Чулуунбаатарын Шархүүхэн
Чулуунбаатарын Шархүүхэн (1939 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн)- БНМАУ-ын Ардын Жүжигчин уртын дуучин.
Чулуунбаатарын Шархүүхэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | дуучин |
Тэрээр Аюурын Чулуунбаатар, Сумьяа нарын 14 хүүхдийн долоо дахь хүүхэд нь болж төрсөн байна.
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад, 1958 онд Дорнод аймгийн ХДТ-т жүжигчнээр орж, 1962 оноос Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж, хэдийгээр насны тэтгэвэрт гарсан ч уран бүтээлийн ажлаа хийсээр байна.
Монгол ардын дууны нэрт мастер түүний урын санд “Уяхан замбуу тивийн наран”, “Өвгөн шувуу”, “Уртын сайхан хүрэн”, “Алтан богдын шил”, “Жаахан шарга” гэхчилэн олон aйзам болон бэсрэг уртын дуу бий.
1978 онд Болгарын Софи хотод болсон ДЗО-ны их наадамд оролцож “Алтан богдын шил” дуугаараа алтан медаль хүртжээ. Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээж дуулжээ.
Хэнтий аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа БНМАУ-ын Ардын Жүжигчин /1978-07-31. №179/, Гавьяат Жүжигчин /1973-07-10. №156/ цолыг хүртсэн нь аймгуудын театруудаас Ардын жүжигчин цол авсан эхний тохиолдол болжээ.
Түүний тухай "Хан Хэнтийн гургалдай" гэж баримтат кино 2019 онд хийжээ.