Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь шатрын спортоор дэлхийн шилдэг тамирчин шалгаруулахаар зохиогддог. 2013-2023 онд шатарын дэлхийн аварга нь Норвегийн Магнус Карлсен байсан юм.
Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1886 онд, тухайн үеийн дэлхийн шилдэг 2 тоглогч Вильхельм Штайниц, Иоханнес Цукерторт нарын хооронд болж, Штайниц ялсан. 1886-1946 онд аварга шатарчны тавьсан нөхцөлийн дагуу, горилогч тамирчин тодорхой бай шан цуглуулсны үндсэн дээр зохиогддог байв. 1946 онд тухайн үеийн дэлхийн аварга Александр Алехин нас барсны дараа Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) тус тэмцээнийг зохион байгуулах болж, 1948 онд шинэ аварга Михаил Ботвинник тодорч энэ цолоо 1957 он хүртэл хадгалсан. М.Ботвинник аваргаа 1957-1958 онд Василий Смысловт алдаад буцааж 1958-1960 онд авсан. 1960-1961 онд Михаил Таль дэлхийн аварга болсон. 1961-1963 онд М.Ботвинник эргээд аварга болсон. 1963-1969 онд аваргын титмийг Тигран Петросян эзэмшээд 1969-1972 онд Борис Спасский аварга болсон байна. 1972-1975 онд Роберт Фишер аварга цол хүртсэн. 1975-1985 онд Анатолий Карпов аваргын цолыг авсан. 1985-1993 онд Гарри Каспаров аварга байсан.
1993 онд, тухайн үеийн дэлхийн аварга Гарри Каспаров ФИДЕ-гээс өрх тусгаарласнаар дэлхийн аварга цолыг 2 хүн эзэмшдэг байдал 13 жил үргэлжилсэн байна. 2006 оноос хойш дахин ФИДЕ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох болж, дэлхийн аварга цолыг эзэмшигч эргээд ганц болсон байна.
2014 оноос хойш 2 жил тутамд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож буй. Магнус Карлсен 2013 онд Вишванатан Анандыг ялж дэлхийн аварга болсноосоо хойш 2014, 2016, 2018 онуудад аварга цолоо амжилттай хамгаалаад байна. Дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2020 онд зохиогдох байсан ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдож, 2021 онд товлогдоод буй.
2023 оноос хятадын Дин Ли жэнь аварга цол хүртээд байна.
Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүссэн хүн болгон орох эрхтэй ч эмэгтэйчүүдийн, өсвөрийн (20 хүртэлх насны, мөн илүү бага насныхны дундах тэмцээн ч бий), ахмадын (эрэгтэй 60, эмэгтэй 50 наснаас дээш) зэрэг нас, хүйсийн ангилал бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, мөн түргэн тоглолтын, блиц зэрэг, тоглолтын хугацааг заасан байдлаар явагддаг тэмцээнүүд ч бий. Түүнчлэн Дэлхийн компьютерын шатрын аварга шалгаруулах тэмцээнд шатрын компьютерын программууд өрсөлддөг.