Андрей Макаревич
Андрей Вадимович Макаревич (1953 оны 12-р сарын 11-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) -Зөвлөлтийн болон оросын рок-хөгжимчин, дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч, продюсер, телевизийн хөтлөгч, «Машина времени» /Цаг хугацааны машин/ рок хамтлагийг үүсгэн байгуулагч болон удирдагч. ЗСБНХОУ-ын Гавьяат жүжигчин (1991), ОХУ-ын Ардын жүжигчин (1999).
Намтар
засварлахТэрээр 1953 оны 12-р сарын 11-нд Москва хотод Москвагийн Архитектурын дээд сургуулийн багш, архитектор Вадим Григорьевич Макаревич (1924-1996), сүрьэгийн эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Нина Марковна Макаревич (1926-1989) нарын гэр бүлд төрсөн.
Түүний эцэг Эх орны дайнд оролцогч, 1943 оны 12-р сард Карелийн фронтод хөлөө алдаж, 1945 оны 9-р сард эдгэрснийхээ дараа Зөвлөлтийн армийн цэргээс халагдаж, дэслэгч Макаревич Эх орны дайны одон, "Москваг хамгаалсны төлөө", "Германыг ялсны төлөө" болон бусад медалиар шагнуулж байжээ. 1956 оноос - Москвагийн Архитектурын дээд сургуулийн Барилгын физикийн тэнхимийн багш (1977-1988 онд), дэд профессор, дараа нь профессор байж байгаад 1993 онд өвчний улмаас тэтгэвэртээ суужээ.
Эцгийн талын өвөг эцэг нь тосгоны багш Григорий Андреевич Макаревич (1886-1947), өнөөгийн Белорусийн Гродно мужийн Павловичи тосгоноос гаралтай. Эцгийн талын эмэг эх ЗСБНХОУ-ын гавьяат багш, биологич Лидия Антоновна Макаревич (Уссаковская, 1891-1973), Гродно мужийн Блюден тосгоноос гаралтай. 1915 онд тэд Москва руу нүүж ирсэний дараа хөгжимчний эцэг төржээ.
Андрейгийн бага нас Москва хотын Волхонка дахь хоёр давхар байшингийн нийтийн орон сууцанд өнгөрсөн байна. Дараа нь тэдний гэр бүл 1961 онд "Комсомольскийн проспект" руу нүүж тусдаа байранд орж Андрейгаас 9 насаар дүү охин нь төрсөн байна.
Эцгийнхээ ачаар Андрей Макаревич гэртээ байнга хөгжим сонсох боломжтой болсон. Архитектор, сонирхогч хөгжимчин эцгийнхээ удирдлаган дор бага наснаасаа төгөлдөр хуур тоглодог болсон. Тэрээр хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын ангид орсон боловч эцэг эхтэйгээ зөрөөд сургуулиа орхисон байна. Андрей Макаревич 1960-1970 онд Москвагийн англи хэлний тусгай 19-р сургуульд суралцсан. 12 настайдаа Макаревич бие дааж гитар тоглож эхэлсэн. Бага наснаасаа тэрээр Булат Окуджава, Владимир Высоцкий нарын дуу, хөгжимд дуртай байжээ.
1966 онд тэрээр The Beatles хамтлагийн хөгжимтэй танилцаж, өөрийнх нь хэлснээр үе тэнгийнхнийхээ адил Битлзийн шүтэн бишрэгч болсон нь түүний ирээдүйн хувь заяаг ихэд өөрчилсөн байна. Энэ тухай тэрээр "Чихнээс бөглөөс аваад хаях шиг л болсон. Битлзийг өдөр шөнгүй сонсдог байсан..." гэж дурссан байна.
1971 онд сургуулиа төгсөөд Москвагийн Архитектурын дээд сургуульд элсэн орж, 1974 онд сургуулиасаа хөөгдөж (албан ёсоор - "хүнсний ногооны баазын ажлаа цаг тухайд нь орхиж рок хөгжмийг зөвшөөрөөгүй тоглосоны улмаас), дараа нь тэрээр архитекторчоор "Гипротеатр архитектор" ("Театр, зугаа цэнгэлийн байгууламжийн зураг төсөл боловсруулах улсын хүрээлэн") 1979 он хүртэл архитектор В.А. Сомовын удирдлаган дор ажиллажээ.
1975 онд Москвагийн Архитектурын дээд сургуулийн оройн тэнхимд сэргээн орж 1977 онд график урлаг, архитектурын дипломтой төгссөн. Тэрээр хэд хэдэн архитектурын төсөл хэрэгжүүлсний нэг нь цирк юм. Гэсэн хэдий ч энэ бүх хугацаанд гол ажил бол "Цаг хугацааны машин" байжээ. 1979 онд ЗХУ-ын Союзконцерт "Цаг хугацааны машин"-тай гэрээ байгуулж, тус хамтлагт хууль ёсны статустай болсон тул тэр цагаас хойш Макаревич "Гипротеатр"-аас гарч, албан ёсоор хөгжимчин, жүжигчин болжээ. Түүнээс хойш тэрээр хамтлагийн бүрэлдэхүүнд олон удаа ЗХУ-аар аялан тоглолт хийсэн байна.
Үзэл бодол
засварлах1967 онд Андрей Макаревич "ЗХУ-ын Коммунист Залуучуудын эвлэл" /Комсомол/-д элссэн бөгөөд 1980-аад он хүртэл албан ёсоор гишүүн байсан. 1970-аад оноос хойш тэрээр ЗСБНХУ-ын улс төрийн тогтолцоонд сөрөг хандлагатай байсан хэдий ч тэр хэзээ ч тэрс үзэлтэн байгаагүй, коммунист дэглэмийн эсрэг нээлттэй үг хэллэгт оролцдоггүй байсан тухайгаа ярилцлага, номондоо олон удаа дурдсан байдаг. Макаревичийн бичсэн олон дууны үгийг тус хамтлагийн шүтэн бишрэгчид улс төрийн өнгө аястай гэж ойлгодог байсан ("Утсан хүүхэлдэйнүүд", "Та хэнийг гайхшруулахыг хүссэн бэ?", "Эргэлт", "Саад" болон бусад). Фэнүүд нь тэнд байдаггүй, хэзээ ч байгаагүй дэд текстийг ихэвчлэн олдог гэж өөрөө үргэлж хэлдэг байсан, үүнээс гадна заримдаа дуунууд тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөний нөлөөн дор бичигддэг бөгөөд зохиолчийн ертөнцийг үзэх үзлийг "бүхэлдээ" огт тусгадаггүй байсан" гэжээ.
1991 оны 8-р сарын 20-нд болсон 8-р сарын төрийн эргэлтийн өдрүүдэд "Цаг хугацааны машин" Оросын Цагаан ордны хамгаалалтад гарсан, үүнийхээ төлөө хамтлагийн бүх гишүүдийг "Чөлөөт Оросыг хамгаалагч" одонгоор шагнасан байна.
Ихэнхдээ Макаревич улс төрөөс зайлсхийж, улс төрийн чухал үйл явдлуудад бараг оролцдоггүй боловч 1991-2011 онуудад тэрээр Оросын засгийн газар: эхлээд Борис Ельцин, дараа нь Владимир Путин, Дмитрий Медведев нарыг тууштай дэмжиж байсан.
2003 оны 5-р сарын 24-нд Москвад Пол Маккартнигийн концерт дээр Макаревич ерөнхийлөгч Путины хажууд хамт сууж байсан. Хожим нь эргэн дурсахдаа тэрээр ерөнхийлөгчтэй харилцахдаа ямар ч буруу зүйл олж хараагүй, түүнд өрөвдөх сэтгэлээр хандсан, үүнээс гадна Андрей өөрөө Путины хажууд суухыг эрэлхийлээгүй, харин тэнд уригдаж суусан гэдэг. Олон нийтийн тодорхой хэсгийн ийм байр суурь нь Макаревичийг "эрх баригчидтай тохиролцсон" гэж буруутгах шалтгаан болж байсан.
2010 оны арванхоёрдугаар сард тэрээр Борис Гребенщиков, Владимир Шахрин, Александр Ф.Скляр, Константин Кинчев, Евгений Федоров нартай хамтран Михаил Ходорковскийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг уриалсан захидалд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт гарын үсэг зурж илгээсэн. "Московский комсомолец"-ийн сурвалжлагчийн асуултад Макаревич хариулахдаа, түүний бодлоор Михаил Ходорковскийн хэргийг "Оросын сунжирсан гутамшиг" гэж үзэж, "цагаан утсаар оёсон" бөгөөд шударга шүүхээр асуудлыг хянан шийдвэрлэх ёстой гэж мэдэгдсэн юм.
21-р зууны хоёрдугаар арван жилийн эхэн үеэс эхлэн Макаревич Оросын эрх баригчдад хандах тайван, ерөнхийдөө эерэг хандлага шүүмжлэлтэй болж өөрчлөгдсөн. Макаревичийн сүүлчийн («Улетай», «Пой», «Простите», «Рассмеши меня, Петросян», «К нам в Холуёво приезжает Путин») дуунуудаас олон нийтийн амьдралд сэтгэл дундуур байгааг харж болно.
2012 оны есдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч В.Путин Макаревичийг ОХУ-ын Төрийн Соёл, урлагийн зөвлөлийн гишүүнээс хасжээ. Хөгжимчин өөрөө энэ албан тушаалыг алдсандаа харамсдаггүй, учир нь түүний хэлснээр Соёлын зөвлөл үнэхээр чухал зүйлийг шийддэггүй. 2012 оны 10-р сарын 27-нд болсон "Иргэний платформ" улс төрийн намын их хурлаар А.Макаревич холбооны иргэний хорооны гишүүнээр сонгогдов.
2014 оны 2-р сард тэрээр Крымын үйл явдлын үеэр Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт нэвтэрч болзошгүйг эсэргүүцсэн анхны хүмүүсийн нэг байв. Мөн оны 3-р сард тэрээр Энхтайвны жагсаалд оролцож, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Украины талаар баримталж буй бодлогыг эсэргүүцсэн Оросын соёлын зүтгэлтнүүдийн уриалгад гарын үсэг зуржээ.
2019 оны 4-р сард Макаревич ерөнхийлөгч Путины өөрийгөө тунхагласан Донбасс, Луганск-ын оршин суугчдад Оросын паспорт олгох шийдвэрийг буруушааж: "Донбассын оршин суугчдын иргэншилд анхаарал тавих нь мэдээжийн хэрэг сэтгэл хөдөлгөм. Би зүгээр л бодож байна - магадгүй юун түрүүнд зам, эмнэлэг, сургуульгүй, хашаандаа жорлонтой эх орныхоо уудам нутагт оршин буй олон зуун мянган иргэдийнхээ амьдралыг эхлээд засах ёстой болов уу? Нэн тэргүүнд тавих дарааллаар, өөрөөр хэлбэл. Тэрээр Беларусийн эрх баригч дэглэмийг шүүмжилдэг. 2020 оны есдүгээр сард тэрээр Беларусь дахь эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн захидалд гарын үсэг зурсан байна.
2022 оны 2-р сард (Оросын Украин руу довтлохоос өмнө) Макаревич: "Биднийг бүх соёл иргэншсэн ертөнцтэй хэрэлдүүлж, дайны ирмэгт тулсан, тэд бидний өмнөөс бусад ертөнцөд бүдүүлэг ханддаг, тэд бидний өмнөөс худал хэлдэг, хууль гууль боллоо - яагаад? гэжээ. Тэрээр энэ үйл явдлаас хойш Израиль руу гарсан байна.