Александр Грэхэм Белл
Александр Грэхэм Белл (Англи: Alexander Graham Bell, 1847 оны 3 сарын 3 -нд төрсөн- 1922 оны 8 сарын 2-нд нас барсан) америкийн алдартай эрдэмтэн, зохион бүтээгч, шинийг санаачлагч байсан бөгөөд анхны телефон утсыг зохион бүтээсэн хүн юм.
Беллийн эцэг, өвөг эцэг нь бүгд хэл яриа сайжруулахтай холбогдолтой ажил хийдэг байснаас гадна, түүний ээж, эхнэр хоёр сонсголгүй байсан нь Беллийг энэ чиглэлээр судалгааны ажлаа чиглүүлэхэд нөлөөлсөн гэдэг. Сонсгол, ярианы аппаратыг сайжруулах чиглэлээр хийж байсан судалгааныхаа хүрээнд тэрээр телефон утас зохион бүтээсэн бөгөөд 1876 онд АНУ-ын патентын албанаас телефон утасныхаа патентыг авчээ. Телефон утаснаас гадна өөр олон чиглэлээр судалгаа, зохион бүтээх ажил хийсэн бөгөөд 1888 онд тэрээр Америкийн Үндэсний Газар зүйн Нийгэмлэгийг үндэслэгч гишүүдийн анхны гишүүдийн нэг болж байжээ.
АНУ-ын теле-холбооны салбарын хөгжлийг тодорхойлсон «American Telephone and Telegraph Company» («AT&T») компанийг үндэслэгч.
Намтар
засварлахАлександр Белл 1847 оны гуравдугаар сарын 3-нд Шотландын Эдинбург хотод төржээ. Тэрээр хэл ярианы заслын эмч, уран илтгэгч багш нарын гэр бүлээс гаралтай. Түүний өвөг эцэг Александр Белл театрт жүжигчнээр ажилладаг байсан бөгөөд заримдаа суфлёр /жүжгийн үгээ мартсан жүжигчинд хэлж өгдөг туслах/ хийх шаардлагатай болдог байжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр дуудлагын асуудлыг мэргэжлийн түвшинд шийдэж, 1836 онд Александр Белл («Stammering and Other Impediments of Speech») "Хэлний гацаа ба бусад ярианы саад бэрхшээлүүд" номыг хэвлүүлсэн бөгөөд зарим сонин түүнийг хэл ярианы профессор («Professor of Elocution» /Хэл ярианы профессор/) гэж мөн нэрлэдэг байсан ажээ.
Түүний эцэг Мелвилл Белл 1849 онд «Ярианы болон уран ярианы шинэ тайлбар» (A New Elucidation Of The Principles Of Speech And Elocution) ном гаргасан байна. 1860 онд маш их амжилт олсон «Уран илтгэлийн Стандарт» (The Standard Elocutionist) ном хэвлүүлжээ. XIX зууны эцэс гэхэд 168 удаа АНУ, Их Британид дахин хэвлэгдэж номны 250 мянган хуулбар гарч байжээ. Мелвилл хүний ярианы төрөл бүрийн авиа цуглуулж түүнийг яаж дуудах аргын тухай нарийн тэмдэглэл хийж «Үзэгдэхүйц яриа» (Visible Speech: The Science Of Universal Alphabetics) хэмээх 1867 онд хэвлүүлсэн номондоо нэгтгэн оруулжээ.
1843 онд эцэг Мелвилл Белл өөрийн ирээдүйн эхнэр, хөлөг онгоцны мэс засалчийн охин, захиалгаар зураг зурдаг Элиза Грейс Саймондс (Eliza Grace Symonds)-той танилцсан байна. Тэрээр ирээдүйн нөхрөөсөө 10 насаар эгч байсан бөгөөд сонсгол муутай байсан тул сонсголын тусгай "хоолой" байнга хэрэглэх шаардлагатай байжээ. 1844 оны 7-р сарын 19-нд тэд гэрлэж гурван хүүтэй болжээ: 1845 онд тэдний ууган хүү Мелвилл Жеймс (Mellville James), 1847 онд Александр Белл (Alexander Graham), 1848 онд гурав дахь хүү Эдвард (Edward Charles) нар мэндэлжээ.
Тэрсхэн ах дүү гурав эхлээд гэрийн боловсрол эзэмшиж байгаад 10 нас хүрээд Макларены (Maclaren’s Hamilton Place Academy) хувийн сургуульд орж 11 хүрэхэд нь тэднийг эцэг нь Шотландын хамгийн сайн сургууль болох Эдинбургийн Хааны дээд сургуульд (Edinburgh’s Royal High School) оруулжээ. Сургуульд Александр Белл гялалзсан амжилт үзүүлээгүй байна.
1870 онд ах Мервилл сүрьегээр нас барсан тул цаг агаар бусад хүүхдүүдэд нь илүү сайн байна гэж үзээд 7-р сарын 21-нд Беллийнхэн гэр бүлээрээ усан онгоцонд суугаад "Шинэ Ертөнц" буюу Америк тив рүү явжээ.
Тэдний гэр бүл Канадад очоод эцэг Мелвилл Белл өөртөө болон Александрт ямар нэгэн ажил олохыг хичээсэн боловч эхний хэдэн сар ажил олдохгүй хэцүү байжээ. Тэрээр 1871 оны 3-р сард Бостоны дүлий хүмүүсийн сургуулиас багшийн орон тоо гарч санал болгосон хариу иртэл тэрээр эргэн тойрныхоо бүх боловсролын байгууллагуудад удаан хугацааны турш өргөдөл бичиж байв. "Үзэгдэхүйц яриа" систем үр дүнгээ өгч, 1871 оны 11-р сард Бостоны сонинууд Александр Беллийн дүлий хүний боловсролын салбарт гаргасан амжилтын талаар бичиж эхлэв. 1872 онд тэрээр Бостоны их сургуулийн уран илтгэлийн сургуулийн "дууны физиологи ба уран чадвар"-ын профессор (professor of Vocal Physiology and Elocution, Oratory School ) болсон нь их дээд сургуулийн дипломгүй 26 настай залуугийн хувьд ахадсан өндөр цол байв.
Александр Белл мультиплекс телеграф дээр ажиллаж байсан боловч туршилт амжилтгүй болж, түүний шинэ бүтээлийг хэн ч сонирхсонгүй байжээ.
Телефон утас
засварлах1875 оны өвөл Александр Белл цахилгаан утасныхаа патентыг авахаар Вашингтонд иржээ. Энэ үеэр тэрээр 1875 оны 4-р сарын 6-нд АНУ-ын №161,739 патентыг (Белл, Хаббард, Сандерс нарын нэр дээр хамт олгосон) хүлээн авсан боловч түүнээс ямар ч ашиг хүртээгүй байна. Энэ удаагийн аялалын үеэр агуу физикч Жозеф Хэнритэй уулзаж чаджээ. Сонирхолтой яриа өрнүүлэх явцад Александр Белл алдарт физикчэд цахилгаан ашиглан дуу авиа дамжуулах тухай санаагаа хэлж, тэр ч байтугай туршиж үзүүлжээ. Ноён Хэнри түүнд энэ чиглэлийн шинжлэх ухааны ажил, тэр байтугай Германы Филипп Рейсийн утасны аппаратын тухай ярьж өгчээ.
1876 оны 3-р сарын 7-нд Александр Беллийн 174465 дугаартай патентыг өгсөн бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн үнэтэй патент гэж хүлээн зөвшөөрөгдөх болсон.
1876 оны 3-р сарын 10-нд Александр Белл, Томас Ватсон нар шингэн дамжуулагчтай туршилт хийж байв. Домогт өгүүлснээр тэд өөр өөр өрөөнд орж Александр Белл санамсаргүйгээр өмдөн дээрээ батерейны хүчил асгаж, чангаар хашгирч нөгөөх нь дууг нь сонссон байна.
1876 оны 5-р сарын 10-нд тэрээр телефон утасныхаа ажиллагааг Америкийн Урлаг, шинжлэх ухааны Академид (American Academy of Arts and Sciences) танилцуулав. Танилцуулга амжилттай болж шинэ нээлтийг алга ташилтаар хүлээн авчээ. Тэр дороо Александр Беллын лекцийг сонсох сонирхогчид олноор гарч иржээ. 1876 оны 5-р сарын 25-нд өөрийн зохион бүтээлээ Массачусетсийн Технологийн дээд сургуульд (Massachusetts Institute of Technology) үзүүлэхэд маш их өндрөөр хүлээн авчээ.
Олон нийтийн лекц, утасны захиалга амжилттай болсны дараа 1877 оны 7-р сарын 9-нд Массачусетсийн Белл Телефон Компани (BTC) үүсгэн байгуулагдаж, дараа нь Америкийн телефон утас, телеграф корпораци (American Telephone and Telegraph Company ( AT&T) болон өргөжөн тэлсэн байна.
Уушигны хиймэл амьсгалын аппарат
засварлах1881 оны зун Александр Беллийн төрсөн хүү амьсгалын дутагдлын улмаас нас баржээ. Өөр нэг хүний сэтгэлийг шархлуулах байсан ч Александрын хувьд энэ нь хүмүүсийн амийг аврах шинэ бүтээлийн хөшүүрэг болсон юм. Тэр даруйдаа "Вакуум хүрэм" гэж нэрлэсэн хиймэл амьсгалын аппарат дээр ажиллаж эхэлсэн. Энэ нь өвчтөний их биеийг ороож, бүрэн агааргүй байв. Өвчтөний биеэс агаарын даралтыг арилгаж, амны хөндийгөөр уушгинд агаар оруулахыг зөвшөөрч, нэг үгээр өвчтөнд хиймэл амьсгал хийжээ. Александр 1882 онд Англид уг төхөөрөмжийн ажлын загварыг бүтээж, Британийн Физиологийн нийгэмлэгт үзүүлжээ. Үүний дараа эмч нар энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажилласны үр дүнд "төмөр уушиг" гэж нэрлэгддэг төхөөрөмж гарч ирэв. Одоо ийм төхөөрөмжийг ихэвчлэн "уушигны хиймэл амьсгалын аппарат" гэж нэрлэдэг.
Металл илрүүлэгч
засварлах1881 оны 10-р сард Александр Белл Нью-Йоркийн эмч нарт металл илрүүлэгчээ үзүүлэв. Үзэгчдийн нэг, доктор Жон Х.Гирднер энэ төхөөрөмжийг эмнэлэгийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Тэрээр шинжлэх ухааны сэтгүүлд энэ тухай бичихдээ "Профессор Беллийн гайхалтай бүтээл"-ийг байнга онцолж, "Түүний нэрийг зовж шаналж буй хүн төрөлхтний буянт их эмч нарын дэргэд бичих хэрэгтэй" гэж хэлдэг байсан.
А.Белл 1888 онд National Geographic сэтгүүл үүсгэн байгулсан.