Өвгөн хуурч (уран зураг)

"Өвгөн хуурч" -Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэнгийн 1958 оны 80х60 см хэмжээтэй уран бүтээл юм.


Морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр энэ бүтээлээ 1958 онд буюу 53 настайдаа зуржээ. 1950-аад оны үед эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай Ү.Ядамсүрэнд хуурч, ерөөлч хүний дүр бүтээхийг санал болгосон аж. Тиймээс Ганданд лам байсан, урт цагаан сахалтай нэгэн өвгөнийг натурт суулгаснаар “Өвгөн хуурч”-аа монгол зургийн шороон будгийн аргаар зурсан нь зургийн зохиомж, дүрслэл, өнгөний зохицол, өгүүлэмж нь гайхалтай учраас Монголын сор бүтээлийн нэг болжээ.

Зураач бүтээлээ "монгол зураг"-ийн уламжлалт аргаар нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавьж, түүн дээр хар зурагаа буулган, цэвэр тод өнгийн шороон будгаар өнгө таглаж, хөнгөн дагнаас уусгалтаар гэрэл, сүүдрийг нь тодруулан гаргажээ. Тухайлбал, хуурч өвгөний царай, гарыг дүрслэхдээ үл мэдэг гэрэл, сүүдрийг шингэн будгаар дагнааслан зурсан байна. Үүний дараа нарийн бийрийн үзүүрээр дүрс, хэсэг бүрийг ялган хүрээ зураасаар тодруулан татаж, улмаар нухмал алтаар хээ хуар, чимэглэлүүдийг гүйцээн зурсан аж.

Урлаг судлаач О.Доржготов “Өвгөн хуурч”-ийн талаар “Үзэгчдийн зүг намуухан мишээж, хуураа татан суугаа өвгөн хар булган нударгатай, хурган дотор, гуулин товч, луун хээтэй улаан хамбан дээлэн дээр ногоон дурдан бүс ороож, хэт хутга зүүжээ. Хар булган малгайн оройг улаан өнгөөр оёж, сампин зангидсан бөгөөд хөх торгон өмд өмсөж, ногоон эмжээр, улаан хараатай, ширмэл угалзтай монгол гутал жийжээ. Улаан дэлтэй сартай морины толгойн сийлбэртэй хуурын улаан, ногоон өнгө хосолсон царан дээр өлзий, угалз хээ зурсан байна. Өвгөн хуурч алхан болон угалз хээтэй ширмэл эсгий ширдэг дээр бохирон суусан нь зохиомж, өнгөний шийдэл” хэмээн дүгнэн хэлсэн байдаг.