Чоёгийн Даваадаш
Жалайрчо овогийн Чоёгийн Даваадаш (1944 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн хүндэт доктор, ахмад дипломатч, доктор, профессор.
“Өрсөж сэтгэж, Өмнө нь хөдөлбөл өөдлөнө
Дагаж сэтгэж, Дуурайж хөдөлбөл дампуурна”[1]
Товч намтар
засварлахТэрээр Говь-Алтай аймгийн Халиун суманд малчин ардын гэр бүлд төрсөн. Эцэг эхээс долуулаа бөгөөд хамгийн отгон нь ажээ. Хоёр настай байхад эх нь, 6-р ангийн сурагч байхад эцэг нь нас барж бүтэн өнчин үлдсэн.
Тэр цагаас л өөрөө өөрийнхөө амьдралын жолоог атгаж, сурч, хүмүүжиж, тэмцэж амьдрав. Говь-Алтайд 4-р ангиа төгсөөд жил сургуулиас завсардаж байгаад ах дүүсээ бараадан нийслэл хотод иржээ. Тэр жилдээ ХБДС-д элсэн 9 дүгээр анги хүртлээ онц сурч байгаад Толгойтын 12 дугаар дунд сургуульд шилжин орж алтан медальтай төгссөн.
Түүний 1-10 дугаар ангийн бүх хичээл онц дүнтэй байсан учраас тухайн үеийн Дээд Боловсролын Хорооноос Толгойтын 12 дугаар сургуульд хуваарилсан оюутны хуваарийг нэгдүгээрт сонгох эрхтэй болж, Ломоносовын их сургуулийн микробиологийн ангийг сонгож байв. Ингээд микробиологч мэргэжлээр суралцана гэж байсан ч тухайн жил МАХН-ын ТХ-ноос “малчны хүүхдүүдээс дипломат бэлтгэх” шийдвэр гарснаар Дээд Боловсролын Хороо Ч.Даваадашийг дуудаж, Москвагийн ОУХДС-ийг санал болгов. Ч.Даваадаш зөвшөөрч 1966 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцжээ.
Нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд 1971 онд Москвагийн ОУХДС-ийг улаан дипломтой төгсөв. Тэрээр анхны улаан дипломтой төгссөн монгол оюутан болсон учир ОУХДС-иас түүнийг шууд аспирантурт үлдэхийг зөвлөмжилсөн ч тухайн үед монголын холбогдох газрын удирдлагууд тодорхой шийд өгөөгүйгээс аспирантурт үргэлжлүүлэн суралцаж чадаагүй байдаг.
Дэлхийд нэр хүндтэй, мэргэжлийн дипломатуудыг бэлтгэдэг сургуулийг улаан дипломтой төгссөн түүнийг МРТУХ-ны Радиогийн Гадаад хэлний нэвтрүүлгийн Ерөнхий редакцид томилж тэндээ 1 жил ажилласны дараа МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Чимэддоржийн туслахаар томилон гурван жил ажилласан. Хожим нь НТХ-ны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч болтлоо өсөж дэвжсэн юм.
Монгол Улсад ардчилалын хөдөлгөөн өрнөж, хөгжлийн шинэ салхи сэвэлзэх үетэй залгуулан Ч.Даваадаш үндсэн мэргэжлийнхээ дагуу 1994-1996 онд Эрхүү хот дахь Консул, 2000-2004 онд Эрээн хот дахь Ерөнхий Консулаар ажиллаж байгаад Монгол Улсын төр, нийгэм, Гадаад харилцааны салбарт хийж бүтээсэн үйл хэрэгтэй, нэр бүтэн, мөр цагаанаар "гавьяаныхаа амралт"-нд гарсан.
Гавьяаны амралтандаа гарсан ч Ч.Даваадаш залуу үеэ бэлтгэх багш, профессорын ажлаа хийхийн зэргэцээ агуу их сэтгэгчдийн бүтээлүүдийг орчуулж Монгол Улсын оюуны санд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн юм.
Улс төр, нийгмийн үйл хэрэг
засварлахЧ.Даваадаш нь намын Төв Хороонд хорь шахам жил ажиллахдаа эрхэлсэн ажлынхаа хүрээнд намын бодлого, шийдвэрт бодит хувь нэмрээ оруулахын зэргэцээ УТТ-ны гишүүд, Төв Хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нарын Төв Хорооны бүгд хурал, улсын чанартай зөвлөлгөөн, түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд зориулсан олон арван мянган хуудас улс төрийн бодлогын чанартай илтгэл, хэлэх үг, баримт бичгийн эхийг боловсруулж байжээ.[2]
Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэх Төв Хорооны комиссын хариуцлагатай нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаж, Төв Хорооноос итгэж хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлэн оролцож явсан түүхээ нэгтгэн “Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа” бүтээлийг бичиж хэвлүүлэв. Уг бүтээлийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам“...түүхэн үйл явдалд биечлэн оролцож явсан хүн түүхийг хойч үедээ жинхэнэ бодитойгоор, үнэн мөнөөр нь, цогцоор нь бичиглэн үлдээхийн загвар бүтээл” хэмээн үнэлж, бүх ерөнхий боловсролын дунд сургуулиудын номын санд байх ёстой ном гэж тусгайлан хэвлүүлэх шийдвэр гаргаж байжээ. Харамсалтай нь санхүүгийн асуудлаас болоод уг ном зөвхөн Улаанбаатар хотын сургуулиудад тараагдаж, хөдөөд хүргэгдээгүй байна.
"Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа" бүтээл Лениний номын сан, АНУ-ын Конгрессийн номын санд мөн хадгалагдаж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны үйл хэрэг
засварлахТэрээр мэргэжлийн дипломатчийн хувьд, Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг анхны улаан дипломтой төгссөн монгол оюутан бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ОХУ-ын Эрхүү хотод Консулаар /1994-1996 онд/, БНХАУ-ын Эрээн хотод Консулаар /2000-2004 онд/ тус тус ажилласан.
Тухайн үед Монгол-Оросын хүйтэрсэн байсан харилцааг сэргээх, уур амьсгалыг зөөлрүүлэх, Эрхүү мужийн удирдлага, олон нийтийн бүх түвшинд бий болчихсон байсан өөрийн орны талаарх зохисгүй, буруу сэтгэгдлийг үндсээр нь өөрчлөхийг гол зорилгоо болгон ажиллаж эхлэв. Эрхүү мужийн удирдлага, хууль хүчний болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагатай ажил хэрэгч ойр дотнын харилцаа тогтоон маш зөв ойлголцсоны эцэст хоёр талын харилцаа хэвийн, хуучин урсгалдаа орох болжээ. Үүний тод жишээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хөтөлбөрт Эрхүүг жич багтааснаас гадна Эрхүүгийн хууль, хүчний байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг эх орондоо айлчлуулж, тодорхой тохиролцоонд хүрч, холбогдох хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж байжээ. Мөн тэрчлэн Улаанбаатарын өдрүүдийг Эрхүүд зохион байгуулж, Эрхүүгийн их, дээд сургуулиудын удирдлага, багш нарыг биечлэн оролцуулсан Эрхүүгийн их, дээд сургууль төгсөгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байв.
БНХАУ-ын Эрээн хотод Ерөнхий Консулаар ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэргэцээ Консулын байрыг бариулах, улмаар ЕКГ-ын статусыг зохих түвшинд хүргэж байсан байна[3].
БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр монгол иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байсныг засч, залруулахын тулд Эрээн хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтууд хийж, зохих арга хэмжээг авч өгөхийг хүсч байсан нь үр дүнд хүрч монгол иргэдийнхээ эрх ашгийг бодитой хамгаалах үйл ажиллагаанд эргэлт гарсан аж. Эрээн хотын намын удирдлага нь холбогдох албад, газрын дарга, удирдах хүмүүстээ хатуу сануулга өгсөны дээр Хотын Намын Хорооны дэргэд гадаадын иргэдийн санал гомдол хүлээн авдаг алба байгуулагдаж байв. Цаашлаад, 2002 онд болсон Хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын 11-р хугацааны 4 дэх удаагийн их хурлын тайлан илтгэлд: “тус хотод гадаадын иргэд, гаднын хүмүүс үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлж, гадаадын иргэдэд сайхан хандаж, тэднийг хамгаалах хэрэгтэй. Хойшдоо Хятадын иргэн болоод гадаадын иргэдийн хороонд зөрчил маргаан үүсвэл юуны өмнө Хятадын иргэний асуудлыг эхний ээлжинд авч үзнэ. Буруутгана” гэж цохон тэмдэглэсэн байдаг байна.
Оюуны санд хувь нэмэр оруулах үйл хэрэг
засварлахЧ. Даваадаш нь Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гурван боть зохиолыг түүний анхны боть хэвлэгдэн гарснаар хойш 211 жилийн дараагаар анх удаа Монгол хэлнээ хөрвүүлэн гаргав. Хүн төрлөхтний сэтгэхүй, танин мэдэхүйн онол, арга зүйг боловсруулсан энэхүү гурван боть бүтээл нь орчлон ертөнц, байгаль дэлхий, хүн, амьтны аймгийг цогцоор нь судалж шинжлэх ухааны бүх арга зүйг өөртөө тусган хадгалсан алдарт “хийсвэрээс өвч тодорхойд дэвших” арга, арга зүйг төгс төгөлдөрөөр бүтээн амилуулсан юм[4].
Мөн тэрээр хүн төрлөхтний танин мэдэхүйн түүхэнд эргэлт гаргасан суут Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” бүтээлийг хэвлэгдэн гарсан 1781 оноос хойш 243 жилийн дараа анх удаа Монгол хэлнээ хөрвүүлэн гаргав. Энэхүү суут бүтээл бол хүний танин мэдэхүйн онол, арга зүйг болон хүний бий болгосон ертөнцийн арга зүйг цоо шинээр, цогцоор нь боловсруулж нээн гаргасан алдарт бүтээл юм[5].
Туурвисан бүтээлүүдийн жагсаалт
засварлахНэг. Онолын болон судалгааны чанартай бүтээлүүд
1. Сансрын хамтарсан нислэг түүхийн хуудаснаа /Улаанбаатар хот 2014 он 451 хуудас/
2. Итгэл сэтгэлээр жигүүрлэсэн амьдрал мину /Улаанбаатар хот 2016 он 787 хуудас/
3. Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ /Улаанбаатар хот 2015 он/
4. Монголын соёл иргэншлийн хөгжлийн нийгэм-түүнийн бодит үндэслэлүүд /Улаанбаатар хот 2015 он/
5. Шилжилтийн нийгэм: Шинэтгэл, соёл иргэншлийн асуудалууд /Улаанбаатар хот 2012 он/
6. Бодол ухаарал- 5дах хэвлэл /Улаанбаатар хот 2019 он/
7. Эрхүү, Эрээнд ажилласнаа эргэн дурсахуй /Улаанбаатар хот 2015 он/
8. Монгол улсын төр, цэргийн зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамба-1 /Улаанбаатар хот 2009 он/
9. Алтан аргамж /Улаанбаатар хот 2011 он/
10. Нийгмийн шинэчлэл: социал бүтэц, социал соёлын төлөвшил (онол арга зүйн асуудал) /Улаанбаатар хот 2012 он/
11. Гегелийн "Логикийн шинжлэх ухаан" суут бүтээлийн тухайд /Улаанбаатар хот 2018 он/
12. Монгольский мир: методы исследования /Москва-Уланбатор 2014/
13. Халиун нутгийн дуулал
14. Монголчуудын мэдэх Эрээн /Улаанбаатар хот 2011 он/
15. Эрдмийн гэгээн өргөө Шихихутуг /Улаанбаатар хот 2011 он/
16. Эрдэмтэн, профессор, багш, судлаачдын оюуны хөдөлмөрийн үнэлэмжийн асуудалд
17. Сүүлийн 25 жил Монголын түүхийн хувьд "хар толбо" болсон үе
18.Улс төрийн бодлогын даац - 1998.12.10
19. Нүглийн бүү зувчуул - Өдрийн сонин.2002.12.04
20. Өнөө үеийнхний сайн сайхны төлөө - 2002.09.05
21. Иргэний зовинол - 1991 он
22. Иргэний урам - 1991 он
23. Цаг үе, үйл явдал, үзэл бодол, эмзэглэл - 1991 он
24. Унаган нутгийнхаа сэхээтнүүдийнхээ ухааныг ашиглан төрөлх нутгаа хөгжүүлье
25. Америкаас Ирак айв уу? "Ардын эрх" айв уу?
26. Хямралын шалтаг шалтгаан
27. Хямрал зэвсэгт мөргөлдөөнд дөхөв
28. Хямрал тайван замаар намжих төлөвөө олов
29.Энэ удаагийн хямралын төгсгөлийн дүр зураг - "Хөх толбо" сонин 1997.12
30. Ш. Отгонбилэг "Зууны луйвар" мөн үү? Монголд 20 зуунд гарсан хоёр том луйварын тухайд - "Хөх толбо" сонин 2000
31. М. С. Горбачёв: Коммунизмыг устгах нь миний амьдралын зорилго байлаа - "Советская Россия" 2000.09.13
32. Алсын бодлого, амьдрах арга - "Халиунчуудын амьдрал" сонин 2006.12.04
Хоёр. Хүмүүн судлалын бүтээлүүд
1. Монголын их хүү Лодонгийн Түдэв
2. Жадамбаа Генерал
3. Равжаа хурандаа
4. Жалайр овгийн Билэгтийн Банзрагч
5. Үе дамжсан тоочин
6. Эрдэнэдалайнхан: Холч ухаан
7. Төрд зүтгэх заяа
8. Халиунаас Дубна руу цойлсон од
9. Сэтгэлийнхээ сайханд шатаж яваа хүн
10. Энэбиш гуайдаа мөргөмүү
Гурав. Шог хошин бүтээлүүд
1. Би авлигач болчихжээ /ёгтлол/ -"Ардын эрх" сонин 2005.04.25
2. Хувьсгал /шог үзэгдэл/ - "Үнэн" сонин 1996.02.26
3. Зочин хуц /ёгтлол/ - "Өнөөдөр" сонин 1999.12.04
4. Сохор элээ /шог өгүүллэг/ - "Үнэн сонин" 1996.02.16
5. Ээ гялай өвөө минь буудуулчхаж /шог өгүүллэг/ - "Зууны мэдээ" сонин 1999.01.21
6. Хүзүүгүй хүн - "Үнэн" сонин 1994.04.22
7. Онгон авгай /хог яриа/ - "Weekend" сонин
8. Нохойн хов /өгүүллэг/- "Өнөөдөр" сонин 2003.11.14
9. Хөшөөний хөөрөлдөөн- "Үнэн" сонин 1999.11.18
10. Араг яс - "Үнэн" сонин 1994 он
11. Ухнын хөндий цээж - "Үнэн" сонин 1994 он
12. Эзнээ идсэн нохой
13. Банхарын зовлон /ёгтлол/ - 1998.06.30
14. Хүү эрлэг /памфлет/ - 1998.07.02
15. Давхар хаалга -2000.08.30
16. Сүүжиндээ гартай хүн /ёгтлол/ -Эрээн хот 2002он
17. Цоорхой толгой /ёгт яриа/ -Эрээн хот 2002.10.26
18. Маргаашаа маргааш /домог өгүүлэл/
19. Орсон буур /ёгтлол/
20. Сэтэртэй эхнэр /ёгтлол/- Эрээн хот 2001 он
Дөрөв. Эрээвэр хураавар түүх, элдэв бодомж, эргэцүүлэл
1. Хүйн холбоо – 2000 он
2. Ач хариулна гэдэг -Хөх хот 2004
3. Бодлоо цэгцэлж сур
4. Буян заяагаа барах гэж бүү яар- Хөх хот 2004 он
5. Зорилготой амьдрах сайхан
6. Хойч үеийнхээ төлөө гэж...-1990
7. Монголчуудын ёр хир ийм л байгаа юм. 2003 он
8. Нүглийн тэвчихийн учир-Эрээн хот 2004 он
9. Нүдний засаг нүгэл болов Хөх хот 2004 он
10. Бохир хүн -Эрээн хот 2004 он
11. Өөрийгөө хэт хайрлах өвчин-Хөх хот 2004 он
12. Аллага таллагад дасах нь байна шүү 2004 он
13. Хүний үйлс өөдөлж, уруудахын учир-Эрээн хот 2004 он
14. Хүнийг танихын учир 2005 он
Тав. Орчуулгын томоохон бүтээлүүд
1. Сувдан сондор (Дэлхийн 1100 гаруй сод ухаантнуудын сэц үг) 2005 он
2. Их Британий эрх зүй болон эрх зүйн тогтолцоо А. К. Романов 2016 он
3. Зөвлөлт, АНУ-ын тусгай албадын нууц дайн И. Г. Атаманенко 2013 он
4. Георг Вильхэлм Фридрих Гегель “Логикийн шинжлэх ухаан” 3 боть 2020-2021 он
5. Иммануил Кант “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” 2024 он
Зургаа. Намын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллах хугацаандаа буюу 1978-1988 онд тухайн үеийн улс орны хөгжил, үзэл суртал, онолын асуудлаар нийтдээ 30 гаруй судалгааны бүтээл туурвисан байна.
Мөн тэр үед НТХ-ны баримт бичгийн эх зохиогч байхдаа нийтдээ 3000 гаруй хуудас бүхий 100 гаруй илтгэл, 400 гаруй хэлэх үгийг орос хэлээр бэлтгэсэн байна.
Туурвисан хөгжмийн бүтээлүүд
засварлах- Хараа гол - Үг С.Маам, Ая Ч.Даваадаш /Улаанбаатар хот. 1963.04.04/
- Хүлгийн сайнд нь унасан юм - Үг Ц.Сүхбаатар, Ая Ч.Даваадаш /Улаанбаатар хот. 1693.04.09/
- Хорвоо минь - Шүлэг Ч.Даваадаш, Ая Н.Жанцанноров[6] /Улаанбаатар хот. 2020.09/
Хорвоо минь /Шүлэг/
Хүйтэн хүжтэй хорвоодоо
Хүрэх ирэхийн заяатай
Хүний хүүгийн тавилан чинь
Хүсэлдээ жигүүрлэх ерөөлтэй
Өнчин зүрхийг минь дэвтээсэн
Өр зөөлөн хорвоо минь
Өөлж баалахын аргагүй
Өмөг түшиг түмэн минь
Олзтой омогтой хорвоодоо
Олонтой цөөнтэй явлаа даа
Оломгүй оосоргүй орчлондоо
Онож алдахын учралтай
Өнчин зүрхийг минь дэвтээсэн
Өр зөөлөн хорвоо минь
Өөлж баалахын аргагүй
Өмөг түшиг түмэн минь
Өгөөтэй аваатай хорвоодоо
Өвлөх ганцхан нэртэйдээ
Өгсөх уруудахын харгуйдаа
Өнөд орших даллагатай
Өнчин зүрхийг минь дэвтээсэн
Өр зөөлөн хорвоо минь
Өөлж баалахын аргагүй
Өмөг түшиг түмэн минь
Эх сурвалж
засварлах- ↑ Чоёг, Даваадаш. Бодол, Ухаарал (4th ed.). Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо принтинг.
- ↑ Чоёг, Даваадаш (2016). Итгэл сэтгэлээр жигүүрлэсэн амьдрал мину (First edtion ed.). Улаанбаатар, Монгол Улс: Соёмбо принтинг. p. 787. ISBN 978-99962-75-40-1.
- ↑ Чоёг, Даваадаш (2015). Эрхүү, Эрээнд ажилласнаа эргэн дурсахуй (First edition ed.). Улаанбатар, Монгол Улс: Соёмбо принтинг. p. 116. ISBN 978-99973-78-23-1.
{{cite book}}
:|edition=
has extra text (help) - ↑ Чоёг, Даваадаш (9/2/2021). "Гегелийн "Логикийн шинжлэх ухаан" ном Монгол хэлнээ орчуулагджээ".
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Чоёг, Даваадаш (4/26/2024). "Кантын "Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй"".
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Нацагийн, Жанцанноров. https://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%B0%D1%86%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%96%D0%B0%D0%BD%D1%86%D0%B0%D0%BD%D0%BD%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2.
{{cite web}}
: Missing or empty|title=
(help)