Монгол Улсын Консерватори

(Хөгжим Бүжгийн Коллеж-с чиглүүлэгдэв)

С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерватори нь Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг мэргэжлийн урлагийн сургууль юм.

Монгол Улсын Консерватори
Байгуулагдсан он1937
Эрдэмтэн багш нар261
Цахим хаягhttp://conservatory.edu.mn/

Монгол Улсын Консерватори нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны 04 сарын 10-ны өдрийн 45 дугаар тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙДААС УЛСЫН ТӨВ ТЕАТРЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ ГАРГАСАН 1927/37 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН 45 ТООТ ТУШААЛ

Одон тэмдэгт Улсын Төв театр ину өнгөрсөн 26 оны намаржинаас эхэлж тус теетрын удирдлагыг өөрчлөн сайжруулсан хийгээд тусгай мэргэжилтэй сургагч нарыг урьж ирүүлсэн зэргээс ажил нь нилээд өөрчлөлтийг олох зүгт хандсан боловч сүүлийн саруудад үндэсний шинэ шинэ зүйлүүдийг хараахан тавьж чадсангүй хийгээд, шинэ хүчин бэлтгэх явдлыг чанартайгаар үл явуулсан ба, ялангуяа жүжигчдийн хүмүүжил сурлагыг дээшлүүлэх явдал саадгүйгээр гүйцэлдэж чадаагүй, уран сайхны улс төрийн зөвлөл ба уран зохиолын бүлэгмээс түүний ажилд туслалцаж үл чадсан зэргээр, тус театрын хувьсгалт замаар хөгжих явдалд үлэмжхэн дутагдалууд буй болой хэмээн үзэж эл дутагдалтай ажлуудыг эрс шийдвэртэйгээр арилган сайжруулахын тулд ерөнхий сайдаас Тушаах нь:

1. Монголын үндэсний хувьсгалт театр болбоос үндэсний хувьсгалт соёлыг хөгжүүлэх ...


(...)

7. Тус театрын хөгжилтөд туйлын чухлаар холбогдох уран сайхны ажилчдын шинэ хүчнийг төрүүлэх нь онц чухал тул жүжигчин, найруулагч, хөгжимчин, дуучны зэрэг уран сайхны ажилчдыг бэлтгэх театрын тусгай сургуулийг 30-аас дорогшгүй орон тоогоор хурдавчлан байгуулж эцэстээ театрын техникум болгох чиглэлийг хадгалах нь чухал болох. Үүнд энэ тухай бүхий л зохион байгуулалтын ажлыг одоогоос бэлтгэж, уул сургуулийг ирэх 9 сарын 15-нд ямарч саадгүй нээхийг Ардыг Гэгээрүүлэх яаманд даалган тушаасугай.

(...)

Ерөнхий сайд: Амар Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, улсын маршал өрлөг жанжин: Чойбалсан Нарийн бичгийн дарга: Өлзий-Очир

1945 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв хорооны 1945 оны 6 сарын 1-ний өдрийн № 34/30 тоот тогтоолоор “Хөгжимт драматик сургууль”, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 9 сарын 12-ны өдрийн № 385 тоот тогтоолоор “Хөгжим бүжгийн дунд сургууль”, 1991 онд БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 1991 оны 11 сарын 29-ний өдрийн № 326/473 тоот тушаалаар “Хөгжмийн коллеж”, 1996 онд Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын 1996 оны 11 сарын 12-ны өдрийн № 126 тоот тушаалаар “Хөгжим бүжгийн коллеж” хэмээн нэрлэгдэж байсан.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 08 сарын 24-ны А/84 тоот тушаалаар Монгол Улсын Консерватори (хөгжмийн дээд боловсролын байгууллага) болж, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн.

Монгол Улсын Консерватори нь үүсэн байгуулагдсанаасаа хойш урлагийн чиглэлээр 7000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Монгол Улсын нийт урлагийн салбарын мэргэжилтнүүдийн 70%, мэргэжлийн хөгжимчдийн 90% нь тус сургуулийг төгссөн байдаг.[1]

Сургалтын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт

засварлах

Монгол Улсын Консерватори нь дараах 5 бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Шаталсан сургалттай ерөнхий боловсролын сургууль
  2. Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль
  3. Хөгжмийн ухаан, дуулаачийн сургууль
  4. Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
  5. Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль

Монгол Улсын Консерваторийн харьяа шаталсан сургалттай ерөнхий боловсролын сургууль нь I-V ангид бага боловсрол, VI-IX ангид дунд боловсрол, X-XI ангид тусгай мэргэжил олгодог. Үндсэн бүтцийн 4 сургууль нь төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр бакалавр, магистр, докторын эрдмийн зэрэг бүхий мэргэжилтэн бэлтгэдэг. Ерөнхий эрдмийн дунд сургууль нь үнэ төлбөргүй боловсрол олгодог.

Бээжингийн гудамжинд байрлах хичээлийн хоёр байртай, 2020 оны байдлаар үндсэн болон цагийн нийт 261 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.