Багдадын батарей
Багдадын батарей гэж 1936 онд Багдад хотын ойролцоох 2000 жилийн настай нэгэн тууриас олдсон ваарыг хэлдэг байна. Энэ нь 6 инчийн өндөртэй шавар ваар бөгөөд дотроо ороохдоо гагнаж тогтоосон зэс ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зэс ялтсаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Мөн цилиндр дотор төв хэсэгт нь төмөр саваа байх ба дээд талаас нь асфальтаар тогтоож өгчээ. Олдворыг олох үед доторх төмөр саваа нь ихээхэн зэвэрсэн байсан байна.
1940 онд археологич Вилгельм Кёнинг энэхүү ваарыг батарей байсан байж магадгүй хэмээн мөнгийг алтаар бүрэх зэрэгт ашиглагддаг байж болох тухай таамаглал дэвшүүлсэн. Энэхүү таамаглал хэрвээ үнэн бол 19-р зуунд Алессандро Вольтийн нээсэн электрохимийн батарейн нээлт 2000 жилээр урагшлах боломжтой. Мөн тэр жилдээ инженер Виллярд Грэй энэхүү батарейг дуурайлган хийгээд зэсийн сульфат ашиглан хагас вольтын цахилгаан гаргаж авсан. 1970 онд Арне Эггэбрэхт гэгч Египет судлаач мөн эдийг дуурайлгаж хийгээд туршилт хийжээ. Тэрбээр эрт дээр үед юу ашиглаж таарах вэ гэдгийг бодолцон усан үзмийн шүүсээр батарейгаа дүүргэжээ. үүний үр дүнд 0.87 Вольтийн хүчдэл гаргаж авч чадсан байна.
Хэдий ийм баталгаанууд байгаа боловч зарим нэг археологичид илүү нухацтай байр суурьтай байна. Учир нь туршилтын үр дүн магадгүй зөвхөн физик байдлаар боломжтой гэдгийг харуулж байна. Харин тэр үед яг энэ зорилгоороо ашигладаг байсан уу, үгүй юу гэдэг нь илүү чухал гээд цаашид сайтар судлах хэрэгтэй гэжээ. Ямар боловч Багдадын батарей гэж нэрлэгдээд байгаа энэ олдвор маань нууцлагдмал оньсого хэвээр байна.