Базарын Ишдорж буюу жинхэнэ нэр нь Ишдоржийн Базар (1898 онд Өргөө хотод төрж, 1938 онд нас барсан) - Монгол Улсын сэхээтэн, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн.

 
Б.Ишдоржийн ном

Тэрээр сүүлд яллагдаж байхдаа өгсөн мэдүүлэгтээ "1899 онд Буриад Монголын Автонимит Улсын Сэлэнгэ Оронгой суманд төрсөн, Оронгойн бага сургууль, Чита хотын гимназийг тус тус төгссөн" хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн Эрхүү хот дахь Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Б.Шумяцкийн оролцоотойгоор Монголын хувьсгалчидтай танилцсан нь Монгол оронтой хувь заяагаа холбохын эхлэл болжээ. Монголын хувьсгалчид 1920 оны 11 дүгээр сараас Эрхүү хотноо “Монголын үнэн” сониныг хэвлүүлж эхлэхэд сонины зөвлөлд С.Буяннэмэх, Базар Ишдорж нар ажиллаж байсан төдийгүй 1922 оны 1-р сард Москва хотноо Дорно дахины Хөдөлмөрчдийн анхдугаар их хурал хуралдахад Монголын төлөөлөгчдийн орчуулагчаар ажиллаж, манай орны төлөөлөгчид В.И.Ленинтэй уулзахад хэлмэрч хийж байсан хэмээн дурссан байдаг.

Тухайн үеийн Монгол улсад ард иргэдийг бичиг үсэгт сургах, тэдний мэдлэг боловсролыг дээшүүлэхэд буриадын эрдэмтэд багагүй хувь нэмэр оруулсан байдаг. Ардын Засгийн Газраас 1922 оны 4-р сард Дотоод Явдлын Яамны дэргэд Сургуулийн хэлтсийг байгуулж, 1924 онд Ардыг Гэгээрүүлэх Яам нь ерөнхий, сургуулийн, ардыг боловсруулах гэсэн 3 хэлтэстэй байгуулагджээ. Энэхүү сургуулийн хэлтэс нь бага, дунд тусгай мэргэжлийн сургуулиудыг байгуулж, түүний сурагчид, багш нарын орон тоо, төсөв зардлыг тогтоох, сурах бичиг хэвлүүлэх ажлыг хариуцаж байжээ.

1922 онд Засгийн Газрын 33 дугаар хурлаар Нийслэлд “Багш нарыг бэлтгэх сургууль” байгуулан монгол бичиг мэддэг 20-иод залуучуудыг 4 сарын хугацаагаар сургаж, бага сургуулиудын танхим нээх тухай тогтоолыг батлав. Мөн онд Базар Ишдорж Сургуулийн хэлтсийн тушаалаар Монголд ирж тус бага сургуульд орчуулагчаар ажиллаж байгаад 1925 онд Улаанбаатар хотын дунд сургуулийн танхимын хэргийг захиран шийтгэх сургагчаар ажилласан байна. Харин хэдэн оноос дунд сургуулийн захирал болсныг тодруулбал, архивын хөмрөгт буй 1926 оны Ардыг Гэгээрүүлэх Яамын ажилчдын бүртгэлд, “Ишдорж 27 настай, Буриад улсын харьяат, дунд сургуулийн захирал, сургагч, дунд сургуулийн байшингийн дугаар №5-д амьдармуй” гээд үргэлжлүүлсэн байна.

 
Б.Ишдоржийн гадаад паспорт

1926 онд Гэгээрлийн сайд Эрдэнбатхааны хамт Герман, Франц руу анхны 35 оюутныг авч явсан хүн. Тэндээ монгол оюутан сурагчдын захирал байсан. Хүү Санчир, эхнэр Цэрэндулам нарын хамт тэндээ байсан.

1928 оны 3-р сард түүний туслах Мэргэн гүн Гомбожавын хамт Парис орж тэнд сурч байсан оюутнуудын амьдрал, аж байдал, сурлагатай танилцаж байсан.

1929 онд Германы сонинд "Foreign culture in Mongolia" өгүүлэл хэвлүүлж байсан. "Панмонгол" үзэлтэй гэж буруутгагдсан.

1929 онд Берлинээс Улаанбаатарт ирсэн байна. Түүнийг Монголд ирсний дараа 1930 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн Төв Хороо ба Хянан Байцаах Төв Комиссын тэргүүлэгчдийн хамтарсан 50-р хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэнгийн гишүүнээр сонгожээ.

1935 эсвэл 1936 онд Судар бичгийн хүрээлэн зэрэг шинжлэх ухаан, боловсролын салбаруудад хүртэл ажиллаж байгаад ЗХУ руу буцсан бололтой.

 
Б.Ишдоржийн гадаад паспортын хуудас №2,3

1937 оны 8-р сарын 7-нд ЗХУ-ын ШУА-ийн аспирант М.Гомбожавыг хэрэгт тулган хүлээлгэж таслан шийдвэрлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг Ленинград мужийн ДХАК-ын удирдах газрын дарга гаргасан байдаг. Уг тогтоолд, түүнийг шинээр илэрсэн Японы тагнуулын хорлон сүйтгэх, эсэргүү байгууллагын гишүүн болох нь нотлогдсон тул ЗХУ-ын Эрүүгийн хуулийн 58-6, 9, 11-р зүйлээр хэрэгт татан тусгаарлан хорьжээ. Байцаалтын явцад, Гомбожав өөрийн танил хамтран ажиллаж байсан болон багш шавийн барилдлагатай олон хүний нэрийг мэдүүлсний дотор 1923 онд Базар Ишдоржтой Монголд танилцсан, одоо Гадаад хэвлэлийн редактороор ажилладаг гэж хэлж байжээ.

1938 оны 5-р сарын 12-нд Базар Ишдоржийг хувьсгалийн эсэргүү улс төрийн хэрэгтнээр баривчлан хорьсон байна.

Монгол Улс тусгаар тогтносон орон байхын төлөө тэмцэгч байсан.

Цагаатгал

засварлах

1958 оны 5-р сарын 27-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Зөвлөлийн дарга, Цэргийн Шүүхийн хошууч генерал Лихачев, гишүүдэд Цэргийн шүүхийн дэд хурандаа Демидов Иванов нарын бүрэлдхүүнтэйгээр Базар Санжиевич Ишдоржийн хэргийн талаар хуралдаж, Цэргийн Ерөнхий Прокурорын дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтэд, Базар Ишдоржийг 1922 оноос эхлэн Пан монгол үзлийг сурталчлагч, хөрөнгөтний үндсэрхэг үзэлт, алан хядах тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн, уг байгууллагынхаа даалгавраар Японы тагнуулын байгууллагын эрх ашигт нийцүүлэн тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэж байсан хэмээн буруутгагдаж, ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Зөвлөлөөс ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 58-1а, 58-8, 58-11 зүйл ангиудаар яллагдаж, буудан алах, хөрөнгийг нь хураах ялаар шийтгүүлсэн хэргийг өнөө цагт шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нэмэлт мөрдөн байцаалт явуулж, Ишдоржийг үндэслэлгүй ялласан болох нь тогтоогдсон тул түүнд тулгасан ялыг хүчингүй болгож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас энэ хэргийг хаахыг хүссэнээр, ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Зөвлөлийн 1938 оны 9-р сарын 17-ны өдрийн ялыг хүчингүйд тооцож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаасан байна.

"Монгол Улсын хураангуй түүх" хэмээх 1924 онд хэвлүүлсэн бүтээл бол Ардын засагт Монгол улсын үед дундад зууны ба шинэ үеийн Монголын түүхээр бичсэн анхны бүтээл байв.

Монголын газар нутаг Аргун мөрөн, Байгал далай, Танну уулнаас Түмэн газрын их цагаан хэрэм хүрч байсныг зохиолын эхэнд хураангуй дурдаад Монгол нутагт сууж байсан Түрэг, Уйгурын үеийг тэмдэглэж, Түрэгийн хаадын дурсгалын хөшөө эдүгээгийн Монгол нутагт байдгийг дурджээ.

“Герман-Монгол хэлний толь бичиг” (1928), "Die Heutige Mongolei Kulturelle Aufbauarbeit in der Mongolei" нийтлэл (1929), Монгол хэлний дүрэм (1930), Монголын шинэ үсгийн заавар (1931), Унших дэвтэр (1931), Монгол үсэг хэмээх дэвтэр (1933), Монгол хэлний яруу найруулга (1934), Монгол үсгийн сурах бичиг (1936) зэрэг олон бүтээл нь хэл шинжлэлийг хөгжүүлэхэд үнэтэй нэмэр оруулжээ.