Пинк Флойд

(Pink floyd-с чиглүүлэгдэв)

Пинк Флойд / Pink Floyd/ -Британий гайхамшигтай уран бүтээлүүдээрээ ХХ зууны хөгжмийн түүхэнд агуу байр суурийг эзэлдэг хамтлаг. 1996 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд тод үсгээр бичигдсэн бол, 2005 онд Британийн Хөгжмийн Алдрын Танхимд залагджээ. 2013 оны байдлаар тус хамтлаг дэлхий даяар 250 сая гаруй бичлэг, түүний дотор АНУ-д 74,5 сая бичлэг борлуулсан мөн арилжааны амжилттай хамтлаг ажээ.

Пинк Флойд
Pink Floyd
Пинк Флойд, 1973 он
Пинк Флойд, 1973 он
Ерөнхий мэдээлэл
Гарал Лондон
Жанр Арт рок, Психоделик рок, Спэйс рок, Прогрессив рок
Үүссэн 1965 он[1]
Тарсан 2015 он[2]
Цахим хуудас www.pinkfloyd.com
Анх байгуулсан гишүүд
Сид Барретт (1968 он хүртэл, 2006 онд нас барсан)
Дуучин, аргил гитар
Рожер Уотерс (1985 он хүртэл)
Дуучин, киборд
Ричард Райт (1979, 1993 он хүртэл – 2008 онд нас барсан)
Ник Мэсон
Сүүлийн гишүүд
Дуучин, гитар, аргил гитар, киборд
Дэвид Гилмор (1968 оноос хойш)
Бөмбөрчин
Ник Мэсон
Пинк Флойд, 1971 он

MSNBC буюу АНУ-ын Үндэсний кабелийн сувгийн 2004 онд гаргасан "Бүх цаг үеийн Шилдэг-10 рок хамтлаг" жагсаалтад Pink Floyd хамтлаг 8-р байранд орсон бол Роллинг Стоун сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 уран бүтээлчид" жагсаалтын 51-р байранд нэрлэсэн байна.

1995 онд тэд Грэммийн шилдэг “Рок хөгжмийн зэмсгийн гүйцэтгэл” шагналыг "Marooned" хөгжмийн найруулгадаа хүртэж байв. 2008 онд Шведийн хаан Карл XVI Густаф орчин үеийн хөгжимд оруулсан тэдний хувь нэмрийг үнэлж хөгжмийн “Алтан гадас” шагналыг Pink Floyd хамтлагт олгожээ.

Байгуулагдсан түүх (1965-1968 он)

засварлах

Английн рок хамтлаг Pink Floyd анх 1965 онд Лондонд байгуулагджээ. Тус хамтлаг рок-н-ролл хөгжмийн ертөнцөд сэтгэл зүйн буюу “Огторгуйн рок” гэж нэрлэгдэх болсон шинэлэг хэв маягтай уран бүтээлүүдээ туурвиж, гүн ухааны өнгө аястай уран сэтгэмжит дууны үг, хөгжмийн зэмсгээр илэрхийлэх ид шидийн гэмээр аялгуу, өргөтгөсөн найруулга болон төгс зохиомж, амьд шоу тоглолтын өвөрмөц арга барилаараа онцгойрсон поп хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай хамгийн амжилттай, нөлөө бүхий хамтлагуудын нэг байсан юм.

Хамтлаг байгуулагдаад Пинк Плойд нэр авахаасаа өмнө «The Abdabs», «The Screaming Abdabs», «Leonard’s Lodgers», «Spectrum Five», «Sigma 6» и «The Meggadeaths» зэрэг нэртэй байжээ. Сид Барретт 1965 онд нэгдэхэд «The Tea Set» нэртэй байсан байна.

Анхны үүсгэн байгуулагчид нь Лондонгийн Политехникумын уран барилгын ангийн оюутнууд болох Ник Мэйсон (англиар. Nick Mason, бүтэн нэр Ни́колас Бе́ркли Ме́йсон, англиар. Nicholas Berkeley Mason; бөмбөрчин), Рожер Уотерс (англиар. George Roger Waters; басс гитар, дуучин), Ричард Райт (англиар. Richard William Wright, мөн Рик Райт, англиар. Rick Wright; даралтат хөгжим) болон Кембрижийн оюутан найз "Сид" Барретт (англиар. Roger Keith «Syd» Barrett; гитар, дуучин) нар байлаа. 1965 оны сүүлчээр Сид Барретт өөрийн цуглуулганд байсан Америкийн блюз хөгжимчин Пинк Андерсон, Флойд Консил нарын нэрний нийлбэрээс ургуулан хамтлагийн нэрийг өгөх санаа гаргажээ.

1960-аад оны сүүлээр Лондонгийн андерграунд буюу хиппичүүдийн сэтгэлгээнд тулгуурласан рок урсгалын тавцанд тэдний алдар нэр хүчтэй түгэн цууриатах болж, Сид Барретийн удирдлага дор хоёр синглээс гадна “The Piper at the Gates of Dawn” (1967) анхны цомгоо гаргаснаар Британийн чартад байр эзэлжээ.

Хамтлаг 9-р сард Европын хэд хэдэн тоглолт болон 10-р сард АНУ-ын анхны аялан тоглолтоо хийсэн юм. 1967 оны 12-р сард Pink Floyd хамтлагийн бүрэлдэхүүнд тав дахь гишүүнээр гитарчин Дэвид Гилмор нэмэгдэн орсоноор хамтлагийн гол хөдөлгөгч хүч болсон байна. Pink Floyd тухайн үед олон топ хамтлагууд тоглолтоо толилуулдаг байсан Лондонгийн UFO клубт олныг байлдан дагуулсан тоглолтоо үргэлжлүүлж, алдар хүндийн босгонд тулж ирсэн юм. Гэвч Барретийн сэтгэлийн гүн хямралд орсон явдал ноцтой асуудал үүсгэж эхэлжээ. Дуу хөгжмийн нэр хүндтэй “National Jazz and Blues Festival” наадам, түүнчлэн бусад хэд хэдэн арга хэмжээн дээр Pink Floyd-ийн тоглолт цуцлагдав. Мансууруулах бодисонд донтож, архи ихээр хэрэглэн, сэтгэцэд нөлөөлөх хэмжээнд хүрсний улмаас Сид Барретт 1968 онд 4 дүгээр сард хамтлагийг орхин одсон юм.

Шинэ хэв маягийг тунхагласан нь (1968-1970 он)

засварлах

Pink Floyd 1970 онд Америк, Европын улс орнуудаар аялан тоглолтоо хийсэн байна. 1970 оны дунд үеэс Уотерс хамтлагийн гол дуу зохиогч болж, уран бүтээлийн үзэл баримтлалыг боловсруулан, хамтлаг алдрын оргил өөд тэмүүлэн зүтгэснээр “The Dark Side of the Moon” (1973), “Wish You Were Here” (1975), “Animals” (1977), “The Wall” (1979), “The Final Cut” (1983) зэрэг амжилттай борлогдсон цомгууд төрөн гарч, дэлхийн рок хөгжмийн түүхэнд сэтгэлгээний эрх чөлөөг тунхагласан юм.

Дэлхий даяар амжилт олсон нь (1971-1975 он)

засварлах

1973 онд “The Dark Side of the Moon” цомог гарснаар Pink Floyd хамтлагийн шинэ үе эхэлснийг зарлан тунхаглаж, тэд дунд зэргийн амжилттай рок хамтлагаас тэсрэлт хийж, рок хөгжмийн хамгийн агуу бие төлөөлөгчид болж хувирсан юм. Тус цомог 741 долоо хоногийн турш Биллбоардын ТОП-200 цомгийн тоонд орсон түүхэн амжилтаараа бусад бүх цомгоос давж гарсан билээ. АНУ-д тэргүүн байрыг эзэлж, Их Британид дэд байранд хүрч, Британийн чартад 364 долоо хоног байраа хадгалсан юм. “The Dark Side of the Moon” цомог дэлхий даяар 40 гаруй сая хувь борлогдсон амжилтаараа дэлхийн хоёр дахь хамгийн сайн борлуулалттай цомог болсон билээ.

Цомгийн амжилт Pink Floyd хамтлагийн гишүүдэд асар их ашиг орлого авчирсан байна. Мэйсон үнэтэй тансаг машины цуглуулагч болсон бол Уотерс ба Райт нар том орон сууц худалдан авсан юм. Тус цомог Pink Floyd-ын зонхилох гишүүд болох Уотерсийн дууны үгийн гүн увдис, Гилморын гитарын гайхалтай ур чадварыг тод харуулсан билээ. Pink Floyd Их Британиар хийсэн аялан тоглолтын дараа 1975 оны 1-р сараас өөрсдийн “Wish You Were Here” ес дэх цомогоо гаргахаар бичлэгийн студид ажиллаж эхэлсэн юм. 9-р сард гарсан тус цомог Их Британи болон АНУ-ын аль алинд тэргүүн байрыг эзлэв. Тэд цомогт орсон Shine On You Crazy Diamond дуугаа эрхэм анд Сид Барреттад зориулж бичүүлсэн байлаа.

1975 онд Pink Floyd Ислингтонд гурван давхар сүмийн танхим худалдан авч бичлэгийн студи байгуулжээ. 1977 оны 1-р сард гарсан “Animals” цомог нь Их Британийн чартад 2-р байранд, АНУ-ын чартад 3-р байранд орсон байна.

Рожер Уотерсын эрин (1976-1985 он)

засварлах

1979 оны 11-р сарын 30-нд “The Wall” нэртэй хос цомог гарч, зохиомжилсон үзүүлбэр бүхий аялан тоглолтоо хийв. Тус рок дуурийн гол дүрийг Рожер Уотерс хамтлагийн анхны ахлагч Сид Барреттийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нийгмийн буруу харилцаа амьдралд сөрөг нөлөө үзүүлэн, хувь хүнийг ганцаардуулан тусгаарлаж байгааг ханаар зүйрлүүлэн үзүүлсэн юм. 1982 онд “Pink Floyd-The Wall” уран сайхны кино бүтээгджээ. Америкийн дуу бичлэгийн холбоо(RIAA)-ноос гаргасан “Бүх цаг үеийн ТОП-100 цомог” жагсаалтын гуравт бичигдсэн тус цомог Биллбоардын жагсаалтыг 15 долоо хоногийн турш тэргүүлж, АНУ-д 23 сая хувь зарагджээ. Тус цомогт орсон "Another Brick in the Wall (Part II)" сингл АНУ, Их Британи, Баруун Герман болон бусад олон улс орнуудад хит болсон бөгөөд дөрвөн сая гаруй хувь борлогджээ. The Wall цомог болон "Another Brick in the Wall" сингл боловсролын салбар дахь арьс өнгөний тэгш бус байдлыг эсэргүүцсэн үндэсний сургуулийн дэмжигчдийн сүлд дуу болсон тул 1980 онд Өмнөд Африкт хориглож байлаа.

1982 онд Уотерс “The Wall” цомгийн үргэлжлэл болсон шинэ хувилбараар цомог гаргах санаачлага гаргаж байсан боловч Фолкландын дайн эхэлснээр санаагаа өөрчлөв. Уотер ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн Фолкландад цөмрөн орох шийдвэрийг буруушаан дайнд амь үрэгдсэн эцгийнхээ дурсгалд зориулан шинэ цомог гаргахаар шийджээ. Гэвч Уотерс, Гилмор нарын хооронд зөрчил үүссэнээс тус тусдаа уран бүтээл хийж эхлэв. 1983 оны 3-р сард гарсан “The Final Cut цомог” Британид тэргүүлсэн бол АНУ-д 6-р байранд оржээ. Цомогт орсон бүх дууны үг болон аяыг Уотерс дангаараа зохиосон байлаа. 1985 онд Уотерс хамтлагаас гарч бие даан уран бүтээлээ хийх болсноо зарласан юм.

Pink Floyd хамтлаг “A Momentary Lapse of Reason” (1987), “The Division Bell” (1994) хоёр цомгоо гаргаж, 1994 он хүртэл Орос, Норвеги, Испани, Шинэ Зеланд, Австрали, Япон зэрэг дэлхийн улс орнуудаар аялан тоглолтоо хийжээ. 24 жилийн дараа анх удаа Уотерс, Гилмор, Мэсон, Райт нар дахин нэгдэж, 2005 оны 7-р сарын 2 нд Лондонгийн Хайд паркт болсон Live 8 концертод оролцов. Гэвч Гилмор Уотерс нарт дахин нэгдэж цаашдын тоглолтоо хийх ямар ч төлөвлөгөө байсангүй. Сид Барретт 2006 онд Кембриджшир дахь өөрийн гэртээ нас баржээ. 2007 оны 5-р сарын 10-нд Уотерс, Гилмор, Райт, Мэсон нар Барреттийн дурсгалд хүндэтгэлийн тоглолт хийжээ. Райт 65 насандаа 2008 оны 9-р сарын 15-нд хорт хавдараар 65 насандаа таалал төгссөн юм. Pink Floyd хамтлагийн 1993–1994 оны материал дээрээ үндэслэсэн сүүлчийн цомог “The Endless River” 2014 оны 11-р сард гарсан байна.

Студийн цомог

засварлах

Амьд тоглолтын цомог

засварлах

Дууны түүвэр

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Пинк Флойд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан