Энтони Жон Блинкен (англи:- Antony John Blinken ; 1962 оны 4-р сарын 16-нд Нью-Йорк мужийн Йонкерс хотод төрсөн) – Америкийн төрийн зүтгэлтэн, 2015-2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч байсан. 2021 оны 1-р сарын 26-наас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанд АНУ-ын 71 дахь Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байна.

Энтони Жон Блинкен (2015)

Тэрээр Нью Йорк мужийн Ёнкерс хотод төрсөн байна.

Түүний эцэг Дональд Блинкен АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж, Нью-Йорк хотын нөлөө бүхий хуульч, дипломат 1994—1997 онд Унгарт АНУ-ын Элчин сайд байсан, эх нь унгарын еврей гаралтай Жудит Блинкен бүжгийн хамтлагийн зохион байгуулагч байсан юм.

Тэрээр Нью-Йорк хотын нэр хүндтэй хувийн Далтоны дунд сургуульд сурч байсан. 1970 онд эцэг эх хоёр нь салсан бөгөөд жилийн дараа эх нь польш гаралтай фашистын Холокостын хорих лагераас амь гарсан хууль, зохиолч Самюэль Пизартай (Samuel Pisar) гэрлэж Францын Парис хот руу амьдархаар хүү Энтонигийн хамт нүүсэн ажээ. Түүний өвөг эцэг Маурис Блинкен Оросын хоморголон устгах үйл ажиллагаанаас дүрвэж, АНУ-д цагаачилж байжээ. Түүний хойд эх Вера Блинкен коммунист Унгараас дүрвэж, дараа нь бусад дүрвэгсдэд АНУ руу ирэхэд нь тусламж үзүүлж байв. Харин Блинкенийг өргөж авсан эцэг Самюэль Пизар нацист хорих лагерт дөрвөн жил хоригдоод, буудан хороохоор авч явах үед нь зугатааж Америк цэргүүдтэй тааран аврагдсан гэдэг.

1980-1984 онд Э.Блинкен Харвардын Их сургуульд суралцаж төгсөөд улс төр, урлаг, уран зохиолын тухай бичдэг сард 2 удаа гардаг "The New Republic" сэтгүүлд сурвалжлагчаар 1 жил орчим ажилласан байна. 1988 онд Колумбийн Их сургуульд хуулийн ухааны доктор цол хамгаалаад Нью-Йорк хотод өмгөөлөгчийн ажил эрхэлсэн байна. Тэрээр эцэг Доналдын хамт 1988 онд Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Майкл Дукакисын сонгуулийн ажлыг дэмжиж оролцсон.

1994-2001 онуудад Ерөнхийлөгч Билл Клинтоны гадаад бодлогын асуудлаарх "Спичрайтер" буюу "хэлэх үг боловсруулагч" байсан бөгөөд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн аппаратад ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн Европтой харилцах асуудлыг эрхэлсэн тусгай туслах байсан.

Барак Обамагийн 2009-2013 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Тони Блинкен Дэд ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

2013-2015 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, 2015-2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ.

2014 онд Тони Блинкен АНУ-ын "Крымын хямрал"-ын эсрэг хариу арга хэмжээг буюу Оросын болон Путиний эсрэг хориг арга хэмжээ авах саналыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод Тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлэхдээ “Аливаа юмс өөрчлөгдөхийн хэрээр зарим зүйлс хэвээр үлддэг. Америкийн манлайлал шаардлагатай хэвээр байна” гээд цааш нь “Гэхдээ бидэнд тулгамдаад буй томоохон асуудлуудын алийг ч ямар нэгэн улс үндэстэн дангаараа шийдвэрлэх боломжгүй юм” гэжээ.

2002 онд ирланд гаралтай католик шашинтан 1971 онд төрсөн Эван Мөрийн Райан (англи. Evan Maureen Ryan)-тай Вашингтон хотод гэрлэлтээ батлуулжээ.