АНУ-ын Конгресс

АНУ-ын Конгресс (англи. United States Congress) - АНУ-ын засаглалын 3 өндөрлөгийн нэг болох хууль тогтоох байгууллага юм. Энэхүү эрх мэдлийг АНУ-ын Үндсэн хуулиар зохицулдаг юм. АНУ-ын Конгресс Сенат болон Төлөөлөгчдийн Танхим гэсэн хоёр танхимаас бүрддэг. Конгрессын чуулган зөвхөн Вашингтон дахь Капитолий дов дээрх Конгрессын ордонд болдог. АНУ-ын үндсэн хуулийн 1-р зүйлийн 4 дахь заалтын дагуу Конгресс жилд 1-ээс доошгүй удаа жил бүрийн 12-р сарын эхний даваа гаригт чуулдаг байна.

АНУ-ын Капитолийн дов дээрх Конгрессын ордон
АНУ-ын Конгрессын бэлэг тэмдэг

Конгресс санал өгөх эрхтэй нийт 535 гишүүнтэй: 6 жилийн бүрэн эрхийн хугацаатай 100 сенатор (муж бүрээс 2 гишүүн), бусад 435 конгрессын гишүүн буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүд (мажоритар системээр сонгогдсон, тойрог тус бүрээс хүн амын тоонд хувь тэнцүүлэн сонгогдсон) байдаг мөн 2 жилийн хугацаатай АНУ-ын төрийн бус нутаг дэвсгэрийг төлөөлдөг санал өгөх эрхгүй өөр 6 гишүүнтэй байдаг байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Сенатын хуралдаан даргалдаг бөгөөд гишүүдийн аливаа асуудлаарх санал хураалт тэнцсэн тохиолдолд санал өгөх эрхтэй байдаг байна. Конгрессын ( Сенат болон Төлөөлөгчдийн танхим) сонгууль хоёр жил тутам явагддаг (Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүн 2 жилд нэг удаа, Сенатын 1/3). Сонгууль тэгш тоотой жил тутам нэгдсэн "Сонгуулийн өдөр" болдог (11-р сарын эхний даваа гаригийн дараах мягмар гаригт) байна.

Үндсэн хуулийн 1-р заалтын дагуу конгрессын гишүүд 25 нас, сенаторууд 30 нас хүрсэн байх ёстой, мөн Конгрессын гишүүд 7 жил, сенаторууд 9 жил АНУ-ын иргэн бөгөөд төлөөлж буй мужид амьдарсан байх шаардлагатай. Гишүүдийг хэдэн удаа сонгох ёстой гэсэн хязгаарлалт байхгүй байдаг байна.

Конгресс нь АНУ-ын Үндсэн хуулиар байгуулагдсан бөгөөд 1789 онд анх удаа чуулж Холбооны Конгрессыг орлож, АНУ-ын Парламент болжээ. 19-р зуунаас хойш Конгрессын гишүүд ихэвчлэн тус улсын хамгийн том улс төрийн Ардчилсан нам ба Бүгд найрамдах нам гэсэн хоёр намын аль нэгд харьяалагдан иржээ. Конгрессын гишүүн өөр ямар нэг намын харьяалал эсвэл нам бус байх тохиолдол бараг үгүй юм. Гэхдээ заавал энэ хоёр Намын гишүүн байх ёстой гэсэн хуульгүй боловч энэ нь үнэндээ улс төрийн уламжлал болоод байгаа юм.

Хоёр танхим хоёулаа шууд сонгуулиар сонгогддог. 1913 онд АНУ-ын Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт, өөрчлөлтийг батлахаас өмнө Сенатыг хоёр үе шаттай сонгуулиар сонгодог байсан: эхлээд иргэд муж улсын хууль тогтоох байгууллагуудыг, дараа нь эдгээр чуулганаас сенаторуудыг сонгодог байжээ.

Конгрессын бүрэн эрх

засварлах

Конгресс дараахь эрхтэй.

-АНУ-ын санхүү, төсвийн бодлогыг тогтоох;

-Татвар, хураамж, онцгой албан татвар тогтоон ногдуулах;

-Дайн зарлах, улс орныг батлан ​​хамгаалах, улс орны хөгжил цэцэглэлийг хангах;

-АНУ-ын бүрэлдэхүүнд шинэ мужуудыг хүлээн авах;

-Гадаад улстай болон АНУ-ын муж хоорондын худалдааг зохицуулах;

-дээд шүүхээс бусад доогуур шүүх байгуулах;

-үндэсний мөнгөн тэмдэгт гаргах;

-хэмжил зүйн нэгдсэн тогтолцоог бий болгох;

-зэвсэгт хүчин байгуулах;

-патент олгох;

-шуудангийн үйлчилгээ болон засаглалтай холбоотой бусад ажлыг зохион байгуулах эрхтэй.

Үүнээс гадна АНУ-ын Конгрессын эрх мэдэлд нийслэл Вашингтон дахь Колумби тойргийг удирдан захирах асуудал багтдаг байна.

Мөн Конгресс АНУ-ын Ерөнхийлөгч болон Дээд шүүхийн шүүгчийг огцруулах тусгай (импичмент) үйл ажиллагаа явуулах эрхтэй.