Өдрийн тэмдэглэл

Өдрийн тэмдэглэл нь хэн нэгэн хүний өдөр тутам, тодорхой хугацаанд тохиолдсон үйл явдал, хүн хоорондын харилцаа, үзэл бодол зэргийг дэвтэр, аудио, видео хэлбэрээр бичсэн зүйлийг хэлнэ. Өдрийн тэмдэглэлийг нэн эрт үеэс бичиж ирсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бичиж тэмдэглэх эд зүйл хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Анх чулуун хавтан дээр сийлэх аргаар бичиж байсан нь даавуу, торго, мод, цаасан дээр будаг, бэхийг бийр, хулсан үзэг, төмөр үзэг, зэргээр бичиж байсан нь орчин үед аудио, видео, блог, подкаст гэх мэт олон төрлийн аргаар бичих нь шинэ тутам нэвтэрч байна. Уг тэмдэглэлд тухайн бичиж байгаа эзэн хүний үзэл бодол, ертөнцийг харах дотоод мөн чанар, өдөр тутмаас олж мэдсэн туршлага зэрэг өргөн хэмжээний агуулгыг багтаадаг. Өдрийн тэмдэглэлийг дан ганц хувь хүн биш төрийн болон хувийн байгууллага нэгжүүд өдөр тутмын ажлын явцаа бүртгэхдээ рапорт хэлбэрээр бүртгэж болдог. Тэдгээр рапорт, өдөр тутмын ажлын тэмдэглэл нь сар, жилийн эцэст тайлан, илтгэл болж хуримтлагддаг.

Анне Франкийн өдрийн тэмдэглэл

Алдар нэрд хүрсэн хүмүүсийн намтар дурсамжаар ном туурвихад өдрийн тэмдэглэлийг нь ашиглах явдал түгээмэл байдаг тул зарим алдар цуутай хүмүүсийн тэмдэглэл нь уг хүний өнцөгөөс ертөнцийг харах, түүхийн үйл явдалд өөр өнцөгөөс дүгнэлт авч үзэх боломж олгодог тул маш их үнэ цэнтэй зүйл байдаг.

Түүхэн тойм

засварлах

Өдрийн тэмдэглэлийн хамгийн эртний баримт нь 4500 жилийн өмнөх эртний Египетийн Мерерийн өдрийн тэмдэглэл гэх папирус бөгөөд агуулга нь Хуфу фараоны үед Турагаас Гиза хүртэл пирамидын барилгад ашиглах шохойн чулууг тээвэрлэх явцыг дүрсэлжээ. Үүнээс хойш эртний ойрхи дорнод, зүүн ази, араб, европын бүс нутгаас цөөнгүй өдрийн тэмдэглэл орчин үед уламжлагдан ирсэн. Үүнд: Ромын эзэн хаан Маркус Аврелиусын грек хэлээр бичсэн "To Myself" (Τὰ εἰς ἑαυτόν), зүүн Хань улсын түшмэл Ма Дүбогийн (马笃伯) бичсэн "Фэнчан ижи" (封禅仪记), 9-р зууны япон хуврага Энниний бичсэн "Нитто гүхоо жүнрэйкоки" (入唐求法巡禮行記, nittō guhō junreikōki), 11-р зууны "Абу Али ибн аль Баннагийн өдрийн тэмдэглэл" зэргийг дурдаж болно.

Зүүн Азийн орнуудад үлдсэн өдрийн тэмдэглэлүүд нь хувь хүний өдөр тутмын тэмдэглэл, аян замын тэмдэглэл, хаадын үнэн магад тэмдэглэл гэх мэтийн хэд хэдэн төрлийг багтаасан онцлогтой.

Сэргэн мандалтын үеэс нийгмийн дээд, дунд давхрагын дотор бичигт тайлагдсан хүний тоо олширч, шинжлэх ухааны шинэ нээлт гарч, цаас үйлдвэрлэл нэмэгдсэн нь өдрийн тэмдэглэл бичихэд нөлөөлж, яваандаа энэ нь моод болж нийтэд дэлгэрсэн соёл болсон.

Холбоотой хуудас

засварлах