Ятга
Ятга нь монголын уламжлалт татах хөгжмийн зэмсэг бөгөөд гүдгэр модот цитр хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын гүчжэн, солонгосын каягым, вьетнамын дан тран, японы кото зэрэг ордог.[1]
Түүх
засварлахЯтга хөгжим нь эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн нэг бөгөөд "товшвор" хөгжмийн зэмсгийн төрөлд хамаарагддаг. Эрт дээр үеэс Монголчууд хааны ордны ёслол хүндлэл, баяр наадам, хурим, төрийн ёслолын зан үйлийн үед, мөн цэрэг гарах буух, анд мордох зэрэгт хөгжим хангинуулдаг байсан мэдээ бий. Мөн 500 жилийн тэртээ зохиосон Жангарын туульд “Ерэн нэгэн чавхдаст өндөр хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү дуу хөгжмийн уламжлалын талаар эртний сурвалж бичгүүдэд дурдахдаа: "МЭӨ III зууны үед Эртний Хүннү нар оройдоо цуур, ятга хангинуулан дуулж бүждэг" байсан гэдэг мэдээг түүх судлаач, эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар судлан "Монголчуудын эртний өвөг" номдоо дэлгэрэнгүй бичсэн билээ. Түүнчлэн олон улсын шагналт, Зөвлөлтийн хөгжим урлаачдын нийгэмлэгийн орлогч дарга, нэрт хийл хөгжим урлаач Денис Яровой (1921—1991) "Эгшиглэнт хөгжмийн нууц" гэдэг бүтээлдээ хэлэхдээ: "Дэлхий дахинаа анхлан хамгийн болхи бүдүүлэг хийцтэй товшуур, ятга мэтийн хөгжмийн зэмсгүүд үүсээд хожим нь ур хийц шаардсан нумт хөгжмийн зэмсгүүд бий болсон ба эдгээр нь Азиас Европ тиврүү Зүүн Славян, Орос, Болгар, Испанийн газар нутгийг дамжин Араб руу очсон" гэж мэдээлснийг судлаач Д. Дашдорж, С. Цоодол нар "Ардын суу билэгтнүүд" номдоо судлан тэмдэглэн үлдээжээ.
Хубилай хааны үед 500 гаруй хөгжимчидтэй их найралд ятга хөгжим нь олон төрөл хэлбэрээр хэрэглэгдэж байсан гэх бөгөөд 12 төрлийн ятга хөгжмийг нэр төрөл, хэлбэр дүрсээр нь цохон дурдсан байдаг. Жишээлбэл: Төрийн ятга, Агуу их ятга, Ятга, Ятгалиг, Босоо ятга гэх мэт 1-25 чавхдастай, 1,10-3 метр урттай янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээс гадна, тоглогдох арга барилын хувьд гараар дэнслэн татах, нумаар хөрөөдөх, саваа, хумсаар товшин хөгжимдөх өөр өөрийн онцлог бүхий ятгууд байжээ.
Монгол улсад 1961 оноос тэнхимийн сургалтаар нарийн мэргэшсэн ятгачдыг бэлтгэж эхэлсэн байдаг. Хөгжим бүжгийн дунд сургуульд ятга хөгжмийн анги нээгдэхэд 16 сурагч элсэн орсноос 12 эмэгтэй сурагч, 4 эрэгтэй сурагч байсан. Анхны 16 мэргэжлийн ятгачид Д. Алтантуул, Л. Алтанцэцэг, Ж.Батсайхан, Г.Бүдханд, Б.Наранбаатар, Д.Нарантуяа, Г.Лхагвасүрэн, Г.Лена, Д.Сандаг, С.Тунгалаг, Г. Цогзолмаа, М. Цэрэнбалжир, Д. Цэрэнбат, Л.Цэнд, Л.Төөгөө, Б.Эрдэнэхуяг нар юм.
Орчин үеийн Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчид энэхүү ятга хөгжимд зориулан том хэлбэрийн олон тооны зохиол бүтээл туурвисан байдаг ба тэдгээрээс дараах концертуудыг түүвэрлэв. Үүнд:[2]
- Мөрдорж Л. Ятгын гоцлол
- Чинзориг Ц. Ятгын концерт(1995), ятгын концерт(1997)
- Шарав Б. Ятга , найрал хөгжимд зориулсан вариац-концерт(1997)
- Соронболд С. Ятгын концерт(1998)
- Жанцанноров Н. Концерт №1(1992), концерт №2(2013)
- Алтангэрэл Х. Ятгын концерт(2010)
- Мөнхболд Б. Ятгын концерт(2004), ятга хөгжимд зориулсан концертино(2011)
- Мөнх-Ертөнц Х. Ятга, төгөлдөр хуурт зориулсан концертын рапсоди(2011)
- Өлзийбаяр Ш. Ятга, симфони найралд зориулсан 3 ангит концерт(2011)
- Эрдэнэбат Ц. Ятга, симфони найралд зориулсан концерт(2012)
- Ариунболд Д. Ятгын дөрвөл, цохивор зэмсэгт зориулсан концертино(2014)
Хийц
засварлахЯтга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы чавхдасын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна.
Энгийн хийц бүхий ятга нийт 21 чавхдастай байх ба чавxдасны материалд адууны дэл сүүл, шөрмөс, өлөн, эсвэл ээрсэн торгоор хийдэг байжээ. Орчин үед чавхдасыг ихэвчлэн нийлэг эд (нейлон) юм уу нейлоноор ороосон төмөр утсыг хэрэглэдэг. А-чавхдасыг ердийн тохиолдолд ногоон өнгөөр будах ба бусад бүх чавхдас цагаан өнгөтэй байна.
Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж буй ятга нь 21 чавхдастай, 1,62 метрийн урттай байх ба жин нь 5-6 килограмм байдаг. Ийм хийцийн ятгыг "мастер ятга" гэж бас нэрлэнэ. Мастер ятга нь хятадын гүчжэнтэй ерөнхийдөө төстэй. Богино хийцтэй ятганы дуугаралт нь өөр байхаас гадна зарим тохиолдолд цөөн чавxдастай ч байдаг. Монголын эртний зохиолуудын нэг болох Жангарын туульд нэгэн залуухан гүнж 800 чавxдас, 82 тэвхтэй ятгаар хөгжимдөв хэмээн өгүүлсэн байдаг ажээ.
Ятгыг хөгжимдөх арга нь баруун гараар чавхдасыг татаж, зүүн гараар чавхдасыг дарж хөгжимддөг. Энэ нь ятгын доод хэсэгт чавхдасын илүү гарсан үзүүрийг баглан байрлуулсантай холбоотой юм. Эрт үеийн монгол ятгын доод буюу нүүрэн хэсэгт багласан утас байхгүй байжээ. Ийм учраас монгол ятгын чавхдасыг баруун зүүн аль ч гараар татаж, цохиж, дарж, нясалж, имэрч, чавхдаж байсан ажээ.
Эртний сурвалж бичигт ятгыг хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй бөгөөд эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг хэмээн тэмдэглэсэн нь бий. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. Ятга нь 13 тэвхтэй, их биеийн дээд талыг нүүр гэх бөгөөд нүүрэн талаар бүдүүнээс эхлэн дээш нарийссан 13 ширхэг мяндсан утас татаж, өндрөөсөө нам тал руу 13 ширхэг тэвхийг дараалуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татна. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндсаар эрчилж хийсэн 13 утас бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгаралтыг тогтоож өгдөг байна. Эдүгээ түгээмэл хэрэглэж байгаа ятга нь урт шулуун хэлбэртэй бөгөөд бага наймцын соль-оос гуравдугаар наймцын ре нот хүртэл дуугарах чадалтай. Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам уянгалаг учраас аргил болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой юм.
Ятга хөглөх
засварлахЯтгын үндсэн хөг нь пентатоник учраас 21 чавxдасаар 4 октавыг хөглөх боломжтой.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Description from the Silk Road Ensemble". Archived from the original on 2007-11-17. Татаж авсан: 2018-01-09.
- ↑ М, Хурметхан (2008-12-22). "Түрэг угсаатны хүн чулуу хөшөөний урлаг (Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөшөөний жишээн дээр)". Journal of International Studies: 94–99. doi:10.5564/jis.v4i4.2029. ISSN 2663-7871.