Александр Хамильтон

Александр Хамильтон (англи. Alexander Hamilton; 1755/1757 оны 1-р сарын 11-нд төрсөн- 1804 оны 7-р сарын 12-нд нас барсан) - Америкийн төрийн зүтгэлтэн, улс төрч, хуульч, эдийн засагч, банкир, цэргийн зүтгэлтэн, АНУ-ыг үүсгэн байгуулагч эцгүүдийн нэг.

Александр Хамильтон

А.Хамильтон нь Америкийн "Эрх чөлөөний дайны" үед АНУ-ын армийн офицер байсан бөгөөд хожим нь АНУ-ын анхны Төрийн санхүүч болсон бөгөөд энэ үеэр Америкийн санхүүгийн системийг бий болгож, "Холбооны намыг" (англи. Federalist Party) байгуулж, Жорж Вашингтоны Засгийн газрын эдийн засгийн бодлогыг бүтээгчдийн нэг байв. Улсын өрийг шийдэж, АНУ-ын анхны хоёр төв банк, гаалийн татварын тогтолцоог бий болгож, Их Британитай худалдааны харилцааг зохицуулсан хүн. Хамилтон нь гүйцэтгэх засаглалын өргөн эрх мэдэл бүхий хүчирхэг Холбооны Засгийн газрыг дэмжигч, хөгжингүй эдийн засаг, улсын банкууд, аж үйлдвэрлэл, хүчирхэг армийг дэмжигч байсан юм.

Хамильтон Карибын тэнгисийн Невис арал дээр төрсөн бөгөөд багадаа өнчирч, худалдаачны гэр бүлд өссөн байна. Түүнийг Нью-Йоркт суралцахаар явуулсан бөгөөд Англитай хийсэн мөргөлдөөний эхэн үе таарч Америкийн армид элсэж, бие даан артиллерийн чиглэлээр суралцжээ. 1777 онд тэрээр генерал Вашингтоны туслах болж, дайны дараа Нью-Йоркоос Конгрессын гишүүнээр сонгогдсон байна.

1784 онд тэрээр Америкийн хамгийн эртний банкуудын нэг болох Bank of New York-ийг үүсгэн байгуулжээ.

Ерөнхийлөгч Жорж Вашингтоны 1789 анхны Загийн газарт Хамильтон улсын нярав буюу Сангийн сайдын албан тушаалд очиж, улсын хүчирхэг эдийн засгийг бий болгоход чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэв. Тэрээр эрх чөлөө, өмчийн аюулгүй байдал нь салшгүй харилцан холбоотой бөгөөд төрийн болон хувийн ёс суртахууны үндэс суурь болдог тул Засгийн газар гэрээг хүндэтгэх ёстой гэж үзсэн. Хамилтоны үзэж байгаагаар улсын өрийн зөв менежмент нь Америкт боломжийн хүүтэй зээл авах боломж олгохын зэрэгцээ эдийн засагт ихээхэн түлхэц болно гэж үздэг байжээ.

Тэрээр Англитай сайн харилцаатай байхыг дэмжиж, хувьсгалт Францтай ойртохыг эсэргүүцэж байв. Түүний эдийн засгийн талаарх үзэл бодол нь шинээр гарч ирж буй "Холбооны намын" үндэс болсон юм. Түүний эдгээр бодлогыг эсэргүүцэгч Ардчилсан Бүгд Найрамдах Намыг байгуулсан Томас Жефферсон, Жеймс Мэдисон нарын санааг зовоож байжээ.

1791 онд Хамильтон мөнгөн зоосны үйлдвэр байгуулах тухай тайлангаа Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан. 1792 он гэхэд Хамилтоны зарчмуудыг Конгресс хүлээн зөвшөөрсний үр дүнд 1792 оны Зоосны тухай хууль гарч, АНУ-ын Зоосны үйлдвэр байгуулагдав. Арван долларын "Алтан бүргэд", мөнгөн доллар, хагасаас тавин цент хүртэлх бутархай мөнгө байх ёстой байсан. Мөнгөн болон алтан зоосыг 1795 онд гаргажээ.

1795 онд Хамильтон Засгийн газраас гарч хуульч ажилдаа буцаж оржээ. Францтай харилцаа муудах үед Ерөнхийлөгч Жон Адамс түүнийг Армийн ерөнхий командлагчаар томилсон бөгөөд тэрээр энэ албан тушаалд байхдаа армийг шинэчилж чадсан юм. Гэвч Адамсын бодлого түүнд таалагдаагүй бөгөөд түүнийг дахин сонгогдохыг эсэргүүцсэн нь 1800 оны сонгуульд Холбооны намыханыг ялагдал хүргэсэн юм. Хувийн бизнес эрхэлж байхдаа тэрээр олон улсын боолын худалдааг хориглохыг хичээсэн.

1804 онд тэрээр Аарон Бёррыг Нью-Йоркийн захирагчийн албан тушаалд сонгохын эсрэг тэмцэл Хамильтоныг мөргөлдөөнд хүргэсэн ажээ. 1804 оны 7-р сарын 11-нд болсон "Дүэль" буюу нэр төрийн тулааны үеэр Бёрр Хамильтоныг маш хүнд шархдуулж тэрээр нас барсан байна. Тэрээр Америкийн Засгийн газрын тогтолцоо, улсын эдийн засгийн үндэс суурийг тавьсан гайхалтай улс төрч, санхүүч гэдгээрээ түүхэнд мөнхөрсөн байна.

Дурсгал

засварлах

Түний хөрөгийг өнөөгийн америкийн 10 долларын дэвсгэрт дээр байрлуулсан байдаг.

АНУ-ын Вашингтон хотод АНУ-ын Санхүүгийн Департаментын урд болон Нью-Йоркийн Төв цэцэрлэгт (Метрополитен-музейгээс холгүй) зэрэг газруудад түүний хөшөөг босгосон байдаг байна.