Олон Улсын Шатрын Холбоо
Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ, Франц: Fédération Internationale des Échecs, FIDE) - Дэлхийн Үндэсний шатрын холбоодыг нэгтгэн 1924 оны 7-р сарын 20-нд Парис хотноо байгуулагдсан олон улсын спортын байгууллага. Шатрын спортыг сурталчлах, нэр дэвшигчдийн оролцох тэмцээн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, шатрын олимпиад болон бусад олон улсын шатрын тэмцээнүүдийг зохион байгуулах; спортын цол олгох, шатарчдын албан ёсны үнэлгээ, эрэмбийг тооцож нийтэлдэг байгууллага. ФИДЕ-гийн уриай бол «Gens Una Sumus» («Бид-нэг гэр бүл» — латин).
ФИДЕ-гийн төв байр Швейцарын Лозанн хотод байралдаг. Мөн ОХУ-ын Халимаг улсын нийслэл Элэстэй хотод салбар байралдаг байна.
ФИДЕ-гийн Дүрмэнд англи болон франц хэл албан ёсны гэдэг боловч бүх баримт бичиг нь англи хэлээр явагддаг байна. Үүнээс гадна ФИДЕ-гийн хуралд испани, орос хэл ашигладаг байна.
ФИДЕ-гийн гишүүн болох Үндэсний шатрын холбоод ФИДЕ-гийн Ерөнхий Ассамблейд саналын эрхтэй байдаг. Үйл ажиллагаа нь ФИДЕ-гийн Дүрэмтэй харшлахгүй бол аль улсын Үндэсний холбоо тус байгууллагад элсэж болно.
Олон Улсын Шатрын Холбоо ФИДЕ анх 1924 онд байгуулагдах үедээ 14 улсын холбоог нэгтгэсэн байдаг. Үүнд: Аргентин, Бельги, Их Британи, Унгар, Испани, Итали, Канад, Нидерланд, Польш, Румын, Франц, Чехословак, Швейцар, Югослав байжээ.
1960-аад оны дундуур Холбооны гишүүдийн тоо хөгжиж буй олон орон орж ирснээр эрчимтэй өсч байсан бол 1987 онд 125 болж 2019 оны байдлаар 191 үндэсний шатрын холбоо багтаад байна. Тэдгээрийг бүсчилсэн байдлаар бүс тус бүрээр хуваадаг (2019 онд 35 бүс байна); бүс бүрээс ФИДЕ-ийн байгууллагуудад түүнийг төлөөлөх бүсийн ерөнхийлөгчийг сонгодог байна.
Дүрмийн дагуу жил бүр ФИДЕ-гийн Их хурал чуулах үеэр Ерөнхий Ассамблеи, Гүйцэтгэх Хороо, Комиссууд хуралддаг байна.
Холбооны Ерөнхийлөгчид
засварлах1924-1949 онд Нидерландын Александр Рюб, 1949-1970 онд Шведын Фольке Рогард, 1970-1978 онд Нидерландын Макс Эйве, 1978-1982 онд Исландын Фридерик Олаффсон, 1982-1995 онд Филиппины Флоренсио Кампоманес, 1995-2018 онуудад ОХУ-ын БНХалимаг Улсын Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов нар ФИДЕ-гийн Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан байна.
2018 оны 10-р сарын 3-нд Батуми хотноо болсон ФИДЕ-ийн 89-р Их хурлын үеэр шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон. ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Георгиос Макропулос, Найжел Шорт, Аркадий Дворкович гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдсөн юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр Н.Шорт өрсөлдөгч Аркадий Дворковичийн төлөө өөрийн нэрээ татаж авсан байна. Макропулос 78-ын эсрэг 103 санал авсны дараа Аркадий Дворкович ФИДЕ-ийн шинэ тэргүүн болсон байна.