Эндрю Карнеги (англи. Andrew Carnegie; 1835 оны 11-р сарын 25-нд Шотландын Данфермлайн хотод төрсөн — 1919 оны 8-р сарын 11-нд АНУ-ын Массачусетс мужид нас барсан) — америкийн ажил хэрэгч хүн, том төмөрийн үйлдвэрлэгч, тэрбумтан бөгөөд буяны үйл ажиллагаа эрхлэгч-хандивлагч.

Эндрю Карнеги

Эндрю Карнеги Шотландын Данфермлайн (англи. Dunfermline, гэль. Dùn Phàrlain) хотод 1835 онд нэхмэл эрхлэгчдийн гэрт төржээ. Удалгүй 1848 онд эцэг Уильям, эх Маргарет нар хүү Эндрю, Томас нарынхаа хамт АНУ руу нүүж шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн байна. Э.Карнеги АНУ-ын Пенсильвани мужийн Аллегейни хотод очоод 14 настайдаа анх нэхмэлийн үйлдвэрт ажилчин болж ажлын гараагаа эхлүүлсэн гэдэг.

Хэсэг хугацааны дараа Эндрю үйлдвэртээ төсөл бүртгэгч, дараа нь бараа хүргэгчээр ажиллаж байгаад 1850 онд телеграфын компанид өндөр цалинтай ажилд шилжин оржээ. 1853 онд анх удаа 500 ам.доллар төмөр замын компанид хөрөнгө оруулж үзсэн ажээ.

Америкийн Иргэний дайны өмнө Карнеги "Вудрафф" компанийг нэгтгэх ажлыг зохион байгуулж байсан бөгөөд Жорж Пуллман унтлагын вагон зохион бүтээсэн нь Карнеги, Вудрафф хоёрын амжилтад улам их хувь нэмэр оруулсан. 1861 оны хавар Карнегийг тухайн үед цэргийн тээвэр хариуцсан Дайны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Скотт цэргийн төмөр зам болон Дорнод дахь Холбооны цахилгаан холбооны шугамыг хариуцуулав. Карнеги Вашингтонд төмөр зам нээхэд тусалсан. Тэрээр Умардынхны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Дайны дараа Карнеги гангийн салбарт өөрийгөө зориулахын тулд төмөр замыг орхисон юм. Карнеги хэд хэдэн төрлийн төмрийг бүтээхээр ажиллаж, эцэст нь Питтсбургт "The Keystone Bridge Works" болон "Union Ironworks" компанийг байгуулжээ. Пенсильванийн төмөр замын компаниас гарсан хэдий ч Томас А.Скотт, Ж.Эдгар Томсон нартай нягт холбоотой байжээ. Дараа нь тэрээр анхны төмөр, гангийн үйлдвэрээ барьсан юм.

Хэсэг хугацааны дараа тэрээр Питтсбургт өөрийн "Carnegie Steel Company" компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. 1901 онд Карнеги энэ компанийг Жон Пиерпонт Морган (англи. John Pierpont Morgan; 1837-1913)-д зарж "U.S. Steel" компаний нэг хэсэг болжээ. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Карнеги 300 сая доллар авч, хэдэн жилийн турш дэлхийн хамгийн баян хүн гэгдэх болсон юм.

Эндрю Карнеги амьдралынхаа сүүлийн жилүүдийг буяны үйлсэд зарцуулсан байна. Үүний дотор соёл, боловсрол, олон улсын харилцааны салбар дахь янз бүрийн төслүүд, ялангуяа нийтийн номын сангуудад зориулжээ. Ийнхүү Карнеги Нью-Йорк дахь Карнеги Холл, Хааг дахь Энхтайвны ордны барилгын ажлыг санхүүжүүлсэн. Тэрээр мөн Нью-Йоркийн Карнеги корпорац, Карнегигийн олон улсын энх тайвны сан, Карнеги институт, Шотландын их сургуулиудын Карнеги траст, Карнеги Меллоны их сургууль, Питтсбургийн Карнегийн Байгалийн түүхийн музейг үүсгэн байгуулжээ.