийг зааж байгаад мөн оны намар шинэ эргэлтийн дараа буцан ирж сургуульдаа орж төгссөн байна.
Ажилласан байдал
засварлах1934 оноос Монгол тээхийн хоёрдугаар бааз, дараа нь Засгийн газарт ахлах зааварлагч, Намын Төв Хороонд тасгийн эрхлэгч, Киноны хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад жуулчныг үйлчлэх товчооны дарга зэрэг алба хашиж байсан.
1940 оны 6-р сард Гадаад Явдлын Яаманд дипломат албанд шилжин Зөвлөлт Холбоот Улсад суугаа Элчин сайдын Яаманд Элчин сайд Ж.Самбуугийн удирдлага доор хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилсан.
1941 оны 5 дугаар сараас эхлэн /эрүүл мэндийн шалтгаанаар/ Засгийн газрын шийдвэрээр Гадаад Явдлын Яамны Өрнөдийн хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад Намын Төв Хорооны шийдвэрээр 1941-1944 онд Намын Төв Хорооны дэргэдэх Намын Шинэ хүчний дээд сургуульд суралцаж төгссөн байна.
1944 оны 7 дугаар сард Намын Шинэ хүчний дээд сургуулийг төгсч Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хорооны Улс Төрийн товчооны тогтоолоор НТХ-ны Тусгай тасгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан.
1946 оны 1 дүгээр сард Гадаад Явдлын Яамыг өргөгтгөх үед ГЯЯ-ны Протоколын ангийн референтээр шилжин ажиллаж байсан.
1950 оны 6 дугаар сард БНМАУ-аас БНХАУ-д суух анхны ЭСЯ-нд 2 дугаар нарийн бичгийн даргаар, 1952 оны 1 дүгээр сараас 1 дүгээр нарийн бичгийн даргаар дэвшин томилогдож ажиллаж байгаад 1953 оны 5 дугаар сард уг ажлаас чөлөөлөгдөн орон нутагтаа буцаж ирсэн.
1953 оны 6 дугаар сараас ГЯЯ-ны Протоколын /Ёслолын/ хэлтсийн орлогч эрхлэгчээр, 1953 оны 8 дугаар сараас эхлэн мөн Яамны шинэ хүчний хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1954 оны 1 дүгээр сард уг хэлтэс татан буугдсан учир чөлөөлөгдсөн.
1954 оны 1 дүгээр сараас Намын Төв Хорооны шийдвэрээр Урлагийн Хэрэг эрхлэх газрын харьяа Кино үйлдвэр, кино үзвэрийн хэрэг эрхлэх газар хоёрыг нэгтгэж Киноны хэрэг эрхлэх газар болгоход уг газрын даргаар томилогдон ажиллав.
1954 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын “Алтай” зочид буудал, “Алтай” ресторан хоёрыг нэгтгэж Гадаад худалдааны газрын харьяа Гадаад жуулчдыг үйлчлэх товчоо болгоход Намын Төв Хорооны шийдвэрээр Киноны хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Гадаад жуулчдыг үйлчлэх товчооны даргаар томилогдон ажилсан бөгөөд 1956 оны 1 дүгээр сараас эхлэн уг товчооны зохион байгуулалтыг өргөтгөж, Гадаад худалдааны яамны харьяа Гадаадын жуулчдыг үйлчлэх газар болгоход уг газрын орлогч даргаар томилогдон ажилласан.
1956 оны 6 дугаар сараас уг ажлаас чөлөөлөгдөж Гадаад Явдлын Яамны тусгай хэлтсийн даргаар шилжин ажиллаж байгаад 1957 оны 12 дугаар сард уг ажлаас чөлөөлөгдөн БНМАУ-аас БНАСАУ-д суух анхны ЭСЯ-ны 2 дугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж, 1958 оны 11 дүгээр сард уг ажлаас чөлөөлөгдөн эх нутагтаа эргэн ирсэн билээ.
1958 оны 11 дүгээр сараас Гадаад Явдлын Яамны Ерөнхий канцелярын газар референтээр, 1959 оны 3 дугаар сараас тус Яамны Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн орлогчоор, 1961 оны 1 дүгээр сараас Аж ахуйн хэлтсийн даргаар тус тус ажилласан.
1961 оны 12 дугаар сарын 15-наас ГЯЯ-ны Гэрээ, архивын референт.
1969 оны 7 дугаар сараас Гадаад Яамны Архив, номын сангийн тасгийн даргаар томилогдон ажилласан.
1972 оноос 1978 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж 1978 оны эцсээр тэтгэвэртээ суусан.
Тухайн үеийн Гадаад Явдлын Яаманд Ням нэртэй хүн хэд хэд байсан тул "улаан хамар Нямаа" гэж түүнийг нэрлэдэг байжээ.
ЗХУ-ын удирдагч Л.И.Брежневийг 1966 онд БНМАУ-д айлчлах үеэр байгуулсан "Найрамдлын Гэрээ"-нд Ю.Цэдэнбал, Л.Брежнев нар гарын үсэг зурахад Монголын талаас баримт бичгийг түшиж байсан нь баримтат киноны дэлгэцнээ дүр нь үлджээ.
Гэр бүл
засварлахЭхнэр Сүхбаатарын Хандсүрэн, тэд нар 10 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.
Шагнал
засварлахТөр, засгаас Д.Нямын гавьяа зүтгэлийг үнэлж "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, "Алтан гадас" одонгоор гурван удаа болон Хөдөлмөрийн хүндэт медаль, БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг, Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.
Тэрээр 1996 онд өвчний улмаас Улаанбаатар хотноо нас баржээ.