Аллен Даллес
Аллен Уэлш Даллес (англи. Allen Welsh Dulles; 1893 оны 4-р сарын 7-нд Нью-Йорк мужийн Уотертаун хотод төрсөн —1969 оны 1-р сарын 29-нд Вашингтон хотод нас барсан) — Америкийн хуульч бөгөөд 1953—1961 онд АНУ-ын Тагнуулын Төв газрын анхны цэргийн бус захирал бөгөөд өнөөг хүртэл хамгийн удаан захирлын албыг хашсан хүн юм. Хүйтэн дайны эхэн үед Тагнуулын төв газрын захирлаар ажиллаж байхдаа тэрээр 1953 оны Иран болон 1954 оны Гватемал дахь төрийн эргэлт, U-2 нисэх онгоцны хөтөлбөр, оюун ухааныг хянах хөтөлбөр болон 1961 онд Куба руу хийсэн бүтэлгүй довтолгоон зэргийн удирдан зохион байгуулсан юм. Кубын үйл явдлын дараа түүнийг Ерөнхийлөгч Жон Кеннеди огцуулсан юм.
А.Даллес Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагыг мөрдөн шалгах "Уоррены комисс"-ын гишүүн байсан. Кеннедигийн аллагад Даллес болон Тагнуулын төв газар ямар нэгэн байдлаар оролцсон гэсэн хуйвалдааны онол, түүнийг Уоррены комиссын хүрээнд нуун дарагдуулах нь түүхчид, улс төрийн тоймчид, хуйвалдааны онолчдын дунд түгээмэл маргааны сэдэв болжээ. Сүүлд 1979 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын "Аллагыг судлан дүгнэх хороо" (HSCA) Жон Кеннедигийн аллагад АНУ-ын Тагнуулын төв газар оролцоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Төрийн алба хаах хооронд Аллен Даллес "Sullivan & Cromwell" корпорацийн хуульч бөгөөд хамтрагч байсан. Түүний том ах Жон Фостер Даллес АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Вашингтоны Олон улсын нисэх онгоцны буудлын нэрийг түүний дурсгалд зориулж өгчээ.
Намтар
засварлахАллен Уэлш Даллес 1893 оны 4-р сарын 7-нд Нью-Йорк мужийн Уотертаун хотод Америкийн Гадаад хэргийн албанд чухал албан тушаал хашиж байсан гэр бүлд төржээ. Түүний эцгийн өвөг эцэг номлогч байсан бөгөөд Энэтхэгт удаан хугацаагаар амьдарч байсан. Түүний эхийн өвөг эцэг генерал Жон Ватсон Фостер АНУ-ын иргэний дайнд оролцож, Ерөнхийлөгч Бенжамин Харрисоны үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дараа нь Мексик, Орос, Испанид АНУ-ын Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Түүний авга эгчийн нөхөр Роберт Лансинг Вудро Вилсоны засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар мөн ажиллаж байжээ. Аллен Уэлш Даллесын ах Жон Фостер Даллес дараа нь Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын үед Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллсан. Эх Европт өссөн, эцэг нь Европын боловсрол эзэмшсэн хүн байжээ.
Тэрээр 1914 онд Принстон Их сургуулийг төгсөж, аялалд гарсан. Тэрээр Энэтхэгт, дараа нь Хятадад сургуулийн багшаар ажилласан байв. Алс Дорнодоор мөн аялсан. 1915 онд тэрээр АНУ-д буцаж ирээд дипломат албанд элсэн орсон. Тэрээр Европт янз бүрийн албан тушаал хашиж байсан - Вена (1916), Берн (1917), Берлин (1919), Константинополь (1920). Түүний хувьд энэ нь дипломат гэхээсээ илүү тагнуулын шинж чанартай ажил байсан гэдэг. Дэлхийн 1-р дайныг зогсоох хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож байжээ. 1922 онд тэрээр Вашингтон дахь Ойрхи Дорнодын хэлтсийн дарга болжээ. Үүний зэрэгцээ тэрээр Жорж Вашингтоны их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан байна. 1926 онд А.Даллес дипломат албыг орхиж, хуулийн өмгөөлөгчийн ажил хийж эхэлсэн юм.
Өмгөөлөгчийн ажил түүний сонирхолыг бага татаж тэрээр дипломат ажилд илүү татаж байсан тул Даллес засгийн газрын янз бүрийн дипломат даалгавруудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байв. 1927 онд тэрээр Женевт болсон Тэнгисийн цэргийн зэвсгийн бага хурлын хуулийн зөвлөхөөр Европт зургаан сар ажилласан. Зэвсгийн борлуулалтын бага хуралд Америкийн төлөөлөгч байсан. 1932-1933 онд Зэвсэг хураах бага хуралд Үндэстнүүдийн лигт АНУ-ыг төлөөлөн оролцсон.
1930-аад онд Армстронг Хамилтон Фиштэй хамтран "Бид төвийг сахиж чадах уу" (1936), Америк төвийг сахиж чадах уу (1939) гэсэн хоёр ном бичсэн.
Дайн эхэлснээр Даллесийн карьерт огцом эргэлт гарсан. Тэрээр шинээр байгуулагдсан Стратегийн албад (ирээдүйн ТТГ, англи. Office of Strategic Services, OSS) ажилд орж, 1942 оны сүүлээс 1945 он хүртэл Берн хот дахь тагнуулын салбарыг удирдаж байв. Тус төвийн ажил амжилттай болж, Даллес нацист Германы талаар голчлон фашистын эсрэг өндөр албан тушаалтай Германы дипломатч Фриц Колбе (Германы ГХЯ-ны телеграфын хэлтсийн ажилтан) дамжуулан олон тооны үнэ цэнэтэй мэдээллийг олж авч чадсан юм. 1945 онд Умард Италид Германы армийг бууж өгөхөд хүргэсэн хэлэлцээрт Даллес чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Стратегийн алба татан буугдаж, 2 жилийн дараа 1947 онд түүнийг үүсгэн байгуулагч Уильям Донован ерөнхийлөгч Харри Трумэнээс ил болон далд тагнуулын үйл ажиллагаа явуулж АНУ-ын ерөнхийлөгчид шууд тайлагнадаг тагнуулын агентлаг болох Тагнуулын төв газар байгуулахыг хүсчээ. 1950 онд Даллес Төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилогдож, ТТГ-ын нууц үйл ажиллагааг хариуцах болжээ. 1951 онд тэрээр тус байгууллагын хоёр дахь хамгийн нөлөөтэй хүн болсон юм.
Харри Трумэнийг оронд Дуайт Эйзенхауэр ирээд А.Даллесийг ТТГ-ын даргаар томилсон бөгөөд тэрээр 1953-1961 он хүртэл энэ албан тушаалд үлджээ. Энэ байгууллагыг өнөөгийн бидний мэддэг хэлбэрээр бүтээж, түүний ажлын хэв маяг, АНУ-ын тагнуулын систем дэх байр суурийг тодорхойлсон хүн бол Аллен Даллес юм. Түүнийг удирдаж байх хугацаанд АНУ-ын ТТГ нууц мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, нууц ажиллагаа явуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байсан байна.
Тэтгэвэрт гарахдаа Даллес дипломат болон тагнуулын албаны тухай дурсамж болсон хэд хэдэн ном бичсэн. Тэрээр гадаад бодлогын асуудлаарх телевизийн нэвтрүүлэгт байнга оролцдог байв.
Аллен Даллес 1969 онд уушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ. Түүнийг Балтиморын оршуулгын газарт оршуулсан байна.
Хэвлүүлсэн ном
засварлах- Great True Spy Stories. New York: Harper & Row (1968).
- Can America Stay Neutral (1st ed.). New York, NY: Harper & Brothers.