Ядамжавын Цэвэл
Ядамжавын Цэвэл (Сайн ноён хан аймгийн Чин сүзэгт номун хан хутагтын шавь, өнөөгийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Талын толгой гэдэг газар 1902 оны 7-р сарын 30-нд төрсөн-1984 оны 8-р сарын 17-нд Улаанбаатарт нас барсан) нь Монголын хэл зүйч эрдэмтэн байв.
Намтар
засварлахЯ.Цэвэл 1902 онд мэндэлж, 1910 онд Мандалын хүрээнд шавилан суужээ. 1915 онд Чин сүзэгт номун хан хутагтын Шавьд байгуулсан сургуульд суралцаж байв. 1917 оноос Чин сүзэгт номун хан хутагтын Шавийн тамгын газарт тал бичээч, бичээч, 1923 оноос Засгийн газар бичээч, нягтлан бодогч, 1924 оноос Цэцэрлэг Мандалын аймагт суух Засгийн газарын төлөөний түшмэлийн туслах, төлөөний түшмэл, 1926 оноос Ардыг Гэгээрүүлэх Яамнаа Ардыг боловсруулах хэлтсийн дарга, мөн Яамны Эрхэлсэн түшмэл (одоогийнхоор дэд сайд) бөгөөд Гадаадад суралцагчдыг эрхэлсэн комиссын нарийн бичгийн дарга, 1929 оноос Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн, одоогийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий хэлтэс, Улсын Архив, Номын санд газар, тасгийн эрхлэгч, дарга, эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан зэрэг ажлыг хийж байгаад 1978 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Тэрээр 1929 онд Монголын уран зохиолчдын анхдугаар бүлгэмд гишүүнээр элссэн байна.
1926-1930 онд Оюутны сургууль, Багш нарын давтан сургууль, Нутгийн захиргаа болон Хууль цаазны сургууль, Нягтлан бодох санхүүгийн түр сургууль, дунд сургууль; 1934/1937 онд Цаг уурын тэмдэглэгч нарын түр сургууль; Номын санч нарын түр сургууль; 1938 онд Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх түр сургууль; 1941 онд Монгол Улсын Их сургуулийн бэлтгэл анги; 1943 онд Цэргийн дарга нарын давтан сургууль; 1960-1961 онд Номын санч нарыг бэлтгэх курст монгол хэл бичиг, монголын эртний хууль цааз, Үндсэн хууль, Нутгийн захиргааны дүрэм зэрэг хичээл зааж байжээ.
Тэрээр 1943 онд Шинжлэх Ухааны хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн, 1946 онд жинхэнэ гишүүн, 1951 онд тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ.
Я.Цэвэл 1984 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ.
Гавъяа шагнал
засварлах- 1936: Засгийн Газрын хүндэт үнэмлэх;
- 1943: Сайд нарын Зөвлөлийн хүндэт жуух;
- 1944: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;
- 1946: Хөдөлмөрийн хүндэт медаль, Хорин таван жилийн ойн медаль, "Бид ялав" медаль;
- 1951: Алтан гадас одон, 40 жилийн ойн медаль;
- 1961: Алтан гадас одон; Ойн бусад медалиуд ...
- 1967: Москва хотноо болсон Олон Улсын номын үзэсгэлэнгээс “Монгол хэлний товч тайлбар толь” нь III зэргийн диплом хүртжээ.
Элдэв баримт
засварлах- 1924 онд Засгийн газарын дэргэдэх МАХН-ын 8-р үүрт гишүүнээр элссэн ч намын 2-р шалгалтаар намаас хөөгдсөн бөгөөд дахиж элсээгүй аж.
- 1939 онд Халх голын байлдааны үед цэргийн орон сууцны хэрэгцээнд таван ханат бүрэн гэр нэгийг зуух яндангийн хамт гэр бүлээрээ үнэ төлбөргүй сайн дураар тусалжээ (Хүлээн авсан комисс нь тэр үеийн ханшаар 1 300 төгрөг гэж үнэлэн бодсон баримт нь буй).
- 1968 онд зохиолч Д. Нацагдоржийн Музей байгуулахад өөрийн сууж ажиллаж байсан бичигийн ширээгээ үзмэрт нь шилжүүлсэн бөгөөд уг ширээ одоо хүртэл тэнд буй.
- 1978-1984 онд 3 удаа тэр үеийн ханшаар нийт 100 000 төгрөгийг Хүүхдийн фонд болон 31-р сургуулийн номын санг өргөтгөхөд хандив өргөжээ .
- 1981 онд Улсын Төв Музейд Угсаатны зүйн тасаг шинээр байгуулахад өөрийн сууж байсан таван ханатай бүрэн гэрээ үнэ төлбөргүй бэлэглэжээ.
Бүтээл
засварлахЯдамжавын Цэвэл 50 гаруй жил эрдэм шинжилгээний ажил хийхдээ Монгол хэлний үгийн сан, найруулгазүй, түүх, угсаатны судлал, түүхэн газарзүй, соёл, Монголын шинжлэх ухааны түүх, сурган хүмүүжүүлэх салбараар ажиллаж бие даасан ном, товхимол, өгүүлэл олныг нийтлүүлснээс гадна энэ хэр нийтийн хүртээл болж хэвлэгдэн гараагүй бүтээл нэлээд буй. Тэдгээр бүтээлүүд нь дараа дараагийн үеийнхний судлагааны ажлын суурь болсоор ирсэн билээ. Тухайлбал: "Монгол хэлний товч тайлбар толь"[1] нь 1966 оноос хойш дэлхийн олон оронд гарсан монгол хэлтэй холбогдол бүхий тольд үндсэн хэрэглэгдэхүүн болсоор иржээ. Уг толь 2002 онд монгол бичгээр БНХАУ-д дахин хэвлэгджээ. 2023 онд Монголд дахин хэвлэгдсэн байна.
Үүнээс гадна 1936-1937 онд хэвлүүлсэн номзүйн хоёр бүртгэл нь монголд шинэ цагийн Номзүйн суурийг тавьсан гэж үздэг.
Мөн үзэх
засварлах- Б. Сумъяaбаатар: Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээ, Я. Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралын илтгэл, "Я. Цэвэл - гэгээрсэн эрдэмтэн", 2022.08.06 [2]