Дөрвөн Ойрадыг бүрдүүлэгч нэгэн аймаг бөгөөд Монгол улс, БНХАУ-д бөөнөөр оршин суудаг монгол угсаатны бүлэг. Ойрадын түүхэн сурвалжийг үндэслэбэл Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан аваад, түүнийгээ Өөлд гэжээ.

Өөлд («Ойрад») ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд тоо — ?. Үүнээс:
 Монгол — 15,520 (2010)[1]
Хэл аялгаМонгол хэл (төв аялга)
Бичиг үсэгМонгол кирилл үсэг
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлбусад Ойрад, бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан

Ийнхүү өөлдүүд ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ. Гэвч Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Цорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ. Өөлд нь Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг “Өөлд” хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.

1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн гурван хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ. Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуугийн угсааныхны захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэлт засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийт сум бүхэлдээ, Өгийнуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Харин Данжилагийн үр хойчсын захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлд бэйсийн хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв. Түүнчлэн Равдангийн ахмад хөвгүүн жүн ван Цэрэнванбуугийн харьяат 1 хошуу байсан агаад 1728 онд Цэрэнванбуу нас барсанд түүний дүү Сэвдэнванбуу Цэрэнванбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нэгтгэж, Сэвдэнванбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учир олдож, Дамбийгийн хошууг дахин байгуулжээ. Гэвч 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгажээ. Ийнхүү Ховдын Өөлд хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг захируулжээ. Энэ хошууны нутаг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум юм. Эдгээрээс гадна Манжийн эрхшээлийн үед Хөлөнбуйрт өөлдийн 1 хошуу байсан нь мөн л Галдан бошогтын албат байсан ажээ. Түүнчлэн Зүүнгар улсыг мөхөөсний дараа тэдний үлдэгдлийг манж нар Хармөрөн мужид нүүлгэн аваачиж, Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн өөлд бус, Ойрадын олон овог аймгийн хүмүүсээс бүрэлдсэн хэдий ч Хармөрний Өөлд хошуу хэмээн нэрлэгдэх болжээ.

Ашигласан материал

засварлах
  • Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009
  • Өөлдийн ноёдын уг эх, Монгол бичгээс хөрвүүлж, тайлбар, галиг, үгийн хэлхээ хийсэн Цэрэндорж Ц., УБ., 2010
  • Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
  • Монгол Улсын угсаатны зүй, II боть (Ойрадын угсаатны зүй), УБ., 1996
  • Очир А., Монголын ойрадуудын түүхийн товч, УБ., 1992
  • Очир А., Дисан Т., Монгол улсын өөлдүүд, УБ., 1999
  • Цэвээн Ж., Дархад, Хөвсгөл нуурын урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Казах, Хамниганы гарал үүсэл байдлын өгүүлэл, УБ., 1934 // Цэвээн Ж., Түүвэр зохиолууд, эмхэтгэсэн Идшинноров С., I, II дэвтэр, УБ., 2000
  • Oka Hiroki, Hobudo oorudoki-no seiritsu-Kenryuki nakaba-ni okeru zasaguki-ni kansuru ikkousatsu (Ока Хироки, Ховдын өөлд хошуу байгуулагдсан нь - Тэнгэрийн тэтгэсний дунд үеийн засаг хошууны тухай) // “Matsumura Jun sensei koki kinen ‘Shindaishi ronsou’”, Kyuuko shoin, Tokyo, 1994

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

засварлах
  • Далай Ч., Ойрад монголын түүх, 1-р боть, УБ., 2002
  • Очир А., Монголчуудын гарал, нэршил, УБ., 2008
  • Цэрэндорж Ц., Зохиогч нь үл мэдэгдэх “Дөрвөн Ойрадын түүх /тууж/”-ийн эх бичиг судлалын зарим асуудал // Nomadic Studies, № 10, УБ., 2005, 77-80-р тал