Элч Паул (гре. Παύλος, Паулос) бол эртний Христийн шашны түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн номлогчдын нэг бөгөөд тэрээр ойролцоогоор МЭ 5-67 оны үед амьдарч байсан. Шинэ Гэрээний номууд болох 27 захидлуудаас 14-ийг нь бичсэн гэдэг. Гэхдээ зарим эрдэмтэд 13-ыг бичсэн гэж үздэг. "Саул" гэдэг нэр нь Христитгэлт болсны дараа нь "Паул" хэмээгдэх болсон. Эртний Ромын Тарс (Одоогийн Туркийн өмнөд хэсэгт орших Мерсин мужийн Тарс хот)-д төрсөн.

Андрей Рублёв, Гэгээн Апостол Павел, 1410 он орчим

Түүний грек нэр нь грекээр Παῦλος (Паулос), латинаар Paulus (Павлус). Монгол хэл уруу хөрвүүлсэн Библийн хэд хэдэн орчуулгад түүний нэрийг Паул, Пууль, Павлус гэх зэргээр янз бүрээр галиглан буулгасан байдаг. Түүний еврей нэр нь еврей хэлээр שָׁאוּל, (галиглавал Шаул, "гуйсан, асуусан, залбирсан" гэсэн утгатай үг) бөгөөд энэ нэрний грекжсэн хэлбэр нь Σαούλ (Саул), Σαῦλος (Саулос) юм. Тухайн үед Израил улс Ромын Эзэнт гүрэнд колончлогдож байсан ба грек хэл, соёл хүчтэй нөлөөтэй байсан тул зарим еврей хүмүүс грек болон еврей нэртэй байсан.

Апостол гэдэг нэрийн тухай

засварлах

Апостол гэдэг үг нь сонгодог грек хэлний "илгээгдсэн нэгэн" гэх утгатай ἀπόστολος (апостолос) гэдэг үгнээс үүссэн юм. Ерөнхийдөө бол "төлөөлөгч, элч" гэсэн утгатай үг. Харин Библиийн Шинэ Гэрээн дээрх энэхүү хэллэг нь онцгой эрх, үүрэг хүлээн авч Бурханаар томилогдсон хүмүүсийг нэрлэх нэг ёсны цол маягийн утгатай бөгөөд ер нь бол Есүс Христийн арван хоёр дагалдагчийг апостол гэж нэрлэдэг. Түүнээс гадна мөн Паулыг үргэлж апостол гэж нэрлэдэг. Учир нь түүний хийж байсан ажил үүргийг Бурханы өгсөн үүрэг хариуцлага гэж үздэг. Паул өөрөө ч энэ талаар хэлж байсан. Түүний хэлсэн үгсээс иш татвал: "Христ Есүсийн боол Паул би элч (апостол) болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний төлөө тусгаарлагдсан (Шинэ Гэрээ Ром ном 1:1)". "Бурханы хүслээр Христ Есүсийн элч (апостол) байхаар дуудагдсан Паул би... (Шинэ Гэрээ 1Коринт ном 1:1)". "Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч (апостол) болсон Паул би...(Шинэ Гэрээ Галат ном 1:1)".

Эх сурвалж

засварлах

Павелын талаарх гол түүхэн эх сурвалж нь Шинэ Гэрээний Үйлс ном болон түүний бичсэн захидлууд юм.