Аруд
Аруд (ханз: 阿魯圖; пиньинь: Ā lǔ tú; ?-1351), Монголын арулад овгийн Боорчийн 4-р үеийн ач, Юань улсын баруун гарын чинсан, тайфу, гуанпин ван.
Тэрээр анх хишигтэн цэрэгт алба хааж, дараа нь бичгийн утгачийн хүрээлэнгийн чэнжи (翰林學士承旨) түшмэл болж, удалгүй цэргийн явдлын хүрээлэнгийн сайд болов. 1337 онд эцгийнхээ гуанпин ван, түмтийн ноён цол албан тушаалыг залгамжилсан. 1344 онд Тогтох чинсанд "Ляо, Жинь, Сүн" гурван улсын түүх бичих ажлыг хариуцуулсан боловч, Тогтох чинсан огцорсноор, тус оны 6 сард тушаал дэвшин Төвлөн засах яамны баруун гарын чинсан болж, улсын түүх зохиох хүрээлэнгийн хэргийг хавсран захирах болов. 1345 оны 11 сард гурван улсын түүхийг бичиж дуусаад, Тогоонтөмөр хаанд өргөн барив.
1346 онд зүүн гарын чинсан Бэрхбуха тэргүүтэй олон сайд түүний эсрэг удаан хугацаанд зарга үүсгэн, албан тушаалаас огцруулав. Түүнийг албан тушаалаа үг дуугүй хүлээлгэн өгсөнд шадар нөхөд нь: "Сайд таны ажил үйлс сайн, зарга шийтгэх түшмэдийн хэлсэн нь зүйд нийцэхгүй байхад, та яагаад эзэн хаанд хэлж заргалдсангүй вэ"[1] гэсэнд, Аруд ноён хэлсэн нь: "Би болбоос Боорчугийн удам, чинсангийн тушаал тийм хэрэгтэй гэж үү? их хааны зарлигийг би эсэргүүцэж зүрхлэхгүй, зарга шийтгэх түшмэд ингэж шийдсэн бол, би даруй одох ёстой. Зарга шийтгэх яамыг Сэцэн хаан байгуулсан, би одоо зарга шийтгэгч түшмэдийг эсэргүүцвэл Сэцэн хааныг тэрссэнтэй адил. Иймээс над өөр санаа үгүй."[1] 1351 онд Аруд ноёнд тайфу цол өгч, Хархорум хотыг захируулахаар илгээсний дараа нас барав.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Юань улсын судар-139 дүгээр дэвтэр: Арудын шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-20.