Эрдэнэбулган сум
Эрдэнэбулган сум нь Хөвсгөл аймгийн нэгэн сум.
Эрдэнэбулган сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1931 он |
Эргэн бйгуулагдсан | 1959 он |
Газар нутаг | |
• Нийт | 4,694.4 км2 (1,812.5 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,141 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Газарзүй
засварлах469,4 мянган га нутагтай, төв нь Улаанбаатар хотоос 710 км зайтай оршдог. Нутгийн ихэнх нь Хөвсгөл орчмын бэсрэг уулс, Бадар, Дуургын нуруудын хоорондох Эг-Үүрийн голын дагуух нутаг, газар нутгийн 89.2 орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн тайгын бүс юм.
Хөвсгөл нуураас эх авсан цорын ганц Эгийн гол нутгийн төв хэсгээр баруунаас зүүн тийш урсан өнгөрч, Монголын уулын том голын нэг Үүрийн голтой нийлэн Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Үүнээс гадна Чичин, Бургалтай, Буурал, Зэрлэг, Удган зэрэг олон арван гол горхи, рашаан булагтай, хүн малын ундны ус арвинтай нутаг юм.
Хамгийн өндөр цэг Зэрлэгийн голын урд нурууны “Хөөгийн асга” нь далайн түвшнээс дээш 2024,2 м, хамгийн нам цэг болох сумын төв 1151,4 м, эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд хасах 40 хэм хүртэл хүйтэрч, зуны улиралд нэмэх 34 хэм хүртэл халж, өвлийн дундаж тунадас 218 мм, өвөл зуны үргэлжлэх хугацаа төвийн нутгуудтай ижил байна. Чулуун нүүрс, алт, шар ногоон хаш, гантиг, шохой зэрэг өнгөт металлын болон ашигт малтмалын нөөцтэй, төмөр зэвсгийн үеийн томоохон булш элбэгтэй.
Ой хөвчийн бүхий л модлог бутлаг ургамлууд, эдгээр дотроос хаа ч ховор хуш, нарс, гацуур модны зохих нөөцтэй, төрөл бүрийн жимс, эмийн ургамал элбэгтэй. Бүх төрлийн мэрэгчид, гахай, буга, хандгай, гөрөөс, хүдэр, чоно, үнэг, хэрэм зэрэг тайгын амьтдын нөөц ховордож байгаа ч устаж үгүй болоогүй. Томоохон голуудад тул, зэвэг, гутаарь зэрэг загастай.
Албан байгууллага
засварлахТус суманд Эрүүл мэндийн төв, 12 жилийн ахлах сургууль, цэцэрлэг, соёлын төвтэй, 34 аж ахуйн нэгж, 40 худалдааны цэгтэй, арилжааны 2 банк, хилийн хээрийн застав, жуулчны 5 отогтой байна.
Түүх
засварлахХөвсгөлийн хязгаар нутаг нь 13-р зууны үед Монголын эзэнт улсын хувь эзэмшил буюу Чингис хааны ууган хүү Зүчийн харьяалал Дайчин Мэргэд аймагт, 14,15-р зуунд өрнөд Халхад, 16-р зууны дунд үеэс Батмөнх Даян хааны отгон хүү Гэсрэнз жалайр хун тайжийн захиргаанд хамрагдаж, Манжийн ноёрхлын үед (1691-1911 он) халх дөрвөн аймаг шавь таван газар байгуулагдахад Засагт хан аймаг, Сайн ноён хан аймгуудад харьяалагдах болжээ.
Богд хаант Монгол Улсын үед Өвөр ширхтэн Урианхайн бүгд буюу Жавзандамба хутагтын бага шавьд захирагдан байсан бөгөөд Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Засгийн газраас аймаг хошуудыг эмхэлж, хошуу нутгийг үе улиран өмчлөн захирч байсан засаг ноёдын эрх мэдлийг халах, шинэ хошуу сум байгуулах, орон нутгийн засаг захиргааны байгууллагын тухай хууль батлан гаргаснаар засаг ноёдынх нь хэргэм зэргээр нэрлэдэг байсан аймаг хошууг орон нутгийн томоохон уул, ус, газрын нэрээр нэрлэх болжээ.
1925 онд Их шавийг халахад Хөвсгөлд Наранжаргалант, Хөвсгөл далай-Дэлгэрхаан–Уул, Рашаант, Дэлгэрхаан–Уул гэсэн 4 хошуу бий болсон.
1928 онд хуралдсан улсын V их хурал орон нутгийн Засаг захиргааг шинэчлэн байгуулах бодлогыг чухалчлан боловсруулсантай холбоотойгоор тус сум нь Цэцэрлэг мандал уулын аймгийн Хөвсгөл далай Дэлгэрхан уулын хошууны Сант-Өндөр сум нэртэйгээр зохион байгуулагдаж, даргаар нь Зуны голоор нутагтай Жамьян гэдэг хүн томилогдон, удалгүй нэрээ өөрчлөн Эрдэнэбулган гэх болж, даргаар нь Намдагийн Нанзад, Жамсран хурц зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуучин хошуудын захиргааг 1931 оны 04 дүгээр сарын 05-ны дотор татан буулгаж, мөн сарын 10-ны дотор шинээр зохион байгуулах тухай 5 дугаар тогтоолыг баримтлан, Хөвсгөл аймгийг байгуулах түр хорооноос 1931 оны 04 дүгээр сарын 11-30-ны өдрүүдэд Хатгалд Хөвсгөл аймгийн анхдугаар их хурлыг хуралдуулж, БНМАУ-ын 16 дугаар бага хурлын шийдвэр, үндэстэн ястан, аймаг нутгийн зохион байгуулалт, шинэ захиргаа удирдлагыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, Цэцэрлэг мандал-Уул, Хантайшир уулын аймгийн 5 хошуу 55 сумыг нэгтгэн, Хөвсгөл аймгийг 24 сум, 439 хоринтой, 69201 хүн, 17431 өрх, 1 сая гаруй мал, 106,2 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай байхаар тогтоол гарган баталсан байна.
Ийнхүү 1931 онд Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар тус суманд Намнан-Уулын хошуунаас гөрөөчин отгийг нийлүүлэн Эрдэнэбулган сум байгуулагдан, сумын анхны хурлыг удирдуулахаар Хурган гэдэг хүн томилогдон ирж, сумын анхны даргаар Нямын Готовыг томилон, сумын төвийг одоогийн оршин байгаа Булган талын эх, Эгийн голын хөвөө, Бургастайн тохойн ард суурьшуулж, сум одоогийн өнгө төрхөө олон хөгжиж иржээ.
Сум байгуулагдах үедээ 9 багтай байснаа 1948 онд Хужирбулан, Шөөл, Тэрхэнийг Түнэл суманд шилжүүлж өгснөөр 7 багтай болж, хилийн дээс одоогийнхоо хэв маягаар тогтжээ.
1950-аад оны дундуур Энхтайван нэгдэл, 1959 онд Эг-Үүрийн сангийн аж ахуй байгуулагдаж, 1990 он хүртэл оршин тогтнож байв. Энэ хугацаанд 2 удаа татан буугдаж, Цагаан-Үүр, Тариалан сумтай нийлж байсан хэдий ч 1985 оноос хойш Эрдэнэбулган нэрээрээ засаг захиргааны зохион байгуулалтад орсон байна.
Эдийн засаг
засварлах2004 оны байдлаар ойролцоогоор 47,000 толгой мал тус суманд тоологдсоны 16,000 нь хонь, 15,000 нь ямаа, 11,000 нь үхэр буюу сарлаг, 5,300 нь адуу, 5 нь тэмээ байв[1]. Өдгөө 2733 хүн амтай, 784 өрхтэй, 55423 толгой малтай, үүнээс хонь 18877, ямаа 18753, адуу 4319, үхэр 14474 мянга байна.
Ном зүй
засварлахМ.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.219
Эшлэл
засварлах- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.