Бенжамин Харрисон
Бенжамин Харрисон (англи. Benjamin Harrison; 1833 оны 8-р сарын 20-нд Охайо мужийн Норт-Бенд хотод төрж, 1901 оны 3-р сарын 13-нд Индиана мужийн Индианаполис хотод нас барсан) — Америкийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. АНУ-ын 23 дахь Ерөнхийлөгч (1889—1893). Тус улсын 9 дэх Ерөнхийлөгч Уильям Хенри Хариссоны ач хүү.
1833 онд Охайо мужийн Норт Бенд хотод төрсөн тэрээр 21 настайдаа Индиана мужийн Индианаполис руу нүүжээ. Америкийн Иргэний дайны үеэр тэрээр Камберландын армийн XX корпусын бригадын генерал цолтой, АНУ-ын талд тулалдаж байв. Дайн дууссаны дараа Индиана мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшээд амжилт олоогүй. 1880 онд АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдов.
1888 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Харрисоны тунхаг нь Бүгд найрамдах намын "Америкийг Америкчуудад" гэсэн зарчмыг чанд баримтлан, гаалийн бодлогоор хамгаалалт хийхийг дэмжиж, ажилчдын цагаачлалыг эсэргүүцсэн байв. Тэрээр өрсөлдөгч, тухайн үеийн ерөнхийлөгч Гровер Кливлендээс цөөн санал авсан ч Сонгуулийн төлөөллөөр 70 санал илүү авч ялсан байна.
Харрисоныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Цагаан ордонд цахилгаан татсан бөгөөд тэрээр өөрийн дуу хоолойг фонограф дээр бичсэн анхны ерөнхийлөгч, албан тушаалдаа байхдаа сахал тавьсан сүүлчийн ерөнхийлөгч юм.
1892 онд тэрээр намаасаа дахин сонгогдохоор нэр дэвшсэн боловч Гровер Кливлендэд ялагдсан. Үүний дараа Харрисон улс төрийг орхиж, Индианаполис хотод суурьшжээ. 1900 онд Европ руу амралтаараа яваад удалгүй Индианаполис руу буцаж иржээ.
Дараа жил нь томуугийн улмаас нас баржээ. Бенжамин Харрисон бол Индиана мужаас гаралтай цорын ганц АНУ-ын Ерөнхийлөгч юм.
Түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд дараах АНУ-ын мужууд байгуулагдсан: Хойд Дакота ба Өмнөд Дакота, Монтана, Вашингтон (1889), Айдахо, Вайоминг (1890).