Александр Дюма, эцэг

(Александр Дюма-с чиглүүлэгдэв)

Александр Дюма (Франц: Alexandre Dumas; 1802 оны 7 сарын 24 – 1870 оны 12 сарын 5) нь францын алдарт зохиолч юм. Түүний зохиосон "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн хойно" болон "Арван жилийн дараа" зэрэг түүхэн хүүрнэлт зохиолууд нь маш алдартай билээ. Мөн тэрээр жүжгийн зохиол, эссе бичдэг сэтгүүлч нэгэн байв.

Александр Дюма

Александр Дюма 1855 онд

Төрсөн: 1802 оны долоодугаар сарын 24
Вилле-Котре, Эна, Франц
Өнгөрсөн: 1870 оны арванхоёрдугаар сарын 5
Пиу (Дьеппагаас холгүй), Франц
Ажил үйл жүжиг болон үргэлжилсэн үгийн зохиолч
Гарал үүсэл Франц
Төрөл Романтизм болон түүхэн хүүрнэл
Гарын үсэг

Александр Дюма Францын умард нутгийн алдарт Эна голын дагуух нутгийн Вилле-Котре гэх газарт цэргийн офицер Томас-Александр Дюмагийн гэр бүлд мэндэлжээ. Түүний эмэг эх нь африк гаралтай өнгөт арьст эмэгтэй байв.

 
Александр Дюма, эцэг

Авъяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Александр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулжээ. Александр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон бөгөөд романтизмын үзлийг нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүнд олжээ.

Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлетыг" үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа хараа орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Гэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.

Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг мэдэх болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.

Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, 1848 оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодот хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.

Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай жил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монте Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.

Бүтээлүүд

засварлах

Хүүрнэл зохиол

засварлах

Александр Дюма, эцэг үзэж харсан түүхэн судар бичиг дээр тулгуурлан уран сэтгэмжтэйгээр зохиолоо бичдэг байв. Түүний бүтээлүүд нь:

  • VII Чарльз Аугаа Вассалийн гэртээ эргэн ирсэн нь (Charles VII chez ses grands vassaux, 1831)
  • Othon l’archer
  • Сэлэмт урлагийн багш (Le Maоtre d'armes, 1840)
  • Эпштейн цайз дахь эхийн хий үзэгдэл (Chateau d'Eppstein; Albine, 1843)
  • Жорж (1843)
  • Самар хагалагч (Histoire d'un casse-noisette, 1844)
  • -Д'Артаняны дурлал:
    • Шадар гурван цэрэг (Les Trois Mousquetaires, 1844)
    • Хорин жилийн дараа (Vingt ans aprиs, 1845)
    • Арван жилийн дараа (Le Vicomte de Bragelonne, ou Dix ans plus tard, 1847)
  • Монте Кристо гүн (Le Comte de Monte-Cristo, 1845–1846)
  • Регентийн охин (Une Fille du rйgent, 1845)
  • Хоёр Диана (Les Deux Diane, 1846)
  • Валоисийн хайр дурлал:
    • Марго гүнж (1845)
    • Гүнгийн хатан Монсоро (1846) (a.k.a. La dame de Monsoreau)
    • Дөчин тав (1847) (Les Quarante-cinq)
  • Мария Антоинеттегийн хайр дурлал:
    • Жузеппе Бальзамо (Mйmoires d'un mйdecin: Joseph Balsamo, 1846–1848)
    • Хатантны сондор (Le Collier de la Reine, 1849–1850)
    • Анж Пит (1853) (a.k.a. Storming the Bastille or Six Years Later)
    • Гүнгийн хатан Шарни (La Comtesse de Charny, 1853–1855)
    • Шевалье де Мезон-Руж (1845)
  • Хар алтанзул цэцэг (La Tulipe noire, 1850)
  • Савойягийн гүнгийн зурвас (Catherine Blum, 1853-4)
  • Тэргүүн чоно (Le Meneur de loups, 1857)
  • Алт хулгайлсан нь (1857 оноос хойш)
  • Иегугийн нөхөрлөл (Les Compagnons de Jehu, 1857)
  • Робин Гуд (Robin Hood le proscrit, 1863)
  • Цагаан ба цэнхэр (Les Blancs et les Bleus, 1867)
  • Сүүлчийн Кавалиер (Le Chevalier de Sainte-Hermine, 1869)

The Women's War: follows Baron des Canolles, a naive Gascon soldier who falls in love with two women.

Мөн үзэх

засварлах

Холбоос

засварлах

(Archived 2009-10-25)